Сенатор Кеннеди ба живсэн бүсгүй

Кеннедийн гэр бүлийнхэн ямар нэгэн хэл аманд өртөх юм уу эмгэнэлт явдалтай холбогддогийг өдгөө бүгд мэдэх болжээ. Эдвард Кеннеди ч гэсэн энэ зовлонг биеэрээ мэдэрсэн нэгэн.

1969 оны долдугаар сарын 18-ны үдэш Чаппакуиддик арлын Лоуренс нэртэй байшинд үдэшлэгийг зохион байгуулагч болох 37 настай Эдвард Кеннедигээс гадна таван эр, зургаан бүсгүй байжээ. Тэд бол жилийн өмнө Лос-Анжелес хотноо алуулсан Роберт Кеннедийн Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх сурталчилгааны ажилд оролцож байсан багийнхан аж. Тэдний штабыг уурын зуух, харин бүсгүйчүүдийг нь уурын зуух¬ны хүүхнүүд гэдэг байлаа. Гар, сэтгэл нийлсэн, туршлагатай багийнхан энэ удаа талийгаачийн дүү Эдвард Кеннедид туслахаар цугласан байна. Гэвч 1969 оны долдугаар сарын 18-ны үдэшлэг эмгэнэлтэйгээр төгссөн юм.

Ирсэн зочид бүгд л баяр хөөртэй, инээд хөөрөөр цалгиж байлаа. Шөнийн нэг цаг хүртэл хөгжим хан¬гинаж, тэд дуулж, хуурдан инээлдэж наргижээ. Найрлагсдыг ид хөгжилдөх хооронд цагийн зүү 23.15 заахын үед Эдвард Кеннеди, Жо Копечне бүсгүйн хамт гадагшаа гарав. Жолооч нь шал согтуу байсан учраас Тэдди /Эдвардыг ийн хочилдог байжээ/ Олдсмобиль машиныхаа жолооны ард өөрөө суулаа. Ингэхэд сенатор бүсгүй хоёр хаашаа явах нь энэ вэ?

Чаппакуиддик болон түүнээс арай том Мартас-Виньярд арлуудын хооронд явдаг байсан ачааны усан онгоцонд Мэри Жог хүргэж өгөх гэсэн юм хэмээн хожим нь Кеннеди мэдэгдсэн байна. Гэтэл Мэри Жо тухайн үед гар цүнхээ ч аваагүйгээр үл барам зочид буудлын нэг өрөөнд байрлаж байсан Эстер Ньюбергээс өрөөнийхөө түлхүүрийг ч гуйж аваагүй байжээ. Түүнээс үзвэл Кеннеди, Жо хоёр эргийн элсэн дээр очиж цэнгэхээр төлөвлөсөн бололтой.

Шөнө 00.40 цагийн үед орон нутгийн цагдаагийн газрын даргын туслах Кристофер Лук найр болж байсан газраас хол¬гүйхэн явж өнгөрсөн байна. Түүний хажуугаар L7 дугаараар эхлэж мөн 7-оор төгссөн нэгэн суудлын том хар машин өнгөрчээ. Тэр машин эхлээд шороон зам руу эргэснээ, гэнэт буцан эргэж Чаппакуиддикаас Пауча-Понд гүүр ордог Дайкроуд замаар явжээ. Жолооч нь, Лукагийн унаж явсан цагдаагийн машиныг харчихсан тул түүнийг зогсоож магадгүй гэж айсан бололтой.

Хэдийгээр тухайн үед түүнийг Мэри Жо, Эдвард Кеннеди хоёрын унаж явсан машин мөн биш гэлцэж байсан ч тэр нь маргаангүй сенаторынх байв. Машин Пауч-Пондын нарийн гүүрээр гарч чадалгүй түргэн урсгалт гол руу онхолдон унажээ.

Мэри Жог олохын тулд шөнийн харанхуйд цүнхээл ус руу хэд хэдэн удаа шумбан орсон ч юу ч олоогүй гэж сенатор Кеннеди хожим нь өчнөөн удаа батлан хэл¬сэн. Үнэхээр ч золгүй явдал шүү, тийм ээ?

