Б.Эрдэнэбат сайд аврагчдаа талцуулж орхив
Ху намын Л.Одончимэд сайдыг огцруулж дөнгөсөн төсвийн хууль зөрчсөн гэдэг онош Б.Эрдэнэбатад тавигдсан ч өөрөө мөнгө хөрөнгөтэй, дээр нь төсвийн 60 гаруй тэрбум төгрөгөөр цахилгаан эрчим хүчний шугам татах бэлтэй яамны эзэн хойно тэр тэсч үлдэж чадав.
Түүнийг энэ мөнгөө Хувьсгалт намын компаниудад хувааж өгөн, дийлэнхи тендэрээрээ тэдэнд тал зассаныхаа ачаар огцорсонгүй гэж Ардчилсан намынхан сэжиглэж буй юм.
УИХ-аас мөнгө хөрөнгийг нь баталж өгсөн ч Малчдыг гэрэлтэй болгож байна. Удахгүй, хагас жилийн дараа, энэ хавар, хоёр сарын дараа гэх уран сайхан үгийг Б.Эрдэнэбат сайд урсгасаар хоёр жил өнгөрчээ. Саяхан энэ тухай санасан Ардчилсан намын зарим гишүүд нөгөө малчдыг гэрэлтэй болгох асуудал юу болж байна? гэж лавлахад сайд дараа долоо хоногт эхний ээлжийн ачааг тендерт ялсан Солонгосын компани оруулж ирнэ гэж хариулсан ч эргэж харуутаа эрс хувирч, тэр долоо хоногтоо амжин тендерийг цуцлан гэрэл нийлүүлэх тендерийг дахин зарласан байна. Манай сайд нарын ажлаа хариуцаж буй царай нь гэвэл энэ.
Гэвч Хувьсгалт нам Эрдэнэбатаа цээжээрээ хамгаалж авч үлдэв.
Сонгуульд саналыг нь арга зальтай шар үнэг шиг шарвагнаж байгаад авчихдаг Хувьсгалт нам намынхаа нэрэнд багтдаг малчин ардынхаа амьдралыг өөрчилье гэхээр ичихгүй араар нь тавьж суугаа нь тэр.
Ийнхүү Хувьсгалт намаа шүтдэг малчид маань лаа, дэнтэйгээ, харин Хувьсгалт намын засаг сайдтайгаа үлдэж байна. Эрдэнэбат яахав мөнгөтэй хүн улс төрд удахгүй. Яваад өгнө. Харин улс үндэстэн, ялангуяа малчин түмнийхээ саналыг хуурч, бас хулгайлж авдаг Хувьсгалт намын нэр төр хаана явна вэ? Хувьсгалт намын нэр төр Эрдэнэбат сайдын суудлаас хямдхан болж таарч байна.
Юутай ч өөрийн намын Одончимэдээс Эрэл компаний Эрдэнэбатыг илүүд үзлээ. Мөнгөтэй хүн гурван төрд нүүртэй гэдэг энэ биз. Гэтэл нөгөө мөнгөтэй хүн маань малчдыг гэрэлжүүлэх төслийг унагаснаас гадна өөрийн Эрэл компаниа тендерт шалгаруулж дансанд нь төсвийн олон зуун сая төгрөгийг шилжүүлсэн баттай нэгэн баримт бас олджээ. Сайд Эрэл мундаг компани учраас тендерт шалгарч санхүүжилтээ ав¬сан гэж хээвнэг ярьж суух аж. Мөнгөтэй сайдын мундаг компани нь эрчим хүчний бус, барилгын бас уул уурхайн компани гэдгийг бид андахгүй. Компаний захирал нь сайд болохоор Эрэл эрчим хүчний мундаг компани болдог нь сонин. Гэвч тэр мундаг компаниас төрсөн мөнгөтэй мундаг сайдыг хувийн компанидаа мөнгө хуваарилсныг Хувьсгалт нам эс тоов. Энэ арай ч дэндлээ. Эрлийн Эрдэнэбатыг огцруулья гэж хэлсэн зарим шударга гишүүнээ ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж сүрдүүлэв. Тэд чуулганы нэгдсэн хуралдаанд элдэв шалтаг заан оролцсонгүй. Төрийн ажилд олон жил нухлагдсан, тухайн салбараа аваад явчих нөхдөө Хувьсгалт намын дарга нар ийнхүү хөлөг онгоцноос нь гарган далайд шиднэ гэж айлгасны дүнд дотор сэтгэлдээ Эрлийн Эрдэнэбатыг огцруулья гэж бодож явсан олон гишүүн нь сонгуульд дахин нэр дэвших хүсэлдээ уургалагдан нэг хэсэгтээ дарга нараа дагахаар шийджээ.
Тэдний толгойд нь өөр юм бодогдож, шударга бус явдлыг эс таашааж байсан ч гар нь аргагүй Эрдэнэбатыг дэмжих кноп дээр даржээ. Энэ явдлаа Хувьсгалт намын дарга нар Засгийн газраа авч үлдсэн том улс төр гэж тайлбарлаж байх шиг. Гэвч тэр том улс төрөөс үүдсэн жижиг улс төр нь Хувьсгалт нам мөнгөтэй бурангуйчуудыг цээжээрээ хамгаалдаг нам болжээ. Хувьсгалт намын далд эзэн нь Эрлийн Эрдэнэбат юм гэнэ гэдэг бор шувуу болж, Монголын хээр талаар бүргэдийн дэвэлтээр шуугин нисч явааг тэд юу гэх бол?
Энэ бүхнээс үзвэл Хувьсгалт нам олон түмнийхээ зүрх сэтгэлийг чагнадаггүй, харин мундаг компаний мөнгөтэй сайдын үгийг сонсдог нэгэн цөөн хэдэн товарищийн нам болж хувирчээ. Харин Эрдэнэбатын хувьд хавьгүй сайн улс төрч юм байна. 86-тай ахмад намаар өөрийгөө хамгаалуулж, тэднээр тоглож суухыг бодоход дажгүй тоглогч, харин Эрэл компаний захиралд хөл алдаж, хууль зөрчсөнийг нь сансарт ниссэн гавъяатнаас дутахгүй үнэлж суухыг нь харахад Хувьсгалт нам хавьгүй жижиг нам болж хувирчээ.
(Yг сонин 14)
А.МЯГМАРДОРЖ