Ц.Элбэгдорж хүн биш улстөрч
Сонгуулийн гарааны жилийг угтсан гүжрийн үер цутгаж эхэллээ. Үүнийг орчин үеийн хэллэгээр хар пиар гэлцэх болсон юм билээ. Өнөө жилийн хувьд зөвхөн ажил төрлөөр нь бус, эхээс төрсөн бие хаа, өнгө зүс, өндөр нам гээд сэтгүүлчдийн уриа лоозон болгоод байдаг ёс зүйг уландаа гишгэж эхэллээ.
Ц.Элбэгдоржид улстөрчийн имиж байхгүй. Ямартаа ч монгол эр хүний шинжийг өвтэгш цогцлоосон гээд хэлчихвэл олон хүн өөдөөс хэлээ гаргах биз. Тэгвэл ажлын арга барил нь. Тэрбээр бусад улстөрч нөхөд рүүгээ нохой шиг ноцдог нэгэн. Өөрийгөө тодруулж харагдуулахын тулд хэнийг ч юу ч гэж гүтгэхээс сийхгүй. Ингэхдээ одоо хийж байгааг нь бус, олон жилийн өмнөх, урьд хождын юмыг нь ухаж төнхөнө. Үнэхээр шүүмжилмээр байвал одоо хийж байгаа ажлынх нь зөв буруу, алдаа оноог улайтал хэлээд засч залруулаад өгөх болов уу гэхээр чадвар мэдлэг нь дутна. Дээр нь өөрөө яг одоогийн байдлаар Монголд хэн ч биш болчихоод байгаа нь чөдөр тушаа болдог бололтой. Нэгэнтээ хүнд суртал, цаас, авлига гээд амьгүй бүхэнтэй дайтаж шоудсан тэрбээр гурав дахь удаагаа засаг тэргүүлэх. цаашилбалНэг жишээ дурьдахад тэр авлигатай тэмцээд ялсан ялагдсан нь тун тодорхойгүй. Бидэнд олдсон мэдээллээс үзэхэд авлига гуайд ялагдаад, авлигагүйгээр ахиж дэвших аргагүй юм гэдгийг насандаа мартахааргүй ухаараа юу гэлтэй. Яагаад гэвэл мань эр яг одоогоор Их тэнгэрт байрладаг, Номин Холдингийн гэх сарын 3000 ам.долларын төлбөртэй хауст аж төрж байгаа гэнэ. Орон гэрээ яачихаад түр зуур төлбөртэй байранд тарвалзах болов. Уг нь монголчууд сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэгсэн.
Үнэхээр түүний мөнгө нь багтаж ядаж буй мэт. Түүний зөвхөн нэг сарын төлбөр 3000 ам.доллараар нэг байтугай нэлээд хэдэн жирийн монгол иргэдийн амьдрал хэрхэн дээшлэх вэ гэдгийг нурших нь илүүц биз. Хамгийн ойрын жишээ татахад саяхан миний ядуу найз нар 30 ам.долларын урьдчилгаа төлж солонгос хэлний сургалтад хамрагдан, улмаар Солонгост очиж ажиллах гэсээр хэд хоног цэнгэлдэхийн гадаа хонов. Гэтэл 30 ам.доллараа залилуулаад, дээр нь хамаг бичиг баримтаа алдчихсан гэх цөөнгүй иргэд сайхан амлалт өгч байсан гишүүдээ намнахаар Төрийн ордныг гороолж явна. Энэ мөчид өнөөх ард түмэнд хамгаас хайртай, энгийн иргэддээ дэндүү ойр болохоо харуулах гэж тэврэн шулсдэж явдаг Элбэгээ дарга нь арван. хүний амьдралын баталгаа болохуйц мөнгөөр тансаг хауст нэгэн хоногийг төөрүүлж, тэдний дээрээс ёстой л шүлсээ хаяж сууна. Тэр ард түмний тасархай мөн гэж үү. Харин хэдхэн сарын дараа дээдсийн тансаглалд байснаа мартчихаад ядуу ардын бор овоохойд мөлхөн орж, хар талхнаас нь урж тасдан идэж эгэл боргил нэгэн болохоо нотлох гэж жүжиглэнэ. Бас хэдэн жилийн өмнө Харвардын төгсөгч болон жүжиглэж, дамжаархуу юманд сурч байх яг тэр үед түүний гар хөл бологсод нь Брау хауст 100 саяын үнэтэй байр зэхчихсэн байсан гэдэг.
