Луусангийн хориход 261 эмэгтэй ял эдэлж байна

Тэд гэж нэрлээд байгаа хүмүүс маань Шүүхийн шийдвэр биелүүлэх Ерөнхий газрын харьяа 407 дугаар хорих ангийн хүмүүжигчид юм. Монголд ганцхан байдаг эмэгтэйчүүдийн хорих ангид хэн дураар очоод байх боломжгүй. Харин хорих ангийн эмэгтэйчүүдтэй өдрийн хугас уулзах боломжийг Хүний эрхийн үндэсний комиссынхон бидэнд олгосон юм.
Хамгийн отгон хүмүүжигч хоёр хоногтой
Хоригдлыг нийгэмшүүлэх нь сэдэвт эмэгтэйчүүдийн өдөрлөгийн ажиллагааг хорих ангийн танилцуулгаар эхэллээ. Хорих ангийн дарга хурандаа Д. Оюунбадам ангийнхаа үйл ажиллагааг нэг бүрчлэн тайлбарлан явлаа. Эх ба хүүхдийн байр гэсэн намхан цагаан байраар оров. Үүдэндээ сүүдрэвчтэй юм. Сүүдрэвч дор бяцхан хүүхдийн өмд, цамцтохсон харагдана. Одоогоор энэ байранд найман сартай Э.Маргад охин, У.Мөнх-Эрдэнэ хүү хоёр ээжүүдтэйгээ амьдардаг юм байна. Гэхдээ энэ хоёр хүүхэд дөрвөн сарын дараа ээжүүдээсээ сална. Хуульд зааснаар хүмүүжигч эхчүүд хүүхдээ нэг нас хүртэл нь асран хамгаалаад бусдын халамжинд шилжүүлэх ёстой. Харин улсын асрамжид уу, эсвэл хамаатан садандаа шилжүүлэх үү гэдэг нь тухайн хүмүүжигчийн ар гэрийн амьдралаас шалтгаалдаг аж. У.Мөнх-Эрдэнийн ээж Б.Уранчимэгтэй уулзлаа.
-Хүү чинь дажгүй юу?
-Сайн байгаа.
-Энд ирээд удаж байна уу?
-Жил гаруй л болж байна.
-Ямар хэргээр ял авсан юм бэ?
-Хулгайн хэргээр.
-Олон удаагийн давтан үйлдэлтэй юу?
-Гурван удаагийнх.
-Хэр хэмжээний хохирол учруулсан бэ?
-Эхнийх нь 10000 төгрөг хулгайлаад тэнсэн авсан. Дараа нь тавин мянган төгрөг хулгайлсан. Хамгийн сүүлд гар утас, 100 ам.доллар хулгайлсан тэгээд л
-Манай сониноор дамжуулаад гэр орныхондоо хэлэх зүйл байна уу?
-Сэлэнгэ аймгийн Бугант суманд байгаа аав, ээждээ зээ хүүгээ ирж аваарай гэж хэлмээр байна. Төрснөөс нь хойш манайхаас хүн ирээгүй ээ гэв. Маргад, Мөнх-Эрдэнэ хоёрынх удахгүй бүл нэмнэ гэнэ. Цугтаа амьдрах хоёр хүүхэд ээжтэйгээ хорих ангийн эмнэлэгт хэвтэж байлаа. Хүмүүжигч С.Батцэцэг төрөөд долоо хонож байгаа гэнэ. Харин С.Гансүх төрөөд дөнгөж хоёр хонож байгаа аж. С.Батцэцэгээс ямар хэргээр энэ газрын хаалгыг татсаныг асуусан юм. Тэрбээр 10 жилийн ял эдлэх шүүхийн шийдвэрийг өнгөрөгч оны 12 дугаар сарын 22-нд сонсчээ. Аав, ээжээсээ өнчирч хоцорсон С.Батцэцэг мөн л давтан хулгайн хэргээр энд ирсэн аж. Уг нь төр, засаг өнгөрсөн жил өршөөсөн юм байна. Гэвч энэ удаад гар утас, 40 мянган төгрөг хулгайлаад дахиад л шоронгийн хаалга татжээ. Гэхдээ хохирлыг бүрэн барагдуулсан гэдгээ дахин дахин хэлж байлаа. Хорих ангийн эмнэлгийн их эмч, дэд хурандаа Л.Хэрлэнцэцэгтэй цөөн хором уулзсан юм.
-Эмэгтэйчүүдийн өвчлөл хэр байна вэ?
-Бөөрний өвчнөөр ихэвчлэн өвдөх юм. Даралт ихсэх өвчин ч элбэг. Энэ нь сэтгэл санааны хямралтай байдгаас ч шалтгаалдаг байх л даа. Мөн гэмтэл авсан эмэгтэйчүүд их ирж байна гэлээ.
