Шашнаас гоёлд шилжсэн ээмэг
Омог бүр өөрийнхөө сүсэг бишрэлийг амьтны ясаар дүрслэн хүзүүндээ зүүдэг байсан нь яваандаа ээмгэнд шилжжээ. Яваандаа алт, мөнгө, үнэт металлаар хийж гоёлд хэрэглэдэг болсон байна. Дундад зууны үед зевхөн баячууд л алмазан шигтгээтэй алтан ээмэг зүүх эрхтэй. Харин дорно зүгийн ноёд, баячуудын гангараа нь алтан гархи байсан гэнэ. Энэ үед эрэгтэй, эмэгтэй гэж хүйс ялгалгүй бүгд ээмэг зүүдэг байсан аж. Нийгэм хөгжиж дэвшихийн хэрээр ээмэг зүүлтний үнэ цэнэ улам гаарч эхэлжээ. Баячууд эхнэрийнхээ алмазан шигтгээтэй ээмэг зүүлтээр өрсөлдөн, энэ нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурь, хөрөнгө чинээг тодорхойлдог байж.
Харин XXI зууны үеийн хүмүүс ээмгийг өдөр тутам, баяр ёслол зэрэгт хэрэглэдэг болсон нь нэгэн ойлголтыг өөрчилсөн. Өнөө үед залуучууд гэлтгүй бүх насныхан хувцас цүнхээ энгийн хийцтэй ээмэгтэй хослуулан хэрэглэх болсон нь ээмэг заавал алт монет, алмаз, шүр байх албагүйг харуулсан. Алт монетон ээмэг зүүхэд насны хязгаар, хориг байдаггүй ч нас бага, цус шингэн залуус алт үнэт эдлэл хэрэглэх нь зохимжгүй гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрчээ.
Сүүлийн үед залуус барууны оддыг дуурайн хип, хоп, R&В стиль илэрхийлэгч өрөөсөн ээмэг зүүх болсон. Харин яагаад хип хопыг үүсгэгч Харууд чихэндээ хэдэн саяар үнэлдэгдэх шигтгээтэй ээмэг зүүх болсныг сонирхуулъя. Нийгэмд харууд гэж ад үзэгдэн, ядуу тарчиг өссөн өвгөдийнхөө эдэлж амжаагүй бүхнийг тэд одоо л харуулж байгаа нь энэ гэнэ. Алмазан шигтгээтэй ээмэг зүүлтийг дааж ядан зүүснээр баян болсноо харуулдаг тэд үүнийгээ өөрсдийн стиль имиж болгож чаджээ.
Олонд танил уран бүтээлч, дуучин С. Эрдэнэтунгалагийн гоёл үнэт эдлэлийн талаарх бодлыг сонирхъё
– Та хэдэн ээмэг зүүлттэй вэ?
– Тоглолтод хэрэглэдэг нэлээд олон бий. Ер нь эмэгтэй хүн ээмэг сонирхдог байх хэрэгтэй л дээ. Жижигхэн нь ч гэсэн эмэгтэй хүнийг чимж, гоё сайхан харагдуулдаг.
– Хамгийн үнэтэй ээмэг чинь юу вэ?
– Өртгийн хувьд үнэтэй нь нэг монетон ээмэг бий. Харин миний хувьд үнэтэй нь гэвэл анхны тоглолтдоо зүүж байсан сувдан сондор зүүлт юм даа.
– Охид алт, монетон ээмэг их зүүдэг. Ямар санагддаг вэ?
– Болно, болохгүй гэж хэлж чадахгүй байна. Миний охин том болоод алт, монетон ээмэг зүүнэ гэвэл би хорьж чадахгүй. Тэр үед эмэгтэй хүний гоёл юугаар ч тодорхойлогдох юм билээ.
Нийгмийн толь (118/210)
С. Уянгазул