Хоригдлыг нийгэмшүүлэх нь
Хүний эрхийн үндэсний комиссоос, удахгүй болох Эх үрсийн баярыг тохиолдуулан Хоригдлыг нийгэмшүүлэх нь сэдэвт өдөрлөгийг тус хорих ангид өчигдөр зохион байгууллаа. Хорьж, цагдахдаа гол нь байдаг юм биш. Гагцхүү тэднийг олон талаас нь хүмүүжүүлэхийг хичээж, нийгмийн амьдралд бэлтгэж өгөх нь бидний үүрэг хэмээн тус хорихын дарга, хурандаа Д.Оюунбадам өдөрлөгийн үеэр онцолж байв. Хүний эрхийн үндэсний комиссоос хорихын хүмүүжигч нарт Хүний эрхийн ойлголт, үндсэн зарчим сэдвээр хичээл зааснаас гадна, Иргэний бүртгэл мэдээллийн үндэсний төвтэй хамтран, бичиг баримтгүй 20 хоригдол эмэгтэйд иргэний үнэмлэх олгох ажлыг зохион байгуулсан юм. Мөн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн Абука төвтэй хамтран эхний ээлжинд арван хоригдол эмэгтэйг үсчин болгохоор болов.
Өдөрлөгийн үеэр 407 дугаар хорих ангийн дарга, хурандаа Д.Оюунбадам өдөрлөгийг зохион байгуулагчид болон сэтгүүлчдэд хорих ангитай танилцах боломжийг олгосон юм. Тус хориход хүмүүжиж байгаа 261 эмэгтэйн 54 нь чанга дэглэмтэй хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд тэдний ихэнх нь хүний амь хохироосон хэргээр ял эдэлж байна. Харин жирийн дэглэмтэй хорих ял эдэлж буй бүсгүйчүүдийн олонхи нь хулгай, залилангийн хэрэг үйлдсэн аж. Сүүлийн таван жилд тус хорихоос хоригдлууд оргоогүй бөгөөд энэ нь хорих ангийн ахуйг сайжруулсантай холбоотой гэж удирдлага нь тайлбарласан юм. Хоригдлууд компьютерийн сургалт, бясалгалын болон чийрэгжүүлэх танхим, номын сангаар үйлчлүүлэх боломжтойгоос гадна зурагт үзэх, сонин унших эрх нь нээлттэй юм билээ. Гэсэн ч энэ бол шорон. Энд байгаа хүмүүст эрх чөлөөт амьдрал нь юу юунаас илүү үгүйлэгддэг байж таарна.
ААВАА, ЭЭЖ ЭЭ! ХYYГ МИНЬ ИРЖ АВААРАЙ
Жирэмсэн болон нялх хүүхэдтэй эхийн ялыг хойшлуулах тухай заалт Эрүүгийн хуульд байдаг. Гэвч, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн болон хорихоос оргосон, орон гэргүй эмэгтэйчүүдийг хүүхэдтэй нь хамт, хорих ангийн Эх хүүхдийн байр-нд байлгаж байгаад хүүхдийг нь нэг нас хүрмэгц Улсын клиник сувилалд өгдөг. 407 дугаар хорих ангийн Эх хүүхдийн байр-нд одоогоор дөрвөн хоригдол эмэгтэй хүүхдүүдтэйгээ хамт байдаг. Уг байраар ороход танхай болон хулгайн гэмт хэргээр ял эдэлж буй хоёр бүсгүй найм, арван сартай хүүхэдтэйгээ байлаа. Дээрх хоёр эмэгтэйн нэг, Сэлэнгэ аймгийн Бугант сумын иргэн Б.Уранчимэг сониноор дамжуулан, аав ээждээ Хүүг маань ой хүрэхээр нь ирж аваарай хэмээн хэлэхийг хүссэн юм. Тэрээр Хэрвээ аав, ээж маань ирж авахгүй бол хүүгээ клиник сувилалд өгч таарна даа гэж тэр хэлэв.
ДАРЬ ЭХИЙН СYМД ЦАГААН САРАА ГАРГАДАГ
Хорих ангийн хашаанд байрлах ганц гэр бидний анхаарлыг татлаа. Долма лахан дацан гэсэн хаягтай уг гэрт бурхан, шашны эд зүйлсийг байрлуулжээ. Хорихынхон уг дацангаа Дарь эхийн сүм гэж нэрлэдэг. Буддын шашин шүтдэг хоригдлууд энд бурхандаа мөргөж, шашны зан үйлийг үйлддэг бөгөөд цагаан сарыг энд гаргадаг аж. Байгуулснаас нь хойш долоон жил болж байгаа энэ дацанд ном уншдаг байсан хоёр гэлэнмаа өнгөрсөн жил өршөөлөөр суллагджээ. Тэд Мөнгийг чинь өсгөж өгнө хэмээн гурав хоногийн дотор бусдаас 14 сая төгрөг залилсан хэргээр ял эдэлж байсан юм билээ.