Амдаж Хөгжихүй
Зэр зэвсгээрээ Америк давуу гэдэг нь анх удаа цөмийн бөмбөг хийж Японы хоёр хотыг үнс чандруу болгосон явдлаар үг дуугүй нотлогдож байсан. Тэгээд л Зөвлөлтийн ард түмэн бид хоцорч байгаа ард түмэн юм байна, тэднийг гүйцээд зогсохгүй түрүүлэхийн төлөө чармайх ёстой гэсэн бодлыг чин үнэнээсээ тээж явдаг болсон билээ. Тэр бодол нь дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүнд буй болсон социалист чиг баримжаатай лагерийнханд, тэдгээр орны удирдагчдад шууд л шилжин хоногшсон болой.
Гүйцэж түрүүлэх гэж байгаагий нь сонсож мэдсэн капиталист лагерь гүйцэгдэхгүйн төлөө чармайх болов.
Юуны урьд цөмийн зэвсгээ улам боловсронгуй болгох бодлого барьж зүтгэсээр цөмийн бөмбөгнээсдавуутай устөрөгчийн бөмбөг дараа нь нейтроны бөмбөг гэхчилэн шинэ шинэ хэлбэр, хүчин чадал бүхий зэвсэг бүтээв. Тэгээд зогссонгүй түүнийгээ алсын зайнд хүргэх арга зам хайж далавчит, залуурт пуужингууд, дуунаас хурдан нисэх онгоц бүтээх болов. Зөвлөлт улс тэргүүтэй социалист лагерийнхан ч гэсэн тэднийг гүйцэж түрүүлэх эрмэлзэлтэйгээр нөөц бололцоогоо шавхахаас аргагүй гэсэн үзэлд автагдсан аж. Угаасаа хур баян, тэгээд ч дайны хөлд нэг их сүйдээгүй (АНУ бол ер нь нутаг дээрээ дайтаагүй) өрнөдийнхөн маш хурдан тэнхэрч Франц хүртэл цөмийн зэвсэгтэй болов. Гэхдээ ард түмнийхээ аж амьдралыг өөд нь татаж эд барааныхаа чанар, үзэмж, хүрэлцээг байнга дээшлүүлсээр байлаа. Харин дэлхийн дайнд ялагчаар тодорсон зөвлөлт болон түүний түншүүд (хөрөнгөтнүүд дагуулууд гэдэг байв) нэгэнт холдоод явчихсан импералистүүдийн хойноос хамаг хүчээ шавхан гүйцэх бас түрүүлэхийн тулд тэмүүлцгээсэн. Тэгтэл дайнд ялагдаад хоёр, хоёр хуваагдчихсан Баруун зүүн Герман, Өмнөд, Хойт Солонгос заяа тавилан адилхан мөртлөө хувь хүртэх нь ялгаран ялгарсаар нэг л мэдсэн баруун нь эре хурдан сэхэж, өмнөд нь хойтохоо хол хаяж эхэлсэн. Үүнд араасаа хөөж яваа ялагсдад гүйцэгдэхгүйн тулд хөрөнгөтнүүд хөрөнгөөр угжих тусгай бодлого явуулсан нь эцсийн дүнд хэн хэнийг дагаваас хэрхэхийг үзүүлэх гэсэн нэг ёсны үзэл суртлын дайн байсан хэрэг. Гүйцэж түрүүлэх санаатайг нь мэдсэн сөрөг тал хөлгийнхөө хурдыг хэдүйд ямар аргаар нэмэхээ бодож боловсруулчихсан нь хөлдөө чирэх гэдэг монгол ойлголттой тун ижил утгатай байсан хэрэг. Хамагхүч хөрөнгөө шавхаж шавхаж өнөөх зэр зэвсгээр паритет гэдэг тэнцүү байдалд хүрэв үү үгүй юу зэвсэглэл хураах хөдөлгөөнийг өрнүүлж дэлхийн олон улсын төрийн тэргүүнүүдийг Хельсин зэрэг энхийн төлөө үзэл санааг дэмждэг гэгдсэн газруудад өндэр дээд хэмжээний уулзалт, хурлууд зохион байгуулан урьж зэвегийг хураах уриалгыг дэлхий дахинд тунхаглан зарлаж төрийн тэргүүнүүдийн гарын үегийг зуруулснаар өнөөх зовж явж хүрсэн паритет тэнцвэрийг утгагүй болгож, талх, тариа, хувцас, хунар болоод ард түмэнд очих ёстой байсан хайран мөнгө хөрөнгөөрөө бүтээж, одоо бол хэнд ч хэрэггүй санагдах зэр зэвсэг, далавчтай, далавчгүй пуужингуудаа цоо шинээр нь хөрөөдж хэмхчин хаяхаас өөр замгүй болтол нь буланд шахсан түүхэн жүжиг оргилдоо хүрч зангилгаа нь сулран унасан цаг саяхан.
