Ард нийтийн санал хураалтаар тусгаар тогтнолоо баталгаажуулжээ
Тохиролцооны хоёрдугаарт өгүүлсэн ЗХУ-аас Японы эсрэг дайнд оролцох нөхцлийн нууц гэрээнд Гадаад Монголын (Бүгд Найрамдах Монгол Ард Улсын) статус квог хэвээр хадгалах-аар тогтжээ. Энэхүү нууц тохиролцоог Хятадын талд танилцуулах үүрэг хүлээсэн Америкийн Ерөнхийлөгч Ф.Рузвельт таалал төгссөн тул И.Сталин Хятадын эрх баригчидтай шууд уулзаж өөрийн нөхцлөө тулган хүлээлгэхээр шийджээ. Хятадын Засгийн газрын төлөөлөгчид 1945 оны зургадугаар сарын 30-нд Москвад хүрэлцэн очих үеэр Ялтын хэлэлцээрийн нууц тохиролцоог И.Сталин хятадуудад мэдэгджээ. Гоминдан намынхан Гадаад Монгол нь Хятадын бүрэлдэхүүн хэсэг хэмээн мэдэгдэн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзлаа. Удаан, төвөгтэй яриа хэлэлцээний явцад хоёр тал 1945 оны наймдугаар сарын 14 нд тохиролцоонд хүрчээ.
ЗХУ-ын Гадаад Яамны сайд В.Молотов, Хятадын Гадаад Яамны сайд Ван Шицзе нар Японыг ялагдсаны дараа хэрэв БНМАУ-ын хүн ам тусгаар тогтнох эрмэлзлээ баталбал Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрнө гэсэн нот бичиг солилцжээ.
1945 оны есдүгээр сарын 21-нд БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид БНМАУ-ын тусгаар тогтнолын талаархи асуудлын талаар бүх ард түмний саналыг гаргуулах тухай 76 дугаар тоот тогтоол гаргажээ. Энэ тогтоолоор БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаар санал хураах ажлын бэлтгэлийг 1945 оны аравдугаар сарын 10-20-нд хангуулах, аравдугаар сарын 20-ны өдөр улсын бүх нутаг дэвсгэр дээр нэгэн зэрэг ард түмний саналыг гаргуулах,санал асуулгад сонгуулийн насны бүх иргэдийг оролцуулах, иргэд нутаг дэвс¬гэрийн зарчим, нэрсийн жагсаалтаар саналаа гаргах, санал өгөх байранд хүрэлцэн ирж чадахгүй онцгой нөхцөлд (өтөлж хөгширсөн, өвчин эмгэгтэй г.м) иргэдийн саналыг оршин суугаа газарт очиж авах, иргэдийн саналыг гаргуу¬лахдаа бүрэн сайн дурын үндсэн дээр гүйцэтгүүлэхээр тогтож, энэхүү ажлыг удирдан зохион байгуулах комиссыг баталжээ. Санал хураалтын ажлыг шууд, түргэн шуурхай гүйцэтгэхийн тулд Улсын төв комиссыг байгуулж, комиссын даргад УБХ-ын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, бүрэлдэхүүнд Ч.Сүрэнжав, С.Янжмаа, Б.Ширэндэв, С.Лувсан, Н.Дангаасүрэн, С.Равдан, н.Санжаа, н.Базарсад нарыг томилжээ. Мөн БНМАУ-ын тусгаар тогтносон асуудлын талаар бүх ард түмний санал гаргуулах ажлыг явуулах тухай заавар-ыг батлан гаргасан бөгөөд түүнд сонгуулийн эрх бүхий 18 нас хүрсэн, тус улсын харъяат бүх ард иргэд саналаа гаргах, нэрсийн жагсаалтад орсон иргэд санал гаргах өдөр санал өгөх газар өөрийн биеэр ирж, өөрийн нэрийн дор зөвшөөрөв, татгалзав хэмээх хүснэгтийн нэгэнд гарынхаа үсгийг зурах, хэрэв бичиг үсэг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дарах (ард иргэдийг санал хураалтад өргөнөөр оролцуулахад гарч буй хүндрэлийн нэг нь бичиг үсэг мэдэх иргэд цөөн байсан тул энэ заалтыг сүүлд нь зааварт нэмэн тусгажээ), санал хураалтын дүн мэдээг багаас сум, сумаас аймагт үтэр түргэн, санал гаргасан өдөртөө өртөө унаа хэрэглүүлэн яаравчлан хүргүүлэхээр заажээ.