Сэмээрхэн шагайгаарай
Биднийг очих үед хүмүүжигч эмэгтэйчүүд бясалгалын хичээлд ээлжлэн сууж байлаа. Хорих ангийн ажилтан, дэд хурандаа Б.Оюунаа
-Америкийн бясалгалаар мэргэжсэн Вивен гэдэг эмэгтэй манай хорих ангид ирсэн байгаа. Бясалгалын хичээл үр дүнгээ сайн өгдөг гэсэн. Сэтгэл санаа нь ариусаад шал өөр болчихдог гэнэ лээ. Манайхан долоо хоног цагаан хоол идээд, хэнтэй ч юу ч ярихгүй байгаа шүү гэв. Зөөлөн эх-ийн гэгддэг Цэрэндэжидтэй ганц үг сольё гэсэн гуйлтад минь ийм хариулт өгсөн юм. Тэгээд бясалгал хийж байгаа өрөө рүү сэмээрхэн шагайна шүү гэлээ. Одоо эмэгтэйчүүдийн хорих ангид нийт 261 хоригдол хүмүүжиж байгаа аж. Үүнээс 54 нь чанга дэглэм гэсэн тодотголтойгоор ялаа эдэлж байгаа юм байна. 407 дугаар хорих ангийнхан АНУ руу бараа бүтээгдэхүүнээ экспортолдог оёдлын үйлдвэртэй юм билээ. Үйлдвэр нь их цэлгэр, оёдолчид ихэвчлэн цэрэг, цагдаагийн хувцасны багагүй хэсгийг үйлдвэрлэдэг гэлээ.
Д.Цэнд эмээ наранд гарахад хоёр жил дутуу
Д.Оюунбадам хурандаагийн хэлснээр нийт хүмүүжигчдийн 80 хувь нь 35-аас доош насныхан юм байна. Харин жараас дээш насны таван хүмүүжигч байдгийн нэг нь Ж.Цэнд гуай юм билээ. Залилангийн хэргээр шоронгийн хаалгыг олон удаа татсан энэ хүн нийт 39 жилийн ял сонсчээ. Гэхдээ хоёр жилийн дараа эндээс гарна. Биднийг хүмүүжигчдийн өрөөгөөр явж байхад 62 настай хүмүүжигч Д.Цэрэндолгор өрөөндөө ганцаар сууж байсан. Таяг тулж суугаа тэрбээр ажилд гарч чадахгүй байгаа аж. Хүн амины хэргээр 15 жилийн ял авсан энэ хөгшин 10 жил энд байгаа гэнэ. Д.Цэрэндолгор гуай шоронгоос гараад эгч дээрээ очих юм гэсэн. Хэний ч хүсэмгүй энэ газарт ирэхдээ тэрбээр 30 нас хүрээгүй байсан гэнэ. Түүний ганц хүү нь нас барсан аж. Чанга дэглэмтэй хүмүүжигчид амьдардаг навтгар цагаан байшинг зүглэлээ. Тавь гаруй эмэгтэй энд нэлээд чихцэлдэж амьдардаг юм байна. Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Д.Солонгыг нэгэн хүмүүжигч уйлсаар угтлаа. Баянгол дүүргийн шүүхээс 11 жилийн ял сонссон 62 настай энэ эмэгтэй хүн амины хэргээр энд иржээ. 2004 онд хүний гавьяат эмч гэдэг эрхэм цолыг хүртэж явснаа ч хэлэв. П.Мажиг гэгч энэ эмэгтэй өөртөө хэтэрхий хүнд ял оноосонд гомдолтой явдгаа Хүний эрхийн үндэсний комиссынхонд ховлоод авлаа. Албаны хүмүүсийг хараад хүмүүжигчид бүгд л өөрсдийнхөө талаар ярих гэж их хичээцгээдэг юм билээ. Жишиг хорих ангиуд байгуулах яриа яригдаж байгаа. 2007 оны төсөвт 350 сая төгрөгийн төсөв суулгаж өгсөн байна лээ. Манайх Налайх, Биокомбинат тийшээ нүүж магадгүй юм гэсэн. Гэхдээ энэ нь ажил болтол удна шүү дээ гэж Д.Оюунбадам хурандаа ярьсан юм.
ХЗХ-ны хүүхнүүд бяцхан үймээс үүсгэжээ
Монгол Улсын хүний эрхийн комиссын дарга Д.Солонго, ХЭҮК-ны ажлын албаны дарга Б.Үнэнбат нар хорих ангийн эмэгтэйчүүдэд өөрсдийн ирсэн зорилгоо танилцуулж байх үеэр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлагч Ц.Шаравдорж гишүүнийг ирэх долоо хоногт ирэх тухай дуулгав. Манай одоогийн мөрдөж байгаа Эрүүгийн хууль хүндэддэг гэж дээр доргүй ярьж байгаа энэ үед тэдний хувь заяаг шийдэлцэхэд чухал нөлөө үзүүлэх хүн ирнэ гэсэн нь тэднийг ихэд баярлуулав бололтой. Д.Оюунбадам хурандаа,
-Саяхан хадгаламж зээлийн хоршооны хэдэн хүүхнүүд бяцхан бужигнаан үүсгэлээ. Ялын бодлого хүнддэж байна гэсэн эсэргүүцлээ бидэнд илэрхийлсэн. Бид үүнийг шийддэг хүмүүс биш шүү дээ гэж ярилаа. Одоогоор тус хорих ангид Ажилчны бөх, Жигүүр инвест, Глоб кредит, Оюу Алт, гэсэн хоршоодын долоон хүн хүмүүжиж байгаа юм байна. Хүний эрхийн үндэсний комиссынхон энэ удаад юутай ч бичиг баримтгүй 44 эмэгтэйг бичиг баримттай болгож, 10 гаруй эмэгтэйг Абука үсчний дамжаанд сургахаар болсон юм. Цаашид ч мөн ээлжит ажлуудыг зохион байгуулахаа илэрхийлсэн.
Г.Мандуул
2007.05.22 Монголын мэдээ