Цацраг идэвхт бодис булшилсан газартай хаяа нийлүүлэн орон сууцны шав тавьжээ
ШУА-ийн харъяа хүрээлэнгээс алдагдсан Стронци хэмээх цацраг идэвхит бодисыг хэдэн жилийн өмнө Яармагийн дэнж дэх Алдар толгой-д булшилсан. Тухайн үед цацраг идэвхит бодис алдагдлаа хэмээн дээр, дооргүй асуудал болж ард иргэд амьд явах баталгаагаар маруухан айдас хүйдэст автаж байсан нь саяхан. Хэдийгээр газрын хөрсөнд үүрд нойрсуулсан ч гэсэн уг цацраг идэвхит бодис нэлээд олон жил амьдрах чадвартай аж. Гэтэл өнөөдөр Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын number one төсөл буюу 40 мянган орон сууц хөтөлбөрийн хүрээнд өнөөх гайхал стронци хэмээх цацраг идэвхт бодис сөхөгдөөд амжив. Учир нь олон жил амьдрах чадвартай цацраг идэвхит бодисын хордуулах чанар нөлөө нь бүрэн гүйцэд арилаагүй байхад түүнийг нойрсуулсан газартай хаяа нийлүүлэн орон сууцны барилга барихаар шавыг нь тавиад байгаа юм. Гай газар дороос, гахай модон дотроос гэдэг шиг ёстой л газар дороос гарах гай шинээр баригдах байрны түлхүүрийг атгах хүмүүсийг сандаргаж, оршин суугчдад цацраг идэвхит бодис нөлөөлж болзошгүй гэсэн айдаст автуулжээ. Энэ талаар БХБ-ын сайд Ж.Наранцацралтаас тодруулахад Ямар нэгэн ерөнхий төлөвлөгөө хийх болон барилга байшин, шинэ хороолол барих асуудалд нухацтай хандаж, орчны шинжилгээ хийсний үндсэн дээр шийдвэр гаргадаг. Тийм учраас орчны шинжилгээ нь бүрэн хийгдсэн. Одоо ямар нэгэн аюул байхгүй гэсэн хариулт өгөв. Ямартай ч Яармагийн дэнжид нойрсуулсан стронци аюулгүй болсон нь сайн хэрэг. Харин хэдэн жилийн дараа өнөөдөр нийгмийг түгшээгээд байгаа Мөнгөн ус, цианит шиг гамшиг тарихгүй л байгаа даа.
Ж.Ану
2007.05.22 Өглөөний сонин