Хоолны үйлчилгээг тендерийн журмаар шийдвэрлэнэ
Нэг ээлжинд 260 хүн эмнэлгийн тусламж авч, арван хүн 1-3 өдөр хөдөлмөрийн чадвар алдсан тухай урьд нь хэвлэлүүдээр мэдээлж байсан юм. Одоогоор Монгол катеринг компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.Дээрх хоолны асуудлаар энэ сарын 16-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Наранхүү, орлогч захирлууд, үйлдвэрийн цех, хэлтсүүдийн дарга нар болон үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид зөвлөлдөж санал бодлоо солилцлоо.
Зөвлөлгөөнд оролцогчид ажилчдад халуун хоолоор үйлчилдэг Монгол катеринг компанид хариуцлага тооцох, гурван сарын дотор шинэ тендер бэлтгэн зарлаж, дараагийн үйл ажиллагаа явуулах компаниудыг сонготол ажилчдад хоолны мөнгийг цалин дээр нь олгож байх, халуун хоолоор үйлчилдэг нэгэнт тогтсон төвшингээсээ татгалзахгүй байх, хяналт шалгалтыг сайжруулах зэрэг саналыг гаргасан байна.
Дээрх саналуудыг үндэслэн Монгол катеринг компанийн захиргаанд үйлдвэрийн ерөнхий захирал Х.Наранхүүгээс албан тоот илгээж, үйлчилгээний эрүүл ахуйн норм зөрчигдөн олон хүн хоолны хордлого авсан нь гэрээг цуцлах нөхцөл болж буйг мэдэгдэж, үйлдвэрийн ажиллагсдад халуун хоолоор үйлчлэх компанийг шалгаруулах шинэ тендер зарлах болсноо мэдэгдсэн байна.