С.Юндэн Цианид аюулын харанга дэлдэж байна
Дархан-Уул аймгийн Хонгор суманд цианид натрийн хордлого олон хүнийг хамарч өвчлүүлснээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Засгийн газар, салбарын яамдын удирдлагууд энэ хордлогыг нэг их онцолж үзэхгүй Гайгүй. Тэгж л байдаг юм гэсэн байдлаар хандаж байгаа. Гэтэл хүмүүс аймшигтай цочирдож, цаашид энэ нутагт амьдрал байх, эсэхдээ тулаад байгаа. Ажил мэргэжлийн олон хүн энд очиж ажилласнаас хамгийн сүүлд Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн зөвлөх эмч, ЭМЯ-ны Амь тэнссэн үеийн анагаах ухааны мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор С.Юндэн очиж ажиллаад иржээ. Түүнтэй ярилцлаа.
-Манайхан цианид натри гэдгийг хор ч юм уу, эм ч юм уу, төдийлөн ялгаж мэддэггүй. Хааяагүй л нунтаг цагаан юм асгарч байх болсон. Уг сурвалжаас нь та бидэнд сайн ойлгуулж болох уу?
-Циан гэдэг маш аюултай хор шүү дээ. 16 дугаар зууны үе буюу Людвик хааны үед энэ хорыг хэрэглэж байсан. Олон хаадын аминд хүрснээрээ хаан хор гэж нэрлэгддэг тал ч бий. Ер нь л хөнөөх аюулынхаа хувьд нэг номерын хор. Цианы хор хөнөөлийг дутуу үнэлж болохгүй. Манайхан дэндүү хайнга хандаж байгаа юм. Өнөөдөр цианид натри, мөнгөн усыг жирийн хятад монгол иргэд, тэр битгий хэл хүүхдүүд хүртэл ил задгай хэрэглэж байгаад харамсахаас өөр арга алга. Аюул хэлж ирэхгүй, хийсч ирнэ.
-Та Хонгор суманд ажиллаад ирлээ. Газар дээрээ байдал ямар байна?
-Хонгор суманд гарсан цианидын хордлогын голомтод, хордлогын яаралтай төвийн баг ажиллалаа. Сумын төвд нийт 214 хүнийг шинжилгээнд оруулж үзсэнээс химийн гаралтай амьсгалын замын цочмог үрэвсэлтэй 54, арьсны тууралтад үрэвсэлтэй 67, дээрх хоёр өвчний хавсарсан шинж тэмдэгтэй 67, нүдний салстын үрэвсэлтэй долоон хүн, ходоод гэдэсний замын хямралтай 12, невростени өвчтэй долоон хүн байна.
-Өөр байдлаар хүний биед нөлөөлөх тал байх уу. Зурх судасны өвчин хямрах зэрэг?
-Байна аа. Цианидын нэгдлийн агаарт ууршсан ууршилтаас үүссэн амьсгалын зам, арьс салстын цочролоос гадна уусан уснаас гаралтай ходоод гэдэсний хямрал, даралт ихсэх, архаг хууч өвчтэй хүмүүсийн хууч сэдрэх зэрэг эмгэг өөрчлөлтүүд илэрч байна. Нийт хордлогод нэрвэгдэгсдийн хордлогын зэрэг нь 97 хувь хөнгөн, гурван хувь дунд зэрэглэлтэй байна.
-Ийм хордлоготой хүмүүсийг яаж эмчилдэг юм бэ?
-Хордлогод нэрвэгдсэн нийт хүмүүсг хордлого тайлах эмчилгээ хийж байна. Хордлогын дунд зэрэглэлтэй хүмүүсийг сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, хяналт тавьж байна.
-Эдгэрэлт ер нь хэр хугацаатай байдаг юм бол. Зарим хүмүүс цианид натрийн хордлого эдгэрлээ ч үр удамд нөлөөлдөг гэх юм. Тийм хортой ул мөр байх уу?
-Эдгэрэлт нь хүний биеийн онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан янз бүр байж болно. Итгэлтэй хэлэхэд, ийм хэмжээний хордлого эдгэрнэ. Харин үр удамд нөлөөлөх тал байхыг үгүйсгэх аргагүй. Манай зэвсэгт хүчний клиникийн төв госпиталаас 1.1 сая төгрөгийн эм тариаг сумын эмнэлэг, иргэдэд үнэ төлбөргүй олголоо.
-Хордлого газар авч Дарханд хүртэл нөлөөлсөн, хүн өвчилсөн гэсэн яриа байна. Та түүгээр очив уу?
-Дарханд хоёр хүн цианидын хордлогоор өвчлөөд Дарханы нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа. 21 дүгээр хорооллоос очсон юм билээ. Дунд зэргийн хордлоготой, биеийн байдал гайгүй илааршиж байгаа. Манай багийнхан үзлэг хийж эм тариагаар хангахын зэрэгцээ Дархан-Уул аймаг, Хонгор сумын эмнэлгийнхэнд цианид натрийн хордлого тайлах, эмчлэх талаар зөвлөгөө өгч, зөвлөмж бичиж үлдээсний дээр нийт ард иргэдэд зориулсан санамж гаргалаа.
-Хордлогын голомтыг цэвэрлэх, саармагжуулах ажил хэр хийгдэж байх шиг байна. Ер нь газрын хөрс, ус, агаар бүхэлдээ хэвийн байдалд орчих боломж байдаг юм болов уу. Зарим хэвлэлд нэгэнт хордсон газар шороо, ус, агаарыг цэвэршүүлэх нь найдвар тун муутай юм шиг бичсэн байна билээ?
