Айлын мал зооглосон цоохор ирвэсийг буудчих уу

Хүмүүс ээ, байгаль дэлхийгээ хайрла гэж хэлэх гээд байгаа юм шиг хөөрхөн панда, WWF гэсэн гурван үсэг тус байгууллагын таних тэмдэг нь.
Манай дэлхий дээр зайлшгүй хамгаалах ёстой 200 экобүс нутаг байдаг аж. Тус сангийнхан аль эртнээс тэдгээр бүсийг тодорхойлж, анхаарал, халамжийг харамласангүй. Уг бүс нутгийн нэг нь Алтай-Соёных. Монгол орны баруун хязгаар Ховд аймгийн Дөргөн сумын нутаг Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газар бол Алтай-Соёны бүсэд хамаардаг. Иймээс ДБХС-гаас бидний нутгийн онгон дагшин байгаль, зэрлэг ан амьтдыг хамгаалах, нутгийн уугуул иргэдийн амьдралыг өөрийнх мэт сайжруулахад онцгойлон анхаарч өнөөг хүрэв. Тухайлбал, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдыг бусдын шуналын золиос болуузай хэмээн хичээн зүтгэж байгааг дурдах нь зүйтэй. ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Улсын мэргэжлийн хяналтын газартай хамтран зэрлэг амьтдыг хууль бусаар агнахын эсрэг тэмцэх Ирвэс-3 багийг ажиллуулжээ. Тус багийнхан Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн нутаг дэвсгэрт гарсан хууль бус агнуур, байгалийн ноцтой зөрчлийг шуурхай шалгаж шийдвэрлэх, хамгийн гол нь урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, Монгол Улсын Байгаль орчны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой. Ирвэс-3-ынхныг ДБХС-гаас УАЗ-469 машин, богино долгионы радио станц, бие хамгаалах хэрэгсэл бусад тоног төхөөрөмжөөр хангажээ. Багийн гишүүд байгаль орчны байцаагчийн дүрэмт хувцастай. Тэдэнд видеокамер, зургийн аппарат, дуран авай гээд хулгайн анчдын зүрхэнд шар ус хуруулах орчин үеийн техник төхөөрөмж бүгд бий.
Ирвэс-3 өнгөрсөн гурван жилийн хугацаанд байгаль орчинд 370 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан ноцтой хэргүүдийг илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэсэн байна. Багийн ахлагч Ш.Гантулгаас хулгайн анчид ямар ан сэмхэн хийж буйг асуухад
-Агнахыг хуулиар хориглосон, улаан номонд бүртгэлтэй амьтад руу буу шагайх нь олонтаа гэв. Түүний ярьснаар аргаль, янгир, цоохор ирвэс, бөхөн, хулан, зэгсний гахай агнахыг хулгайч нар чухалчилдаг аж. Цоохор ирвэс гэхэд л Төв Азийн хад ихтэй өндөр ууланд амьдардаг нэн ховор амьтан. Ургаа хад, цохионы ард нуугдаж байгаад янгир, аргалийн сүрэг рүү гэнэт довтолж, сая хоолтой залгадаг аргатай. Байнга идээд байдаггүй. Муурын төрлийн амьтан болоод тэр үү цэвэрч. Баас, ялгадас нь энд тэндгүй хөглөрөх нь үгүй. Өнөөдрийн байдлаар Монголд 1000 орчим цоохор ирвэс байгааг амьтан судлаачид тогтоосон байна. ДБХС 1995 оноос Монгол дахь хөтөлбөрийн газраараа дамжуулж цоохор ирвэс хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Сүүлийн хэдэн жилд ирвэс айлын мал руу довтолсон тухай мэр сэр сонсогдох болсон. Одоогоос гурван жилийн өмнө Увс аймгийн нутаг дахь Түргэний ууланд хоёр ирвэс 20 гаруй адууг барьсан баримт бий. Ховд аймгийн нутаг дахь Жаргалант хайрхан уулаар нутагладаг айлуудын малаас мэр сэр зооглосон ирвэсийг яах вэ, буудчих уу гэлцэж байсан. Юутай ч идэгч этгээдийг яаравчлан хөөж агнахаасаа өмнө малаа байнгын хариулгатай байлгах нь зөв гэдэг дээр байгаль хамгаалагч нар санал нэгддэг юм билээ. Яагаад гэвэл цоохор ирвэс өөрийн гэсэн бэлчээр, эзэмшлийн нутагтаа хэний ч хөл алхахыг тэвчдэггүй. Тиймээс түүний эзэмшил рүү малаа бэлчээхгүй байх нь дээр.