Төв комиссоос орон нутагт санал хураалтын ажлыг удирдах, зохион байгуулахын тулд баг хорин, хороо сум, аймаг хот, цэргийн анги нэгтгэлүүдэд 3304 салбар комисс байгуулж, санал хураалтын зорилго ач холбогдлыг ухуулан сэнхрүүлэх, саналаа хэрхэн өгөхийг тайлбарлаж таниулах, сурталчлах ажил өр¬нүүлж, орон даяар 13 мянга гаруй хурал цуглаан болж, түүнд 700 мянга гаруй иргэд хөдөлмөрчид оролцжээ. Нийт 4251 санал хураах ажлын хэсэг, түүнд ажиллах 2138 хүнийг томилон гаргаж, зааварлах зөвлөх шалгах зорилгоор 304 хэлтсийг нэмэн байгуулжээ. Сумын төвүүдэд ханын сонин, самбар гаргах, ухуулга хуудсыг хашаа хаалган дээр наах, улаан булангуудад хурал цуглаан зарлаж ухуулга сурталчилгааг явуулж, тэгэхдээ Өвөр Монголын ард түмний эрх чөлөөгүй байдал, өнөөгийн БНМАУ-ын улс төрийн байдал, ард иргэдийн амьдралыг өвөр¬лөгчдийн амьдралтай зэрэгцүүлэн жиших зэргээр хүн нэг бүр, өрх айл болгонд хүргэхээр ажиллажээ. Санал хураах ажлыг удирдан зохион байгуулах төв комисст ард иргэдээс олон тооны цахилгаан, баярын бичиг, хүсэлтүүд ирсэн бөгөөд үүнд БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө хэрэгцээ шаардагдвал амь насаа өргөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн зүйл ч байлаа. Энэ нь сарын өмнө дайн дуусч, энэ дайнд ялалт байгуулсан явдалтай холбоотой бөгөөд ард иргэдэд ирээдүйдээ итгэл төгс, эрмэлзэл дүүрэн хандахад нэмэр болсон нь лавтай.
1945 оны аравдугаар сарын 20 монголчуудын баярын өдөр болжээ. Өглөө нь БНМАУ-ын төрийн тэргүүн, Монголын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал гаргуулах ажлыг удирдан зохион байгуулах улсын төв комиссын дарга Г.Бумцэнд радиогоор ард түмэндээ хандан үг хэлжээ. Тэрбээр … өнөөдөр манай уудам эх орны өнцөг булан бүрт аймаг, хот, сум, баг, фабрик, завод, түүнчлэн манай нийслэл Улаанбаатар хотод Монголын малчин ард, ажилчин албан хаагчид бүгдээрээ үндэс угсаа, эрэгтэй эмэгтэй, лам хар ялгалгүй сонгуулийн эрхтэй хүн бүхэн БНМАУ-ынхаа төрийн тусгаар тогтнолын төлөө нийтээрээ саналаа өгч шавдаж байна. … 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр манай БНМАУ-ын бүх ард түмэн эрх чөлөөт тусгаар тогтносон засаг төрдөө хязгааргүй хайртай бөгөөд бат нэгдэлтэйгээ дэлхий дахины өмнө батлан илэрхийлж байна. Манай Монголын ард түмний түүх бол эх орныхоо эрх чөлөөт тусгаар тогтносон байдлын төлөө тэмцсэний түүх юм… гэж мэдэгджээ.
Монгол төрийнхөө бүрэн тусгаар тогтнолын төлөө саналаа гаргацгаая гэсэн лозунгаар чимэглэсэн санал авах гэрүүд өглөөний 6 цагаас үүдээ нээж, ард иргэд тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгөх ажил эхэлжээ. Санал хураалтын хэлбэр нь бүх нийтээр илээр гарын үсэг зурж саналаа өгөх явдал байсан нь тухайн үеийн Үндсэн хуулийн 70-р зүйлийн засаг захиргааны бүхийлэн байгууллагуудын хурал дээр ил сон¬гуулиар гүйцэтгэнэ гэсэн заалтад бүрэн дүүрэн нийцэж байв. Санал гаргуулах 4251 дэвтрийг тараасан бөгөөд тэрхүү дэвтэр нь хөндлөн хэлбэртэй, түүндээ дэс дугаар, овог нэр, сайшаасан, татгалзсан, түдгэлзсэн гэсэн таван хэсэгтэй ажээ. Манай үндэсний төв архивд буй энэ дэвтрийг үзэхүл саналаа өгсөн иргэдийн олонхи нь гарын хэсгээ сайшаасан гэх хэсэгт дарсан байдаг.
Санал хураалтын гэрийн гадаа баяр наадам цэнгэл болж, баг сумын худалдааны агентууд ажиллаж, зарим газарт морь уралдуулах, дуулж хөгжимдөх, бүжиглэх танцлах ажлууд болж өнгөрсөн төдийгүй ардууд саналаа өгөхөөр ирэхдээ айраг цэгээ, ааруул өрөм идээ будаа авчран цайлж байсан байдаг.
Тухайлбал Төв аймгийн Авдар¬баян сумын Хандсүрэн гэх эмэгтэй өөрийн багийн санал өгөх газрын улаан буланд бүхэл хонины мах авчиран олонд зориулан өгч байсан баримт буй нь энэ өдөр манай ард иргэд үнэхээрийн их аз жаргалтай, санаа сэтгэл тэнүүн дүүрэн байсныг илтгэдэг.
