Л.Гүндалай А.Отгонболд МАХН-д ажиллаж байгаа юм бол албан ёсоор ав
Ард түмний намын зүгээс Эрүүл мэндийн дэд сайдыг эргүүлэн татлаа гэж Ерөнхий сайд М. Энхболдод мэдэгджээ. Ийм шаардлагад тус намын дарга, УИХ-ын гишүүн гарын үсгээ мутарлажээ. Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулахад хийсэн гэрээ цуцлагдсан учраас Эрүүл мэндийн дэд сайд А.Отгонболдыг албан тушаалаас нь эргүүлэн татаж байна гэж уг бичигт дурдаж. Түүнчлэн А.Отгонболдыг албан тушаалаас нь яаралтай огцруулах асуудлыг Засгийн газраар хэлэлцэхийг хүссэн аж. Монголын түүхэнд урьд нь сайд нь байсан нөхөр огцорсон хойноо дэд сайдаа эргүүлэн татна гэж айлгаж байсан тохиолдол гарч байгаагүй болохоор, хууль зүйн ямар тайлбар байгаа нь гайхалтай. Тэрээр эзэн нь юмаа мэднэ гэдэг шиг намынхаа хүнийг татаж авч байгаа юм даг уу даа. Гэвч А.Отгонболдыг анх өөрөө томилох үедээ нам бус гэж танилцуулж байсан. Тэгээд одоогийн МАХН-ын сайдтайгаа гайгүй эв түнжинтэй байгаа А.Отгонболд нь түүний зоргоор эргүүлэн татагдах уу, үгүй юу гэдэг нь сонирхолтой. Бас А.Отгонболд нь дэд сайдаар сонгогдох үедээ Ард түмний намын гишүүн биш байсан учраас МАХН-тай хийсэн гэрээнд хамаагүй гэж үзэх хүмүүс цөөнгүй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Ард түмний намын дарга Л.Гүндалайгаас тодруулсан юм.
Л.Гүндалай А.Отгонболдыг огцруулах ёстой. Нөгөөх нь ч урвагч л даа
-Эрүүл мэндийн дэд сайд тухайн үед нам бус байсан. Тэгэхээр МАХН түүнийг эргүүлэн татах асуудлыг хүлээн зөвшөөрнө гэж бодож байгаа хэрэг үү?
-МАХН-ынхан өөрсдөө гэрээгээ хүчингүй болсон гээд байгаа. А.Отгонболд манай намд элсээд гишүүн нь болчихсон. Тийм болохоор өөрсдийнх нь яриад байгаагаар гэрээ хүчингүй болсон юм чинь А.Отгонболдыг огцруулах ёстой. Нөгөөх нь ч урвагч л даа. Гэхдээ өөртэй нь холбож байгаа юм биш л дээ.
-Нөгөөх нь гэж А.Отгонболдыг урвагч гээд байна уу?
-А.Отгонболд аялдан дагалдаад байгаа болохоор цаадуул нь байлгаад байгаа байх. Ард түмний намын байр сууриас асуудалд хандаад эхэлбэл гэрээ цуцлагдсан юм чинь энэ хүнийг суудлаас нь хөөнө биз дээ. Намд нь ажиллаж байгаа юм бол тэр байр сууриа илэрхийлэх ёстой, МАХН. Хэрэв тийм бол албан ёсоор өөрсдөө ав гэсэн байр суурийг тавьж байгаа юм.
А.Отгонболд энэ талаар ямар нэгэн мэдээлэлгүй байна
Эрүүл мэндийн дэд сайд А.Отгонболд Дархан-Уул аймгийн Хонгор суманд ажиллаж байгаа юм. Тэрээр өнгөрсөн баасан гаригаас хойш тэнд ажиллаж буй. Харин өчигдөр Ерөнхий сайд Дархан-Уул аймгийн Хонгор суманд очсон. Ерөнхий сайд М.Энхболдын гар дээр шаардах бичиг хараахан очоогүй байсан бололтой. Энэ талаар мэдээгүй байжээ. Дэд сайд А.Отгонболд ч энэ талаар ямар нэгэн мэдээлэлгүй байсан. Энэ талаар албан бус байдлаар сураг сонсоод Ерөнхий сайдын л мэдэх асуудал шүү дээ гэсэн сурагтай. Тэрээр өнөөдөр /өчигдөр/ Хонгор сумаас нийслэл рүү гарсан. Өнөөдөр нийслэлд ирээд ямар нэгэн мэдэгдэл хийх бололтой.
(Ардын эрх 101/633)
Л.Төгс