Ирвэс-3 багийнханд цоохор ирвэсний дөрвөн мундаг арьс байх юм. Дурсгал болгон хадгалж буй тэдгээр арьс ямар учиртайг Ш.Гантулгаас сонирхоход
-2006 оны гуравдугаар сарын 14-нд Ховд аймгийн төвд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат Ж.Жаркын цоохор ирвэсний дөрвөн арьс дамлан худалдахаар авч явсныг илрүүлсэн. Хэргийн эд мөрийн баримт болон үлдсэн эдгээр арьсны нэг нь гавлын ястайгаа байгаа. Өөр нэг гавлын яс тусдаа байсныг хэрэгт хавсаргасан гэв. 54 бөхөн буудсан хулгайч нар эврийг нь хилээр гаргах гэж байгаад Ирвэс-3 багийнханд баригдсан тухай нутгийн хүнээс сонссоныг түүнээс лавлавал үнэн аж.
Ховд аймгийн Чандмань сумын төвөөс БНХАУ руу хөдлөхөөр зэхэж байсан Г.Алтангэрэлийн УБМ 92-39 дугаартай ЗИЛ-130 маркийн автомашины нөөц дугуйнд 54 бөхөнгийн 108 хос эвэр нуусныг Ш.Гантулга ба түүний нөхөд илрүүлжээ. Г.Алтангэрэл тэдгээр эврийг хил давуулж худалдах гэж бэлтгэснийг шалгаж тогтоосон байна. Шалгах явцад тус сумын харьяат Д.Баянбаатар, Д.Цогоо, Д.Мөнхчулуун нарын 13 хүн уг хэргийг бүлэглэн үйлдсэн нь нотлогджээ. Тэдний дунд өмнө нь бөхөнгийн эвэр хууль бусаар хил давуулсны улмаас эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн ч байсан бололтой. Хулгайн анчдын ТОЗ-8 маркийн дөрвөн буу, бөхөнгийн 108 эврийг хурааж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 54 бөхөн агнасан хулгайч нар байгаль орчинд 216 сая төгрөгийн хохирол учруулсан. Гэтэл тэд хэргээс ял зэмгүй мултарч, хэргийг хэрэгсэхгүй болгож болзошгүй байгаа аж. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдаж байгаа гэнэ. Бөхөн буудсан хэрэг зөвхөн энэ биш. Ирвэс-3-ынхан Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт тус сумын харьяат Д.Зоригоо, Б.Баатар нар хууль бусаар бөхөн агнасныг илрүүлжээ. Хулгайн анчдын зэвсэглэсэн ангийн буу, хутга, сум зэргийг эд мөрийн баримт болгон хурааж, хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн газартай хамтран хуулийн дагуу шалгаж байна. Бөхөн гэдэг амьтан яагаад хулгайн анчдын шүлсийг савируулаад байдаг вэ гэвэл эвэр нь эмийн чанартай гэх. Өвлийн хүйтэн, хулгайн анчдын онилсон сум бөхөнгийн сүргийг цөөрөхөд багагүй нэмэр болж байгааг судлаачид нуусангүй. Өнгөрсөн өвөл ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй хамтарч Ховд аймгийн Манхан сум, Дөргөний хүрэн тал, Говь-Алтай аймгийн Шаргын говь, Хүйсийн говьд нутагшсан монгол бөхөнг тоолж, нягтшил тархацын судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар эдгээр нутагт нийтдээ 184 сүрэг 1734 толгой бөхөн байгааг тогтоожээ. Бөхөнгийн сүрэг айл, малаас дайжиж, машин техникийн чимээнээс зугтдаг учир нутагтаа тогтвортой байх эсэх нь тодорхойгүй. Хэрэв машинаар хөөгөөд л буудаад байх юм бол бүр хаашаа ч дайжиж мэднэ. Хулгайч нар аргаль, янгирыг ч тайван байлгадаггүйг Ирвэс-3 багийн гишүүн М.Гантулга онцолж байв.