Гүйцэж түрүүлэх гэдэг эрэлхэг уриа дуудлага ийнхүү эсрэг этгээдээ гүйцэдгийн даваан дээр төсөөлөгдөж байгаагүй их хямралын эгц огцом эрэгтэй тулгарч ганц нэгээрээ биш бүүр бүхэл бүтэн лагераараа мориноосоо унахад хүрсэн билээ. Гүйцэхээр хөөсөн айлын морь эцэхэд, гүйцэгдэхгүйг чармайсан айлын ганзгалаа лай болж, яаж түүнийгээ ашиггүй хаях билээ гэхээс яс хавтайхдаа хүнийг олноор устгах зэвсэг хураах хөдөлгөөн өрнөж байхад хүнийг үй олноороо устгах зэвеэглэлээр хөөцөлдөж байна гэж хэн нэгнийг, тэгэхдээ ашиг унагаж болохоор нэгнийг гүтгээд ч билээ дайнд татан оруулж тун ч гайхмаар аргаар зэвегийнхээ зоорийг чөлөөлөх түүхэн залилан хийсэн тохиолдлыг өнөөгийн хүн төрөлхтөн нүдээр үзсэн ч амаа хамхин суухаас аргагүйдсэн ийм нэгэн эрин үед бид аж төрцгөөж байна.
Гүйцэх түрүүлэх гэдэг орчилд орохдоо Монголчууд бид бас ч өвөрмөц зам сонгон авсан гэлтэй. Хойт хөрш маань гүйцэж түрүүлэх андгай тавьж байхад манайхан, ахмад үе маань тэмээгээр морийг гүйцэшгүй гэдгийг мэддэг болох тул гүйцэшгүй юмтай хөөцөлдөхөөс зүрхшээж алгаслаж зэрэгцэх ухаан сийлсэн нь бас нэгэн түүхэн парадокс буюу гажигтай санаа болон үлдсэн юм. Гажигтай хүн л бодож болох бүхэл бүтэн хөрөнгөт нийгмийн тогтолцоог алгасах санашгүй зүйл боловч тэр үед хувьсгал өөрчлөлтийн сартвахи их багш гэгдсэн Ленин өөгшүүлэн давирч өгсөн нь бараг л монголчуудын далан жилийн түүхэн тэр аяны маани мэгзэм нь болсон билээ. Капитализмыг алгасан социализм байгуулах гэж дөвчигнөсөн мэтээр сүүлийн үеийн нялхас муулах үг хаялаж байгаа хэдий ч түүхэнд байгаагүй ийм том бөгөөд зоригтой үерэлт хийхийг мөрөөдсөнөөрөө хорьдугаар зууны бүх онолчид, мэргэд, зөнч нарыг ардаа орхисон монголчууд хэнбугайд ч дооглогдохоос цэрвэхгүйгээр тэрхүү итгэл үнэмшлээрээ жигүүр хийж чадсан маань манай үеийн бахархал мэн. Монголчууд зөвхөн зөгнөн мөрөөдөөд зогеоогүй түүнээ хэрэгжүүлэхээр чармайсан далан жилийн зүтгэлээрээ бага буурай, хоцрогдсон орон алгасан хөгжих үзэл санаа, түүнийг хэрэгжүүлэх түүхэн туршлагын зохиогч бөгөөд гүйцэтгэгч нь болсон юм гэдгийг түүх болоод түүхчид хүлээн зөвшөөрөх цаг айсуй байна. Манай тэр туршлага, үзэл баримтлалыг дагасан нэг ч улс орон байхгүй мэт боловч урд хөрш маань нэг үе туршин үзэж үерэнгүй хөгжил хэмээн айл өрх бүр ган хайлуулдаг болох гэж оролдсон удаа бий.