-Хордлого гарсан голомтыг цэвэрлэх, саармагжуулах, хоргүйжүүлэх ажил хийгдэж байна. Хортой газар хүн ажиллана гэдэг хэцүү шүү дээ. Эхний үед Дарханыхан энэ голомтод ажиллаж байсан юм билээ. Хамгаалах хэрэгсэл муутай, туршлага багатайгаас өөрсдөө өвчилсөн явдал ч бий. Сүүлд Улаанбаатар хотоос онцгой байдлын шугамаар нэлээд хүн очиж ажиллаж байна. Тэд бол хамгаалах хэрэгсэл сайтай, илүү сайн туршлагажсан баг учраас саармагжуулах, хоргүйжүүлэх үйл ажиллагаа нэлээд эрчимтэй явагдаж байна. Гэхдээ тайвшрах аргагүй. Янз бүрийн байдлаар, бүр аюултай хордлого өгч болно шүү дээ. Хордсон ус газрын гүн рүү хэр зэрэг нэвчсэн юм, одоо бороо орвол урсгал усаар дамжин хаа хүрэх юм, үүл болоод хаа нэг газар бууж болно. Шийдээгүй олон асуудал биднийг зовоож байна шүү дээ.
-Нэг зүйлийг ойлгохгүй байна. Хонгор сумын худгууд хордчихоод Дарханаас ус зөөж байгаа сураг байсан. Тэр олон мянган хүний цэвэр усны хангамжийг Дарханы зөөврийн усаар хангана гэж баймааргүй юм?
-Зөвхөн ундных нь усыг ч зөөврөөр хангаж барахгүй шүү дээ. Хэдэн орон сууцанд л зөөврийн ус өгөөд, гэр хорооллынхон дуртай газраасаа л ус авч байх юм билээ. Ахуйн хэрэгцээний ус бол ч бүр ярихын аргагүй.
-Та нар голомтод ажиллаад ирлээ. Хаана танилцуулж, ямар арга хэмжээ авахуулах гэж байна?
-Бид голомтод ажилласан тухайгаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж байна. Яаралтай авах арга хэмжээ бол цианидаар хордсон газрын шороо усыг цэвэрлэх зайлуулах, саармагжуулах, хоргүйжүүлэх явдал юм. Үүнд нэн шаардлагатай хөрөнгө мөнгө, хүн хүчийг гаргаж даруй шийдмээр юм гэдгийг санал болгож байгаа. Нөгөө нэг чухал асуудал, зөвхөн Дархан-Уул, Хонгор сумаар зогсохгүй, Монголд алт олборлож байгаа бүх газрын ажиллагсад, оршин суугчдын дунд эрүүл мэндийн үзлэгийг хугацаа алдалгүй хийх шаардлагатай юм байна гэдгийгтөр, засгийн удирдлагууддаа сонордуулж байна. Ийм хордлого, үүнээс хүчтэй хордлого цаашид гарахыг байг гэх газаргүй. Иймээс хэд хэдэн асуудлыг даруй шийдээсэй хэмээн санал болгож байгаа юм. Эрүүл мэндийн яаманд хордлогын асуудал дагнасан мэргэжилтэн зайлшгүй хэрэгтэй байна. Түүнээс гадна, Хордлогын яаралтай түргэн тусламжийн төвийг Хордлого судлалын үндэсний төв болгох төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй юм гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Мөн болзошгүй химийн хордлогын үед хэрэглэх хоргүйсүүрүүдийг Монгол Улсын эмийн жагсаалтад яаралтай бүртгэж, тодорхой хэмжээний нөөцтэй байхгүй бол болохгүй юм байна шүү гэдгийг санамж дохио болголоо. Тэрчлэн хор судлалын лабораторийг ч шинээр байгуулах зайлшгүй шаардлагатай болж байна. Энэ бүхнээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд илтгээд байна.
-Хонгор сумынхны хувьд сэтгэл амарлаа гэх үндэс байхгүй юм аа даа. Хэзээ болтол энэ хордлогын дарамтад байх бол?
-Хэлэхэд бэрх. Цианид натри, мөнгөн усны давхар хордлогод байгаа шүү дээ. Агаар, дуслын замаар хаа ч хүрч болно. Салхины доод талд нь 90 орчим айл байна. Тэнд нөлөөлөхийг байг гэх газаргүй. Агаар, ус, газрын хөрс, аль алинд нь яаралтай хоргүйжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм.
-Би мэргэжлээс чинь өөр нэг зүйл сонирхъё. Энэ хордлогыг санаатай ч юм уу, санамсаргүй ч юм уу, хийсэн хоёр хятад иргэний сураг байгаа. Тэднийг яасан бол. Манайхан хятадуудад сайн юм чинь тавиад явуулчихсан уу?
-Энэ тухай би хэлж мэдэхгүй байна. Цагдаа, хууль хяналтын байгууллагынхнаас лавласан нь дээргүй юу. Доктор С.Юндэнтэй ярилцаж байхад нэг л зүйл сэтгэл эзэмдэж байв. Монголд ер нь эзэн байна уу. Тийм аймшигтай хоруудыг машинаар нь, галт тэргээр нь оруулж ирчихээд газар, ус, агаарыг нь хордуулаад монгол хүмүүсийнх нь амьдрах орчин алдагдаад байхад төр, засгийн удирдлагууд нь огт тоосон шинжгүй. Салбарын яамдын сайд нар нь юу ч болоогүй юм шиг танилцуулаад, дэндүү хариуцлагагүй. Монгол орон чинь ер нь тэсэрч дэлбэрэх зүйл, хорт бодисын агуулах болоод байгаа юм биш үү. Ард түмэн үргэлжийн дарамтад, аймшиг дунд амьдрах боллоо. Шийдвэртэй арга хэмжээ авах цаг болоогүй гэж үү.
Галсангийн Жамьян
2007.05.22 Монголын мэдээ