Тэр бусдын адил, магадгүй хавьгүй илүү шуналтай хүн. Энэ бүхнийг авлигад дургүй, ард түмэндээ хайртай жирийн улстөрчийн хэрэглээ гэх үү. Бас дээр нь Алтан микрофон наадам дээр загвар өмсөгч Одгэрэлийг хөтлөн гүйсэн, бизнесийн анд Х.Баттулгынхаа хувийн эзэмшилд байдаг Баянгол зочид буудлаар хоног төөрүүлдэг гээд хэлэхэд байтугай сонсоход сонор гутам мэдээлэл үе үе нэр төрийг нь булингартуулж байдаг. Энгийнээр хэлбэл найр наадам, зугаа цэнгэл, ужид самуунаас буцдаггүй нь харагдаад байдаг. Сайн түшмэл сайхан хүүхэн сархад хоёроос болж балардаг гэдэг. Гэтэл саар түшмэл харин ч тэдгээрээр имижээ тодорхойлдог бололтой. Нөгөөтэйгүүр авлигагүй улс төр гэж байдаггүйг ойлгосны бас нэг жишээ нь өөрийнх нь төлөө эцсийн амьсгалаа дуустал зүтгэхэд бэлэн байсан, намынх нь Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, товчхондоо пиарчин А.Баатархуягийг ашиглаад хаяж чадсан явдал. А.Баатархуяг бол чадварлаг сэтгүүлч. Тиймдээ ч түүний амьсгалаас бусад нь худал гэсэн тодотголыг үгүйсгэн хазгай гишгэсэн мөр болгоныг нэгбүрчлэн цэвэрлэж явснаар Элбэгээ өдий зэрэгтэй хүний нүүр эгцэлж харахтайгаа болсон. Наад зах нь нүүрээ улалзуулан байж хань ижлээ хамсаатан болгон люмпенгүүдийн жагсаал цуглааныг зохион байгуулж байсан, зохих шагналаа ч авсан. Харин эцсийн мөчид ахдаа эвгүй жийлгэсэн боловч зөв сонголт хийсэн гэдэгтэй нь үзэг нэгт нөхөд нь ам сайтай байдаг.
Ц.Элбэгдорж хэзээд найз нөхөдгүй байсан, цаашид ч тийм л байх биз. Түүнтэй нөхөд мэт байсан хүмүүс үргэлж хуурамч, түр зуурын баг зүүсэн нөхөд байсан юм. Салсан хойноо ч ам сайтай байх нь ховор. Өөрөөр хэлбэл тэр дэндүү олон хүнийг гомдоож, хүншгүй загнаж нүгэл хураасан байдаг. Ойрын үед АН-ын ах МоАХ бас нэгэн шинэ намыг төрүүлэх гэж байгаа гэсэн мэдээлэл чих дэлсэх болов. Уг нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр саяхан хөл толгой, хүзүү сээрээрээ холбогдон нөхөрлөж байсансан. Магадгүй ардчиллын анхдагчид сүүлд ургасан эврээ хэзээ нэгэн цагт хэрэг болно, өөд нь татна гэж хоёр нүдээ ширгэтэл хараад эцэст нь ийм алхам хийхэд хүрсэн болов уу. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдоржийг хүн биш улстөрч юм байна гэж ойлгосон хэрэг. Нарийндаа бол шинэ намыг санаачлагчид Х.Баттулгаар ахлуулах тун дургүй байгаа гэсэн. Учир нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёроос хавьгүй цэвэрхэн хүмүүс ийн нэгдэж, ардчиллын нэрийг дэвсэлж албан тушаалд хүрсэн тэр хоёртой нэгийгээ үзэхээр зэхэж байгаа аж.
Х.Баттулга МоАХ-г тэргүүлж байгаагийнхаа хувьд удахгүй төрөхөөр дуншиж буй намд хошуугаа шигтгэх гэж их л тэмүүлж байгаа. Гэвч нэгэнт алдсан итгэлийг яалтай. Ингээд аваад үзэхээр Ц.Элбэгдоржид улс төрчийн долоо байтугай далан муу шинж бүрджээ. Хатуухан хэлэхэд түүний улс төрийн сүүлчийн өдрүүд үргэлжилж байж ч мэдэх юм.