Хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгож болно

Надад цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр олгох болов уу. Зарим хүн 1995 оноос өмнө халагдсан болохоор болохгүй гээд байх юм. Нөгөө хэсэг нь болохоор 1995 оноос хойш 45 нас хүрсэн тохиолдолд л хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгож болно гэх юм. Аль нь үнэн бэ ?
Дорнод аймаг. Хэрлэн сумын хоёрдугаар баг. Д.ШАРАВ
-Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн наймдугаар зүйлийн хоёрдугаар хэсэгт зааснаар, цэргийн жинхэнэ алба, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад арваас доошгүй жил хаасан цэргийн албан хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, эрүүл мэнд, цэргийн алба хаах нас хэтэрсэн зэрэг шалтгааны улмаас халагдсан бол цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрхтэй. Иймд та эрүүл мэндийн улмаас цэргийн албанаас халагдсан бол цэргийн алба хаасан 11 жилийн хугацаагаараа дээрх заалтын дагуу тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно. Харин 60 нас хүрээд цэргийн алба хаасан 11 жил, энгийн байгууллагад ажилласан жилээ нэгтгээд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох юм.
Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн Ц.ГАНЦЭЦЭГ
