Бүртгэлийн 30 ам.долларыг ашгийн төлөө аваагүй гэв
Уг шалгалтад бүртгүүлэх иргэдийг хэдэн өдрийн турш Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна хонон өнжин дугаарлуулан зогсоосон нь өнгөрсөн онд явагдсан солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын үеэр тохиолдсон зүй бус асуудлаас үүссэн гэнэ. Тиймээс энэ удаагийн шалгалтад өөрийн биеэр очиж бүртгүүлэх болсноор аливаа гуравдагч этгээдээс гуйх шаардлагагүйгээр хүссэн хүн бүр уг шалгалтад бүртгүүлэх боломжтой болсноороо онцлог гэнэ. Шалгалтад бүртгүүлсэн хүн бүрээс бүртгэлийн хураамж 30 ам.доллар авсан нь Солонгосууд шалгалтаар далимдуулж ашиг олж байна гэх яриа олны дунд байсан юм.
Yүнийг ЭСЯ-ныхан тайлбарлахдаа Монгол Улсын Засгийн газар болон Солонгосын Засгийн газар хооронд байгуулсан санамж бичгийн дагуу 30 ам.доллар авч байгаа. Энэ нь солонгос хэлний шалгалт авахад гарч буй зардалд зарцуулагдах ба шалгалтыг хариуцаж буй байгууллага болох KLPT нь ашгийн бус байгууллага бөгөөд ямар нэг байдлаар ашиг орлого олох сонирхол, зорилго байхгүй. АНУ-аас зохион байгуулдаг ТОФЕЛ-ын шалгалтын хувьд ч 36 ам.долларын хураамж авч шалгалтын зардалд зарцуулдагтай адил зарчимтай байгаа юм. Бид шалгалт авсаны дараа уг хураамжийг хэрхэн яаж зарцуулсныг ил тод тайлагнах боломжтой гэсэн юм. Солонгос хэлний төвшин тогтоох гурав дахь удаагийн шалгалтыг төлөвлөгөөний дагуу ирэх сарын 3-ны өдөр хоёр хувааж авах ба шалгалт авах газрыг сонин хэвлэлээр жич зарлах аж. Харин шалгалтад орохоор ирэхдээ бүртгэлийн хуудсаа гадаад паспорттайгаа эсвэл англи хэлээр гаргасан иргэний үнэмлэхийн тодорхойлолттойгоо авчрахыг сануулсан. Шалгалтын хариуг зургадугаар сарын 25-ны өдрийн даваа гаригт зарлах юм.