Алгасан хөгжих үзэл санаа, оролдлого маань монголчууд бидэнд юу өгсөнийг бодитой байдлаар нь эргэн харцгаая.
Өнгөрсөн зууны хориод оны Монгол орон, монголчууд ямархуу байдалтай байлаа? Илүү итгэлтэй байх магадлалтай тул тэр үед гаднын харь хүний нүдэнд бид ямархан харагдсаныг бичсэн ном, тэмдэглэлээс нь ганц нэгхэн ишлэл авахад л ойлгогдму.
-Арав, арван хоёрдугаар зуун тэдний дунд ноёрхож байна. (С.Ф.Минцлов. Путешествие в Урянхай 1915)
-Одооны монгол бүх талаараа хөгжлийн харьцангуй доод шатанд зогеож байна. (А.Добромыслов. Турды Троицко-Кяхтинского отделения. Том XҮ 1912)
-Зэр зэвсэг нь хуучны төрөл бүрийн хоцрогдсон буунаас бүрдэх бөгөөд нум сум хүртэл багтдаг. (А.Д.Хитрово Труды Троицко-Кяхтинского отделения. Том XIII, 1910)
Арван есдүгээр зууны аравдугаар онд монголд ирсэн гадаадын хүмүүс даруй долоогоос есөн зуунаар хоцорчихсон дүр төрхийг олж харснаа бичиж байсан нь энэ.
Үүнээс ч таагүй байдлаар дүрсэлсэн гэрчийг тэр үеийн сонин, хэвлэлүүдээс олж үзэхэд хэцүү биш байдаг. Гэтэл хэдхэн жил өнгөрмөгц монголчууд мориндоо мордож, түүхийн шинэ аянд гарсан нь дэлхийн чихийг дэлдийлгэсэн гэмээр явдал байлаа. Зөвхөн хувьсгал хийгээд зогссонгүй, хувьсгалынхаа ирээдүйг тодорхойлсон нь итгэмээргүй гажигтай сэтгэлгээ байсан тухай өмнө дурдсан. Монголчууд алгасан хөгжих үзэл санааг дэвшүүлснээ шууд л хэрэгжүүлж эхэлсэн нь бүүр ч гайхалтай.
Тэд уурын тэрэг мэддэггүй үзээгүй, үзсэн нэг нь Төмөр хорхой-гээр айж зугтаадаг байсан атлаа тэрхүү машиныг зохион бүтээж туршиж, сайжруулахаар капитализмын ядаж цөхөж туулсан урт замыг шууд алгасалж Америкийн сүүлийн үеийн Чайндр, Бьюк тэрэгнүүдийг худалдан авч жолоодож сурцгаан автомобилистүүд болцгоосон.
Тэд нисэх онгоц гэдгийг мэддэггүй, айдаг, төмөр шувуу гэж боддог байсан атлаа нисэх онгоц зохион бүтээх урт замыг алгасан шууд л сайн дураараа мөнгө цуглуулан 1924 онд анхны 6 суудалтай онгоцыг засгийн газартаа авч өгөөд улмаар нисэгчид бэлтгэн жигүүрт монгол болцгоосон.
Хэдэн зуунаар хоцорчихжээ гээд байсан монголчууд хэдхэн арван жилийн дотор орчин үеийн техник, технологийн эзэд болцгоож сансарт хүртэл нисч өмнөд хөршөөсөө түрүүлэн цөмийн шинжилгээний Дубна дахь төвд дээгүүр алба хашиж хойт, өмнөд туйлд мөрөө гарган, эрдмээ зузаалж НҮБ-ын индэрээс санал бодлоо хэлдэг, олимпийн дэвжээнд бяр цэцээ гайхуулдаг болсон билээ. Алгасан хөгжих үзэл санаа ийнхүү монгол хүнийг жигүүрлэж, суга дэвшүүлэхэд цэнэг болж өгсөн.
