Жижиг намын том тунирхал
Эв нэгдлийн засгийн газрын Эрүүл мэндийн сайд болонгуутаа дэд сайдаараа томилж байсан А.Отгонболдыгоо АТН-ын дарга Л.Гүндалай гэнэт санасан уу, өчигдөр Засгийн газраас түүнийг эргүүлэн татах шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдлээ. МАХН-ын, АТН-тай байгуулсан гэрээ хүчингүй болсноос хойш өчнөөн олон cap өнгөрсөн ч Л.Гүндалай дарга Засгийн газар дахь ганц төлөөллөө мартаж, өнгөрсөн хугацаанд МАХН-ыг дангаараа хариуцлага хүлээх ёстой хэмээн ярих болсон. Саяхан нэгэн телевизийн ярилцлагад орохдоо хүртэл энэ Засгийн газарт манай намын төлөөлөл байхгүй хэмээн мэлзэж, сэтгүүлчидтэй нь мөрийцөхөд ч бэлэн байсан билээ. Гэтэл тэрбээр Эрүүл мэндийн дэд сайдаар томилсон АТН-ынхаа Удирдах зөвлөлийн гишүүн А.Отгонболдыгоо мартсан байсан уу, аль эсвэл А.Отгонболд нь МАХН-д элсчихсэн үү чимээ аниргүй байсаар өнгөрсөн хугацааг үдсэн юм. Уг нь нэг хэсэг А.Отгонболдыг МАХН-д элсэх гэж буй талаар шивнээ яриа гарч байсан. Тэр үед загас мэт дуугүй байсан Л.Гүндалай гишүүн гэв гэнэт ийм шийдвэр гаргасан нь олон хүнийг гайхахад хүргэлээ. Хамгийн гол нь тэрбээр энэ шийдвэрээ ганцаарчилан гаргасан гэх бөгөөд А.Отгонболдтой ч ярьж тохиролцоогүй аж. Гэхдээ АТН-ын нэг дэд сайд Засгийн газраас гарсан ч, орсон ч энэ нь М.Энхболдын засгийн газарт нэг их нөлөөгүй хэмээн ажиглагчид үзэж байна. Тэртэй тэргүй АТН-ын хувьд парламентад албан ёсоор суудалтай гэж хэлэхэд хэцүү завсрын нам. Энэ утгаараа өнөөдөр АТН-ын дарга Л.Гүндалай Ерөнхий сайдаас намынхаа гишүүнийг огцруулж өгөхийг хүссэн нь түүний бас нэгэн пиарын хэсэг гэж ч үзэх хүн байна. Гэхдээ сүүлийн үед Эрүүл мэндийн яамыг МАХН-ын гишүүн тэргүүлэх болсноос хойш экс сайд Л.Гүндалайтай холбоотой олон ноцтой баримтыг дэлгэсэн. Магадгүй энэ нь түүнийг ийнхүү шаралхах, дэд сайдаа татаж тунирхах гэсэн оролдлогыг ч төрүүлсэн байж болох юм. Үнэндээ энэ нь АТН шиг жижиг намын хувьд улстөрийн ач холбогдолгүй, жижиг шоунуудынх нь л үргэлжлэл болоод өнгөрөх нь тодорхой. Харин МАХН-ын хувьд АТН-ын тавьсан энэ хүсэлтийг нэг их цааргалалгүй баяртай хүлээн авах нь ойлгомжтой. Тус намд албан тушаал горилогчдын арми МАХН-ын жигүүрийнхнээс эхлээд дугаарлачихсан, ээлжээ хүлээж байгаа нь үнэн. Тэгээд ч сүүлийн үед МАХН дахь жигүүрийнхнээс одоогоор албан тушаалгүй үлдээд байгаа С.Удвал, Ц.Оюунбаатар нарт албан тушаал амласан тухай яригдах болсон бөгөөд энэ яриа зүгээр нэг бор шувуу ч биш байсан бололтой.
Жижиг намын том тунирхал аа гэж.
Д.Алтай
2007.05.22 Өглөөний сонин