Гэвч асуултын хариу үүгээр дууссангүй. Та өөрийгөө ийм нөхцөлд орчихлоо гэж төсөөлөөд үз дээ? Хажууханд чинь хүн үхэж байхад та түүнийг аврах чадалгүй байдаг. Ядаж ойр хавийн хэн нэгнээс тусламж дуудах сан.

Гэвч Эдвард Кеннеди голын уснаас гарч ирмэгцээ шуудхан л явсан байна Гэхдээ хаашаа гээч? Дохиоллын системтэй төмөр замын станц руу юу? Ойрхон харагдах гэрэлтэй байшингууд руу юу? огт үгүй.

Тэрээр найз нөхдийнхөө найрлаж суугаа байшин руу буцжээ. Шалбайтлаа норсон хувцастай, архи нь гарч, овоо эрүүл ухаантай болсон тэрбээр тэнд очуутаа хамаатан болох хуульч Жо Гарган, дотны найз, өмгөөлөгч Поль Маркем хоёрыг дууджээ. Гур¬вуулаа хэнд ч юу ч хэлэлгүйгээр гүүр явцгаалаа. Ингэд гурвуулаа ээлжлэн ус руу шумбаж эхлэв. Энэ хугацаанд Мэри Жогийн амьсгал хураасан гэдэг нь хэнд ч ойлгомжтой болсон байна.

Кеннедиг цагдаагийн газарт яаралтай мэдэгдээд, өмгөөлөгч¬тэйгээ холбоо барихыг хуульч нөхөд нь зөвлөв. Сенатор үүлгэртэн дүйнгэ царайлж, тэдний хэлсэн ярьсанд тодорхой хариу хэлсэнгүй. Тэрээр яагаад ч юм Эд¬гартаун хот орохын тулд хоолойг сэлж гарахаар шийджээ. Нөгөө эрэг дээр гараад Шайртаун Инн зочид буудалд очин хувцсаа солиод хэвтэж амрав. Дараа нь өрөөнөөсөө гарч зочид буудлын менежертэй тааралдмагцаа хэдэн цаг болж байгааг асуухад тэрээр хариуд нь 2.25 гэж хариулсан байна. Энэ үеэр сенатор юу ч болоогүй юм шиг маш тайван байсан гэх.

Өглөө болов. 8.00 цагт Эдгартаун хотын цагдаагийн газрын дарга Доминик Эрин загасчдын олсон хар олдсмобиль машины живсэн газар болох Пауч-Пондын гүүрэн дээр ирэв. Машины дугаарыг харуут бүгд сандрав. L78 207 дугаартай энэ машин хэн бүхний сайн танил улс төрч Эдвард Кеннедигийнх гэдгийг мэдэх цагдаагийн даргын тархинд Сенатор, ах нартайгаа адил алуулжээ гэсэн аймшигт бодол гялсхийн орж иржээ. Гэвч машинаас сенаторыг биш нэгэн бүсгүйн цогцсыг гаргаж ирсэн нь түүний гайхшралыг төрүүлжээ.

Энэ хооронд Гарган, Маркем хоёр Шайртаун Инн зочид буудалд Кеннедитэй уулзахаар очиход тэрбээр сахлаа хусч, цэвэр цэмцгэр болчихсон, гаднаас нь харахад юу ч болоогүй юм шиг тайван байх нь тэр ээ. Өглөөний 9.00 цаг болж байлаа. Кеннеди, болсон явдлын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүйг дуулсан тэр хоёр машид гайхаж, тэдний дунд бяцхан маргаан ч өрнөөд авч. Сенатор олны хөлнөөс зайдуу намуухан газар олж, Вашингтон дахь албан контор болон өмгөөлөгч рүүгээ утсаар ярихыг санал болгов. Ингээд гурвуулаа дамжлага онгоцоор Чаппакуиддикт очоод Кеннеди ч тэр даруйдаа усан зогсоолын дэргэд байх утсаар ярьж эхэлсэн байна. Тэгтэл усан зогсоол дээр цагдаагийн машинууд байхыг анзаарсан Жо Гарган бүх юм олон нийтэд тодорхой болсныг мэджээ. Тэгмэгц л Кеннеди цагдаагийн газар руу очсон байна.

