Чөлөөтийнхөн Махачкалад
48 кг-д зодоглосон гавьяат тамирчин Ц.Энхжаргал алтан медаль хүртэж, манай тивийн хошой аварга хэмээх алдрыг хуртсэн. Харин Д.Нармандах (59 кг) мөнгөн медаль зүүсэн бол эрэгтэй бөхчүүдээс 84 кг-д хүч үзсэн Ч.Ганзориг мөн мөнгөн медалийн эзэн болсон юм. Тэгвэл Э.Ням-Очир (55 кг), У.Баярхүү (66 кг), Б.Одончимэг (63 кг), Ц.Баярзаяа нар хүрэл медалийн тавцнаа зогссон билээ. Медалийн эзэн бүсгүйчүүд эх орондоо ирсэн. Тэд олон улсын Найрамдал зусланд сэргэлтийн бэлтгэлд гарчээ. Харин эрэгтэй тамирчид ОХУ-ын Махачкала хотод хамтарсан бэлтгэл хийж байгаа юм. Үндэсний шигшээ багийн тамирчдыг ахлах дасгалжуулагч Б.Баяраа удирдаж яваа аж. 45 хоногийн хугацаандаа тамирчид маань олон улсын тэмцээнд ч оролцох юм байна. Манай бөхчүүдийг нэлээд хэдэн олон улсын тэмцээн хүлээж байгаа. Түүнээс Бээжингийн олимпийн эрхийг олгох нь ирэх есдүгээр сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Уг тэмцээний эхний найман байрт шалгарсан тамирчид Бээжин-2008″-д оролцох эрхтэй болох юм. Түүнчлэн ирэх жил болох ААШТ-д аваргалсан бөхчүүд мөн л Бээжинг зорино. Олимпийн эрх олгодог дөрвөн тэмцээний үлдсэн хоёр нь сонгон шалгаруулах тэмцээн юм. Бээжингийн олимп хоног хоногоор ойртож буй энэ үед манай тамирчдыг хүлээж байгаа гол дөрвөн тэмцээн гэвэл дээрх.