Ховд аймгийн Алтай сумын нутаг Говийн их дархан цаазат газрын Хайчин хөх гэдэг газарт тус аймгийн Yенч сумын хилийн Ү отрядын Улаан хадны заставын харуулын дарга Д.Батсонгууль, жагсаалын дарга Б.Энхболд нар гурван янгир унагасан. Мянгад сумын нутаг дахь төрийн тахилгат Алтан хөхий уулын Улиастайн ам гэдэг газарт тус сумын Баянбулаг багийн харьяат Д.Начиндорж, Д.Жавзанхорлоо нар янгир ямааны тэх агнасан. Хэргийн газраас толгой, эвэр, ясыг хураан авчээ. Мэргэжлийн хүмүүсийн үзэж буйгаар хулгайч нарын унагасан тэх найман настай сайхан амьтан байсан аж. Энэ мэт баримт олныг дурдаж болох. Ямар хүмүүс хууль бусаар ан хийдэг, түүхий эд, арьс, эврийг хаана борлуулдгийг судлахад төрийн албан тушаалтан, орон нутгийн байгууллагын дарга нар, нутгийн хүмүүс ихэвчлэн хулгайгаар зэрлэг амьтдыг намнадгийг тогтоожээ. Харин түүхий эд, арьс, эврийн наймааг маш нууц байдалд зах дээр хийдэг гэдгийг судалгаанд оролцогчид бараг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрчээ.
Ховд аймгийн нутагт 2000 гаруй аргаль, янгир, 1000 орчим бөхөн, 250 гаруй зэгсний гахай байгааг тогтоосон байна. Гэтэл БОЯ-наас жил бүр цөөн тоотой байгаа эдгээр зэрлэг амьтдаас агнасугай хэмээн тусгай зөвшөөрөл олгодгийг нутгийн хүмүүс, байгаль хамгаалагч нар тийм ч зөв шийдвэр биш гэж байсан. Сүүлийн 30 гаруй жил ийм зөвшөөрлийг олгож буй. Yүнээс болж аргаль, янгир нутагтаа тогтохоо больж байна. Мянган угалзат, Бөөрөгийн нурууны аргаль цөөрч байгаад харамсч буй хүн цөөнгүй.
Ирвэс-3 багийнхны үзэж буйгаар тус аймгийн нутаг дэвсгэрт агнуурын зохион байгуулалтын судалгаа хийж, ан амьтдын байршил, нөөцийг тогтоосны үндсэн дээр агналт хийх нь ухаалаг шийдвэр болох юм.
Хурдан машин, мэргэн бууныхаа ид шидийг үзүүлж зэрлэг амьтдын амийг тасалдаг хулгайч нараас дутуугүй байгаль эхийг уйлуулж байдаг загасчидтай үзэлцэх нь Ирвэс-3-ынхныг бас нэг том ажил. Хар-Ус нуурын усыг Хар нуурт хүргэж ирдэг Чоно харайхын гол загасыг нь ч бас тууж ирдэг бололтой. Өвөл болохоор Хар нуурын загас багтаж яддаг гэлцэнэ. Уг нууранд Дулмаа докторын нутагшуулсан загас сайн өсч үржсэн аж. Усанд хөвж яваа мөнгийг хараад хорхой нь хүрэхгүй наймаачин яаж байхав дээ. Нуурын мөс хөлдөнгүүт Ховд, Завхан, Говь-Алтайгаас тор, багаж зэвсгээ ачсан нүүдэлчид Хар нуурт цугларна. Тэдний олонхи нь ганц нэг тн загас барих зөвшөөрөл авсан байдаг ч түүнийгээ хэдэн арваар давуулан шүүрдэнэ. Загасчид мөс цоолоод тороо шидчихнэ. Торонд загас дүүрмэгц татаж гаргаад машинд ачна. Зарим нь загасаа барьж байх хооронд овсгоотой нь аль хэдийнээ мөнгө болгоно. Нуурын мөс хайлтал загасны хулгайч нартай тэмцэнэ гэдэг тийм ч амар ажил биш. Байн байн Хар нуур руу ирж журам сахиулаад буцна. Байгаль хамгаалагчдыг ирэх сургаар загасчид тор, тоног төхөөрөмжөө хаяад зугтаана. Хэдэн зуун торыг татаж гаргаад, загасыг ус руу нь буцааж хийсээр бороонд цохиулсан мэт шалба норно. Ийм дур зураг өвөл дуустал үргэлжилдэг гэж Ирвэс-3-ынхан ярьсан. Байгаль хамгаалагчид гэж эх орондоо зүрхнээсээ илүү хайртай хүмүүс байдаг юм уу даа.