Монгол бол ирээдүй. Тэрээр хувьслын аргалашгүй хүчээр хэзээ нэг цагг Европын өмнө огт өөр дүрээр гарч ирнэ. Тэгэхдээ амьдралд хэнэггүй тоомсоргүй ханддаг мэт харагддаг, урт дээлийнхээ хормойд хэл нь орооцолдсон нүүдэлчний тэр дүрээрээ биш мэдлэгээр зэвсэглэсэн, оюуны бол он бусад хүчин чадлын их нөөцтэй хүний дүрээр гарч ирэх болно гэж хар лам А.Добромыслов 1912 оны намар Монголыг бүх талаараа хөгжлийн харьцангуй доод шатанд байх үед нь нүдээр үзэхдээ зөгнөн хэлсэн ёсоор Монголчууд зуун зууныг арав, арван жилээр товчлон хагас зууны дотор хүн төрөлхтөний жагсаалыг гүйцэж чадсан гэж хэлэх эрхтэй болсон билээ. Энэ бол ламтан Добромысловын мэргэн хэлснээр хувьслын (хувьсгалын биш) аргалашгүй хүчин, алгасан хөгжихийн хазааргүй тэмүүллийн ач юм.
…Одоо бид Юугэар жигүүрлэж явна вэ?. Хүн төрөлхтөний хөгжлийн голдрилд орлоо гэж зарим нэг монгол цэцэрхэж байгаа нь үнэндээ хэзээ нэг цагт их устай асан голын голдрилд хажуугаас нь орлоо гэсэн үг юм. Гол урсдагаараа л урсана. Хажуугаас юу нийлж, юу орох нь падгүй хэрэг. Ямар нэгэн юмтай нийлэн урсах бодол төрүүлэхээс биш эрмэлзэл тэмүүлэл, уриа дуудлага, мөрөөдлийн үнэр үүнд байхгүй. Урсгалыг амдах ч биш сөрөх ч биш даган урсахын далд утга агуулсан ийм томьёолол идэвхгүй зарчмын номлол юм.
Хүн төрөлхтөний тэргүүний хэсэг нь өнөө үед чанар, хэлбэр, агуулгын цоо шинэ маягийн соёл иргэншилд шилжиж байна. Мөнхүү соёл иргэншил нь мэдээлэл (информациология), цахимжил (электронизация) хүмүүншил (гуманизация), орчиншил (экологизация) гарвал зүй (генетика) бионика (байгал зүй) зэрэг шинэ хандлагад тулгуурлаж байна. Ийм нөхцөлд урьдын гүйцэж түрүүлэх, алгасан хөгжих баримтлал үеэ өнгөрөөж амдан хөгжих арга билгийг монголчууд бидэнд заяаж байна. Хойноос нь хөөгөөд гүйцэхгүй, дээгүүр нь үсрээд чац хүрэхгүй юмыг яах вэ? Морьтон ардынхаа эртний уламжлалаас амдан тосох ухааныг авч хэрэглэх цаг болжээ. Тэрхүү үзэл баримтлал ч үр дүнтэй болохыгоо нэгэнт харуулсаар байна.
Арваад жилийн тэртээ Монголчууд Япончуудаас суралцаж Мобиком гэдэг нэрээр мэдээлэл харилцааны шинэ ололтыг эзэгнэх болсон. Одоо гар утасгүйгээр аж төрөх боломжгүй мэт санагдах болтлоо сая гаруй хүн гартаа бариад ахуйд тэр ижилдэн даслаа.
Үнэндээ энэ нь амдан тосч авсан ололт юм. Одоо бид соёл, боловсрол, амьдрал ахуй, үйлдвэрлэлээ цахимжуулах (компьютерчлэх) үйл ажиллагааг өрнүүлж Цахим монгол хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Цаашдаа мал аж ахуй, газар тариалангийн орны хувьд манайх гарвал зүйн (генетика) ухааны ололтуудыг амдан тосч малынхаа үүлдэр угсааг сайжруулах, гүн хөлдөөсөн үрийн банктай болох, байгаль цаг уурын нөлөөлөлд эрсдэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, байгаль орчноо хордпого, бохирдол бусад нөлөөллөөс хамгаалах гэхчлэн амдан тосч хэрэгжүүлэх маш өргөн үйл ажиллагааг төр, засаг, түмэн олны бодлого, мэдлэг, үйл хэрэг болгох шаардлагатай байна.
Амдаж хөгжих ухаанаа үр хүүхэддээ өвлүүлцгээе.
Л. ТҮДЭВ
Дал сонин