Найрамдал бол улс төрөөс хол хөндий юм

Ойн хүрээнд хийсэн ажил болон байгууллагынх нь сонин сайхныг хуваалцахаар тус нийгэмлэгийн дэд тэргүүн Д.Цогзолмаатай уулзлаа. Түүний энгэрт Монгол Улсын Гавъяат багшийн шинэхэн тэмдэг гялалзаж байв.

-Монгол- Оросын найрамдлын нийгэмлэгийн түү¬хэн замналаас та манай уншигчдад хуваалцахгүй юу?

-1947 онд Шатрын клуб-т нэгдэж байсан Монголын шилдэг тэргүүний сэхээтнүүд манай нийгэмлэгийг байгуулсан түүхтэй. Өнгөрсөн нэгэн жарны хугацаанд Монгол- Зөвлөлтийн найрамдал, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай нийгэмлэг үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ийм ч учраас Монгол, Зөвлөлт хоёр улсын Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Улс түмний найрамдлын одонгоор шагнуулж байсан. Монголын төрөөс Оросын ард түмэнтэй найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар явуулж байгаа бодлогыг олон түмэнд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь бидний гол зорилго.

Бид туулсан түүх, ирээдүйн бэлгэ дэмбэрлийг бодож байгууллагынхаа 60 жилийн ойн үеэр шатрын тэмцээн зохион байгууллаа.

-Ойдоо зориулж өөр ямар ажлууд хийж байна вэ?

-Хүүхэд залуучуудыг найрамдлын үзэл санаагаар хүмүүжүүлэх, тэдэнд Монгол, Оросын ард түмний найрамдлын үр шимийг таниулах зорилгоор 4 төрлийн уралдаан зарласан. Түүнчлэн жил тутам зохион байгуулдаг уламжлалт Сэтгэлд хоногшсон орос дуу уралдааныг явууллаа. Энэ жил орон нутгаас олон хүүхэд оролцож, урьд урьд жилүүдээс өргөн бүрэлдэхүүнтэй болсон. Түрүүн дурдсан тэмцээн уралдаануудад түрүүлсэн хүүхдүүд ОХУ-д болох Найрамдлын соёлын өдрүүд-д оролцох эрхийн бичгээр шагнуулсан.

-Танай нийгэмлэгт хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан нэлээд хэдэн улсуудын холбоод нэгдэн ажилладаг юм байна. Тэднээс гадна өөр ямар байгууллагууд нэгддэг вэ?

-Эвлэл гэдэг маань малгай байгууллага. Манай эвлэлийн доор хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Бүгд найрамдах улсуудтай найрамдах нийгэмлэгүүд байгаа. Дээр нь Монголын Орос хэл, уран зохиолын багш нарын холбоо, Монголын дайчин нөхөрлөлийн холбоо байдаг.

Манай байгууллага орос хэлийг түгээн дэлгэрүүлэх талаар анхнаасаа идэвхийлэн ажиллаж эхэлсэн. Тиймээс манай нийгэмлэгийн бүрэлдэхүүнд ОХУ-д сургууль төгсөгчдийн холбоо нэгдэж ажилладаг. Энэ байгууллагын шугамаар ОХУ-д сургууль төгссөн хүмүүст магистрын зэргийг шууд олгуулж байгаа. Одоогоор 500 гаруй хүн магистрийн зэргээ аваад байна. Энэ нь тухайн хүндээ албан тушаалд дэвших, багшлах зэрэгт ач тусаа өгч байгаад төгсөгчид маань талархалтай байдаг.

Түүнээс гадна ОХУ-д сургууль төгссөн хүмүүсийн ач, зээ нараас жилдээ 10 хүүхдийг ОХУ-ын зардлаар тус улсын дээд сургуульд хамруулдаг юм. Энэ шугамаар 50 гаруй хүүхэд яваад байна. Түрүүч нь төгсөөд ирсэн. Мөн доктор, аспирантурын сургалтад ч тодорхой тооны хүмүүсийг явуулж байна. Хуучин манай нийгэмлэгийн ажилд дарга нар их оролцдог, тэдний үгээр асуудал шийддэг байлаа. Харин одоо хийж байгаа ажил маань хүнд өгөөжтэй, ойр дөт болсон гэдгийг хэлэхийг хүсч байна.

-Нээрэн ч танай Нийгэмлэгийг намын дэргэдэх байгууллага гэж нэг хэсэг нь ойлгодог байсан байх?

-Байгуулагдсан цагаасаа хойш МАХН-ын туслагч байдалтай үйл ажиллагаа явуулж байсан. Хийж байгаа ажлууд нь өргөн далайцтай, олон хүнийг хамарсан, сүр дуулиантай, улс төржсөн байдалтай байв. Тухайлбал Монгол-Зөвлөлтийн найрамдлын сарыг л гэхэд 1952 оноос тэмдэглэдэг болсон. Сарын ажлын хүрээнд хийх ажлыг МАХН-ын Улс төрийн товчооны тогтоол гарч баталдаг байлаа. Нийгэмлэгийн удирдлагад Намын төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн. Товчооны гишүүд байдаг байв. Ер нь ганц манайх биш бүхий л төрийн бус байгууллагууд тийм л байсан.

Харин найрамдал гэдэг бол улс төрөөс хол хөндий асуудал юм. Хөрш зэргэлдээ олон зуун жил оршин тогтносон хоёр ард түмний зүрх сэтгэлийн холбоо юм. Төрийн бодлого ямар байхаас шалгаалахгүйгээр энэ холбоо үүрд мөнх байдаг.

1700 оноос эхлээд Монгол, Оросын хил орчмын улсууд Эв модны наадам гэж сайхан наадам зохион байгуулдаг байжээ.

Намар цагт ургацаа хураачихаад хоёр талаасаа элбэг дэлбэг уулзаж, эв модоо нийлүүлж наадам хийдэг байв. Үүнийг 1988 оноос дахиж сэргээлээ. Ардчиллын эхний үед Монгол, Оросын найрамдлын асуудлыг буруугаар ойлгох, оросуудад эвгүй хандах, цэргийн ангиудыг хөөх асуудал гарсан. Гэтэл өнөөдөр ард түмний найрамдлын үзэл санаа бүдгэрээгүй, төр засгийн бодлогоос хамаарахгүйгээр жирийн хүмүсийн холбоо үүрд мөнх байна.

(Yг сонин 14)

Б.СҮРЭН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button