Монгол Улс бүрэн дарангуйллын дэглэмийн өмнөхөн жагсч явна
Төв нь Парис хотноо байрлана. ХБНГУ дахь салбараа 1994 онд байгуулснаас хойш хүчирхэг болж амжив. Европын холбооны зөвлөл, НYБ-ын Хүний эрхийн хороо, ЮНЕСКО-гийн дэргэд зөвлөх эрхтэй суудаг нэр хүнд бүхий Төрийн бус байгууллага болж олон улсын хүний эрхийн дээд шагналуудаар энгэрээ мялаажээ. Мөн Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс-ийг гаргаж, хэвлэлийн эрх чөлөөний цуутай дайснуудын жагсаалтыг нийтэлдэг болов. 2005 оны үзүүлэлтээр Монгол Улс 166 улсаас 73 дүгээр байранд жагсч байсан бол 2006 онд 86 дугаар байр руу ухарчээ. 2007 оны аравдугаар сард эдгээр 166 улсыг дахиад жагсаана. Тэр үед улам доош орсон байх вий.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийгмийн санаа бодлыг бүрдүүлэгч гэсэн утгаараа ардчилсан улс орнуудад жинхэнэ засаглал болж чадсан байдаг. Сэтгүүлчдийг бичсэн нийтлэлийнх нь төлөө шоронд хорьдог улс орнуудад улс төр нь хуйвалдааны үүр болсон байдаг ажээ.
Amnesty International хүний эрхийн байгууллагын тайланд мөн л сэтгүүлчдийг барьж хорьсон (хоёр эмэгтэй сэтгүүлч шүү дээ!) талаар орсон нь сэтгүүл зүйн талбарт эмэгтэйчүүдийн эрх баталгаагүй болжээ гэсэн давхар утгыг илтгэж байна.
Дээрх жагсаалтыг 2005 онд Дани, Финланд, Ирланд, Исланд, Норвеги, Голланд, Словак, Щвейцарь, Шинэ Зеланд, Литва, ХБНГУ, Эстони улс тэргүүлж, АНУ 22 дугаар байрт жагсав. Монгол Улс харин Нигер, Румын, Косово, Мадагаскар, Бурунди улсын дараа оров. Манай араас Тогогоос, нэлээд хойгуур Хойд Солонгос, Куба, Бирм, Туркмен зэрэг улс сүүл мушгижээ. ОХУ манайхаас нэлээд хойно жагсч байна.
2006 оны байдлаар мөн л Финланд, Ирланд, Исланд, Голланд зэрэг улс ахин тэргүүлж байхад Монгол улс, Либери, Зүүн Тимор, Молдав, Парагвай, Катар, Албани, Сенегал, Мауритани, Арабын нэгдсэн Эмират, Аргентин улсын хойноос сажилж явна. Манай ард ахиад л нөгөө хагас болон бүрэн дарангуйллын дэглэмүүд цуварна. Монгол Улс 2001 оноос хагас дарангуйллын саарал бүс рүү гулсаад орчихсон нь энэ.
Хил хязгааргүй сэтгүүлчдээс хэвлэл мэдээллийн эрх чөлөөний алдар цуутай 34 дайсны жагсаалтыг ч гаргажээ. В.Путин, Тунисын Ерөнхийлөгч Бен Али, Беларусийн Ерөнхийлөгч С.Лукащенко, Кубын Фидель ба Рауль Кастро, исламын шашны террорист бүлэглэлүүд (Ирак, Афганистан), Колумбын хагас цэргийн дэглэм үүнд багтсан байна. 2007 онд эдгээр дээр Лаос, Азербайжаны Ерөнхийлөгч, Мексикийн хар тамхины мафи нэмэгдэв.
2000 оноос хойш нийт 350 сэтгүүлч, сурвалжлагчийн амь насыг егүүтгэснээс 255 нь хамгийн айхтар арван улсын иргэн байв. ОХУ-д энэ тоо 21-д хүрсэн байх жишээтэй.
Монголын сэтгүүлчид энэхүү холбоонд нэгдэн орвол өөрийнхээ хэвлэл мэдээллийн дайснуудыг олон улсын тавцанд зарлаж, сэтгүүлчдийнхээ эрхийг хамгаалах талаар зөвлөлгөө, дэмжлэг авч болох ажээ.
Reporter ohne Grenzen нэрээр хайж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.