Энэ зун эрийн хоёр наадам болно гэв үү
Гэтэл энэ зун бөх барилдах, морь уралдахыг харж, харин сурын харваачдын цэц мэргэнийг үзэж чадахгүй нь. Тэгэхээр эрийн хоёр наадам болж магадгүй юм. Учир нь Монголын сурын холбооноос өчигдөр мэдээлэл хийж харваачид энэ жилийн улсын баяр наадамд оролцох боломжгүй гэж мэдэгдлээ. Учир нь сур харвадаг талбай бусдын эзэмшилд очсон гэнэ. Тодруулбал, сурын талбай Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд багтаж, улсын төсвөөс мөнгө гарган жил бүрийн наадмын өмнө засвар хийдэг байж. Гэтэл сурын талбайг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дарга н.Нямдаваа хувийн эзэмшилдээ авсан аж. Тус холбооны мэдээлснээр бол н.Нямдаваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг эзэмшдэг бөгөөд Хятадын хөрөнгө оруулалтаар үйлчилгээний газрууд барих болсон гэнэ. Тэрээр сурын талбайд эхлээд цэцэрлэгт хүрээлэн, дараа нь хурдны авто зам барих гэж оролджээ. Харин одоо болохоор Газар тэнгэр рашаан нэртэй 17 давхар зочид буудал барихаар болсон байна. Сүүлийн гурван жилд гурван өөр төлөвлөгөө гаргасан нь энэ аж. Yүнийг Монголын сурын холбоо хувийн өмчлөлтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. 2004 оноос эхлэн Нийслэлийн газрын албанд бичиг хүргүүлж даруй шийдвэрлэж өгөхийг хүссэн ч тодорхой хариу өгөөгүй аж.
Одоогийн сурын талбай нь 100 х 80 метр хэмжээтэй юм байна. Тиймээс хэрвээ тус газрыг шийдэж өгөхгүй бол наадамд оролцохгүй гэж сурын харваачид хатуу шийджээ. Yндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос өөр газар сонго, 10 сая төгрөг өгье гэжээ. Мөн яармагт сурын талбай байгуулна гэсэн яриа ч гарсан гэнэ. Харин сурын холбоо энэ байдлыг хүлээн авах боломжгүй хэмээн үзэж байна. Учир нь, тэд Төв цэнгэлдэхээс өөр газар олон хүн үзэх боломжгүй. Тэгээд ч эрийн гурван наадмын ядаж хоёрыг нь нэг дор зохион байгуулах хэрэгтэй гэлээ. Энэ бүгдтэй эвлэрээд үндэсний баяраар өөр газар тэмцээнээ явууллаа гэхэд жилд 10 гаруй томоохон хэмжээний тэмцээн зохион байгуулдаг болохоор бусад улиралд болдог тэмцээнийг яах вэ гэсэн асуулт тэдний өмнө тулгарч байгаа аж. Мөн Овон товонтой зүгээр нэг газар бидэнд хэрэггүй. Хуучин талбайдаа л наадахыг хүсч байна. Гэвч үнэхээр тэнд сур харвах аргагүй болтол нь талбайг эвдэж газрыг сэндийлсэн. Тиймээс бид энэ зуны наадамд оролцохгүй, энэ бол хатуу шийдвэр гэж тус холбооны хүндэт ерөнхийлөгч С.Батхуяг болон тэргүүлэгчид нь мэдэгдэв.
Yндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Ш.Бямбасүрэнгээс сурын талбайн асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаа тухай лавласан юм. Тэрээр, манай комисс газар дээр нь очиж үзэхэд талбайд барилгын өргөгч крануудыг байрлуулж, шуудуу ухсан байсан. Газар өмчлөлийн асуудалтай байгаа юм байна лээ. Одоогоор тодорхой шийд гараагүй байгаа гэв. Мөн 10 сая төгрөг амласан тухай лавлахад энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаа гэсэн хариу өгөв.
Өчигдөр 15 цагийн үед Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд очиход газрыг талхалжээ. Сурын бай буюу зурхайн орчимд шуудуу ухаж хайрга асгасан байлаа. Өмнө хэсэгт нь цементээр суурь тавьжээ. Энэ нь өнөөх Газар тэнгэр рашаан зочид буудлын барилгын шав гэнэ. Зурхайн орчимд байсан крануудыг ялигүй цааш зөөж байлаа. Краныг зөөсөн гурван Маз машин удалгүй ажлаа дуусгаад буцлаа. Шав тавьсан газрын баруун талаас газрыг нь нэлээд гүн ухаж эхэлсэн бөгөөд урдуур нь хашаа барьжээ.