Н.Назарбаев МӨНХӨРЛӨӨ
Казахстаны парламент Yндсэн хуулийн өөрчлөлтийг баталснаар парламентын эрх мэдлийг өргөтгөж, Нурсултан Назарбаевыг бүхий л амьдралынх нь туршид Ерөнхийлөгчөөр үлдээж орхилоо.
Тус улсын улс төрийн шинэчлэл нь Ерөнхийлөгчийн үр бүтээл юм. Казахстан тусгаар улс болсноос хойш Назарбаевын санаачилгаар анх удаа Yндсэн хуульд өөрчлөлт оруулав. Назарбаев эрх мэдлээ парламенттай хувааж, улс эх орноо Ерөнхийлөгч-парламентын улс болгон хувиргаж, үүнийхээ шанд өөртөө хэд хэдэн чухал давуу талыг олж авчээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хязгаарлалтгүй болж, мөн тэрээр нэгэн зэрэг улс төрийн намыг толгойлох эрхтэй болжээ.
Yндсэн хуульд оруулсан өөрчлөлт ёсоор, Казахын ардын сонгогчид Yндсэн хуулийн зөвлөл, Сонгуулийн төв хороо, улсын төсвийн хороог байгуулах ажээ. Мөн Ерөнхийлөгчөөс санал болгосон Ерөнхий сайдыг парламентын дээд, доод танхим Мажилис, Сенат хоёр сайшаан батлах ёстой болж байна. Хоёр танхимын бүрэлдэхүүнийг өргөтгөхөөр болжээ.
Улс төрийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэдгийг Нурсултан Назарбаев тогтоосон юм. Европын аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын ээлжит хуралдаан мөдхөн болох бөгөөд үүгээр Казахстан улс эл байгууллагыг 2009 онд толгойлох боломжийн тухай ярилцах аж. Назарбаев үүнийг угтаж өөрчлөлт хийлээ хэмээн сөрөг хүчнийхэн ярьж байна.
Азийн энэ улс нефтийн ашгаас хүчтэй эдийн засагтай болж байгаа бөгөөд шинэ чинээлэг байдал дээрээ улс төрийн таатай имиж бий болгохыг хүсч байгаа нь бүрнээ ойлгомжтой явдал юм. Ялангуяа Казахстаны улс төрийн имиж өрнөдөд тийм сайнгүй байдаг билээ. Назарбаев 2005 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулсныг өрнөдийн ажиглагчид ихэд будлиантай, ардчилсан бус сонгууль боллоо хэмээн үзсэн. Одоо АНУ, Европ хоёр санаа амар суухаа болив бололтой. Одоо Назарбаев ямар ч сонгуульгүйгээр бүрэн эрх мэдэлтэй байх аргаа олжээ.
ВВС