Тужийн нарс туждаа найгаж байхын учир…
Тэгвэл энэхүү түүхэн хувьсгалтай холбогдол бүхий газрын нэг яах аргагүй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар, Сүхбаатар сумын нутагт тархан ургаж 46.6 га талбайг эзлэн орших Тужийн нарс юм. Нэгэн цагт халуун орны ширэнгэн шугуй мэт шигүү ургасан их ой байсан гэдэг. Гэвч 2002 оны үед 32.6 мянган га буюу 80 гаруй хувийг нь хулгайн болон мод бэлтгэлийн шугамаар хядан элсэн товцог, тайрдсан хожуул л үлдээсэн байлаа. Элсэрхэг газар 61 метр хүртэл өндөр ургаж, 350 орчим жил насалдаг талын ой ОХУ, Канад, АНУ, Монголоос өөр газар ургадаггүй гэдэг. Гэтэл эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон элсний нүүдлийг хазаарлан баригч нарсан ойгоо хамгаалах бус хядах аянд 1950-иад оноос хойш ханцуй шамлан орсны эцэст ийнхүү хожуултай үлдэх аюул нүүрлэв.
Тужийн нарс хэмээх нэр, туждаа найгасан их нарсан ой домог, хууч ярианд үлдэх аюул бий болов. Тужийн нарсан ой ийнхүү мөхөхөд ойн түймэр, хэмжээ хязгааргүй их хядлага, хортон шавьж чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тухайлбал БОЯ-наас 2000 онд тус аймагт 41.3 мянган шоо метр мод бэлтгэх зөвшөөрөл олгосон байна. Гэвч зөвшөөрсөн хэмжээнээс тав дахин буюу 454.9 мянган шоо метр мод бэлтгэсэн гэдэг. Yүнээс гадна 1993 онд Тужийн нарсны хамгаалалтын захиргааг байгуулсан ч энэ нь хамгаалах бус устгах захиргаа болон хувирсан байдаг.
Найгаж л байдаг Тужийн нарсан ойдоо түймэрт өртлөө, хорхой шавьжинд мэрэгдэв хэмээн элдэв гуншин зүүж мод бэлтгэгчид өнгөрсөн зууны сүүлчээс хэт ихэссэн гэдэг. Энэ нь Монгол Улс зах зээлд шилжиж мод, модон материал үнэд орсоноос үүдэлтэй гэдэг. Түүнээс гадна нэгдсэн зохион байгуулалтаар мод бэлтгэдэг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн төлөвлөгөө, алдагдсанаас хүн болгон мод бэлтгэх, хулгайлах явдал ихэссэн байна. Түүхэн их Тужийн нарс минь хэмээн дуу аялан хөрөө сүх баригчид 46.6 мянган га-гаас 14 га болтлоо багассан Тужийн нарс руу цуврах болов.
Бэрдийн шуналд далай ч бага санагддагийн үлгэрээр төгөл болтлоо хядагдсан Тужийн нарс модны хулгайчдад их болон харагдсаар байгаа гэхэд хилсдэхгүй. Хайр гамгүй хядагдсан Тужийн нарсны мод цөөрөхийн хэрээр элсний нүүдэл улам эрчимжив. Ийнхүү Монгол Улсын түүхтэй салшгүй холбоотой дэлхийд ховор тогтоцтой их ойгоос 2002 онд хэдхэн хожуул бут, түймэрт өртөж, хорхойд идэгдсэн төгөл л үлдсэн байсан гэхэд болно.
Ийнхүү түймэр, хүний буруутай үйл ажиллагаанаас болж мөхлийн ирмэгт ирсэн Тужийн нарсыг ойжуулахаар Зууны мэдээ сонины газраас 2002 онд олон нийтийг уриалан дуудсан билээ. Yүнийг дэмжсэн Засгийн газрын тогтоол ч гарав. Yнэхээр Монголын түүхнээ салшгүй холбоотой энэхүү ойг хайрлах, хамгаалах, сэргээх гэсэн олон түмний санаа сэтгэлд энэхүү уриалга ихэд нийцэж ард түмний зүгээс ихээхэн дэмжлэг авсан. Тухайн үед Монголын урлаг соёлын нэрт дуучид, бүжигчид, улс төрчид, бөхчүүд, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд Тужийн нарсыг сэргээх их аянд гар бие оролцож байв.
Байгаль экологи, ойн нөхөн сэргээлт гэхээсээ илүүтэй их түүхийн минь салшгүй нэгэн түүхэн дурсгалт газар гэдэг үүднээсээ ч ийнхүү олны сэтгэлийг хөдөлгөсөн буй заа. Монголын төр, засгаас эх оронч үзлийг хойч үедээ төлөвшүүлнэ хэмээн уриалга ихээхэн гаргадаг. Yүнд байгаль эхээ, түүхэн дурсгалт газраа эрхэмлэн нандигнах эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дээрх арга хэмжээ тодорхой хэмжээгээр түлхэц болсон гэдгийг ч хэлэх ёстой болов уу.
Зууны мэдээ сонины газраас санаачилан, засгийн газраас дэмжиж ард иргэдийн хандив, тусламжаар нөхөн сэргээсэн тужийн нарсан ой өнөөдөр зургаан мянган га хэдийнээ давжээ. Энэхүү 6329 га-д найгах зулзган нарсан ойг нөхөн сэргээхэд Монгол хүн бүрийн сэтгэл, зүтгэл шингэсэн гэхэд болно. Yүнээс гадна байгалийн сэргээн ургалтад туслах, газрыг нь хянаж тордон үр цацах, тарьцаар ойжуулах замаар 2648 га-д нөхөн сэргээлт хийгээд байна. Бид түүхээ, Тужийн нарсаа бас Монголоо гэх зүтгэл сэтгэлээ аварч чадсан тэр цагаас хойш таван жил улиран оджээ. Энэ он жилүүдэд гарсан амжилтыг улам бататгах Тужийн нарсаа улам өргөжүүлэхийн төлөөх аянд нэгдэцгээе.