Ард түмний санал гаргуулах ажлыг удирдан зохион байгуулах улсын төв комиссын орлогч дарга Б.Ширэндэв агсан энэ түүхт үйл явдлын тухай …Санал хураалтын ажил өглөөний 6 цагт бүх орон даяар эхэлж, мөн өдрийнхөө 12 цагт багуудад бүх ард түмэн саналаа гаргаж дууссан юм. … Саналын дүнг гаргахын тулд санал гаргах байранд олон сампинчдыг ажиллуулан дүнг яаралтай гаргаж байсан ба сумын төвд олон нягтлан бодогчид дүнг дахин нягтлан дүгнэж санал гаргуулсан хуудсыг баг багаар нь боож, аймагт хүргүүлж байлаа. Бумцэнд гуай санал гаргалтын урьдчилсан дүнг орой 9 цагт, эцсийн мэдээг шөнийн 12 цагт ирүүлэхийг утсаар шаардаж байлаа. Би оройн 9 цагт утсаар мэдээ өгч, 12 цагт эцсийн мэдээ өгөөд өөрөө бүх материалаа аваад шөнөдөө машинаар гарна гэдгээ мэдэгдээд …Улаанбаатар уруу гарахд машины дугуй хэд дахин цоорч хэсэг зуур саатсаар ирж, Төв комиссын аппаратад бүх материалыг гардуулан өгсөн тухай баримт бичигт гарын үсгээ зураад, Бумцэнд гуайн гэрт утастан танилцуулав. … Тэрхүү 20-ны шөнийн 12 цагийн мэдээгээр улс даяар санал хураалтын ажил 100 хувь болсон тухай баяртай мэдээг дуулгав. Санал хураалтыг ажиглахаар Гоминданы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч, Дотоод Яамны орлогч сайд Ли Фин Цзян тэргүүтэй хятад хүмүүс Улаанбаатарт хүрэлцэн ирж, санал хураалт болж байсан зарим газраар явж танилцаад Монголын ард түмэн төрийнхөө тусгаар тогтнолын талаар нэгдмэл нэгэн хүсэл эрмэлзэлтэй байгааг үзэж нутагтаа буцсан юм хэмээн дурссан байдаг.
Санал хураах комиссын 1945 оны аравдугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэлд Бүх ард түмний саналыг хураах ажилд оролцвоос зохих хүмүүсийн 98,4 хувь буюу 487,285 хүн цөм БНМАУ-ын төрийн тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн байна. Татгалзана гэсэн хүснэгтэд нэг ч хүн гарын үсэг зурсангүй хэмээн тэмдэглэжээ. Санал хураалтын төв комиссоос энэхүү санал хураалтын дүнгийн тухай тогтоол гаргаж, түүндээ санал гаргуулах ажил бол БНМАУ-ын ард түмний төрийнхөө тусгаар тогтнолын төлөө хүсэл эрмэлзлэлийг бүрэн баталсан тул энэхүү тусгаар тогтнолыг 1945 оны наймдугаар сарын 14-ний өдөр Дундад Иргэн улсын Засгийн газраас илэрхийлсэн ёсоор Дундад Иргэн улс зөвшөөрөн хүлээх ёстой хэмээн заажээ. Санал хураалтын дүнг ЗХУ, Хятадын Засгийн газарт цахилгаанаар мэдэгджээ. Харин дараа нь манай Засгийн газраас санал хураалтын дүнг албан ёсоор танилцуулахаар СнЗ-ийн орлогч дарга Ч.Сүрэнжав тэргүүтэй төлөөлөгчдийг Хятад улс руу илгээжээ.
Ийнхүү өмнөх цахилгааны утга, БНМАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн танилцуулгыг үндэслэн Дундад Иргэн улсын Засгийн газар 1946 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөө албан ёсоор мэдэгджээ. Хоёр улсын албаны төлөөлөгчид ярилцан тохиролцсоны үндсэн дээр 1946 оны хоёрдугаар сарын 13-нд дипломат харилцаа тогтоолоо. Хоёр долоо хоногийн дараа Монгол Зөвлөлтийн найрамдал хамтын ажиллагааны 20 жилийн гэрээ байгуулагдсанаар ЗХУ нь БНМАУ-ыг үнэн хэрэгтээ анх удаа хүлээн зөвшөөрлөө. БНМАУ тусгаар тогтносон бүрэн эрхт улс боллоо.
Эцэст нь дүгнэж хэлэхэд 1945 оны аравдугаар сарын 20-ны өдрийн бүх ард түмний санал хураалт нь Монголын ард түмэн улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн, үүнээ бататган бэхжүүлэх чинхүү хүсэл эрмэлзэлтэйгээ дэлхий дахинаа нотлон харуулсан түүхэн үйл хэрэг байсан юм.
(Yг сонин 14)
Ч.БОЛДБААТАР