Эдвард Кеннеди өглөөний 10.00 цагт (эмгэнэлт явдал болсноос хойш бүтэн 10 цагийн дараа) цагдаагийн газар очин, живсэн машиныг жолоодож явснаа батлажээ. Хэдийгээр Маркем болсон явдлын гэм бурууг аль болох найзаасаа холдуулахыг хичээж байсан ч аль ч талаас нь аваад үзсэн сенатор золгүй явдал болсон талаар цагдаад мэдэгдээгүй нь дэндүү ойлгомжтой байлаа.

Ийм том дуулиант хэрэгт Кеннедигийн гэр бүлийн гишүүн холбогдсонд санаа нь зовсон цагдаагийн албаны дарга, хэдийгээр асууж тодруулах зүйл байсан боловч сенаторыг гэр рүү нь явуулсан байна. Харин болсон явдлын сургаар гадаа нь цуглачихаад хүлээж байсан сэтгүүлчдээс бултах арга ноён Кеннедид үнэ¬хээр олдсонгүй. Чөлөөт сэтгүүлчид болсон хойно зарим зүйлийг тодруулж гэр бүлтэй сенатч хүн бүсгүйг хашаа авч явсан, өөрөө үнэхээр согтуу байсан уу, яагаад аврагч нарыг дуудаагүй юм бэ, хамт явсан хүн нь нас барчихаад байхад бүтэн 10 цаг юу хийж байсан? зэрэг олон асуултын хариуг авахаар түүнийг бүчжээ. Харин сенатч тэдний асуултуудад тодорхой хариу өгөөгүй тул олны дунд болсон явдлын талаар янз бүрийн цуу таамаг түймэр шиг л дэгджээ. Сенсаац дэгдээсэн зарим хувилбараар бол Кеннеди гэр бүлийнхээ ариун тангаргийг хөсөр хаяж залуу бүсгүйтэй явалдах гэж байсан. Тэрээр шал согтуу байсан учраас машинаа жолоодож чадалгүй гол руу унагасан. Тэдди айж тэвдсэндээ бүтэн арван цагийн турш Жо Гарганыг бүх хариуцлагыг өөр дээрээ авахыг ятгасан. Зарим сонин сэтгүүл ер нь Кеннеди бүсгүйг аврах гэж оролдсон юм уу хэмээн эргэлзэж байлаа. Бүр тэр талаар туршилт хүртэл хийж үзэцгээжээ. Тогтмол бэлтгэл хийдэг нэгэн залуу сэтгүүлч, устай шуудуунд орж ширүүн урсгалд нь арайхийж л хэсэгхэн тогтож чадсан байна. Тэгвэл махлаг биетэй, согтуу, гадуур хувцастайгаа байсан сенатор Кеннеди ингэж тогтож чадах байсан болов уу даа.

Тэддиг аврахын тулд Кеннедийнхэн гэр бүл, ах дүүсээрээ мэрийжээ. Тэдний хүчинд дулдуйдан байж л энэхүү хүнд байдлаас Тэдди харьцангүй гайгүй мултарчээ. Талийгч Мэри Жог золгүй тохиолдол болсон гэж үзээд задлан ч хийлгүй яаралтай оршуулжээ. Эдвард Кеннеди түүний оршуулгын ажиллагаанд оролцож, эмгэнэлээ илэрхийлснээр энэ түүхийг төгсгөжээ. Гэвч хүнч нинжин сэтгэл гаргаагүйнхээ төлөө Эдвард Кеннеди хэзээ нэгэн цагт АНУ-ын Ерөнхийлөгч болох бүх боломжоо алдчихсан билээ.

(Yг сонин 14)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button