Үйлийн үр гэж юу болохыг та мэдэх үү?
Энэ жил бурхан багшийн мэндэлсний 2550 жилийн ойг дэлхий даяар өргөн тэмдэглэж байгаа билээ. Манай улсад энэхүү баярыг номын буяны үйл бүтээн тэмдэглэж байна. Энэ сарын 31-нд Бурхан багшийн мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрч нярваан дүрийг үзүүлсэн шинийн 15-ны их дүйцэн өдөр тохиож байгаатай холбогдуулан Мамба Дацан хийд, Оточ Манрамба дээд сургууль, Манал бурхны хүүхдүүд нийгэмлэгээс санаачлан энэ сарын 29-ний 18 цагаас UB палас-т сүсэгтэн олонд зориулан хамба лам. Д.Нацагдорж номын өглөг уншиж, лүн хүртээх ажээ. Энэ талаар тодруулахаар Мамба Дацан хийдийн тэргүүн, Монгол Улсын гавьяат эмч, гэвш Д.Нацагдоржтой уулзлаа.
-Та унших номынхоо талаар сүсэгтэн олондоо хандаж бяцхан тайлбар хийхгүй юу?
-Энэ удаа би Эрдэнэт хүмүүний төрөл хийгээд үйлийн үр гэсэн лекцээ сүсэгтэн олондоо уншина. Энэхүү номын дууг хүртсэн хүн бүхэн үйлийн үрээ зовлонгүй давах болно. Жаахан тодруулж хэлбэл, хүн төрлөө ухаарч ойлгосны үндсэн дээр зовлонг танин мэдээд аз жаргалд хүрэх арга замд хөтлөх ач холбогдолтой номын өглөг лекц юм л даа.
-Ингэхэд үйлийн үр гэдэг маань чухам юу гэсэн үг вэ?
-Үйлийн үр гэдэг хүн бүхэнд байдаг бөгөөд одоо цагт бие, хэл, сэтгэлээр хийж буй үйл хөдөлгөөн. Харин үйлийн үр нь хожим буюу өнгөрсөн цагт гарч ирдэг. Хүн бүхэн өөрийнхөө хийсэн үйл хөдлөлийн үр дагаврыг л хожим эдэлдэг. Монголчууд олон мянган жилийн турш бурханы ном сургаалыг судалж, мэдсэний үндсэн дээр түүнийг шүтэж, хувь хүн болоод ард иргэд ариун номын сэтгэл гэгээрэл, буянтай зам мөрөөр явж ирсэн түүхтэй. Гэтэл сүүлийн үед ард түмний дунд ёс бусын хулгай дээрэм, гэмт хэрэг, архидан согтуурах явдал, хүчирхийлэл, авлига, хээл хахууль зэрэг олон муу үйл үзэгдэл гарсаар байгааг дүгнэж үзвэл төр болон шашны зүгээс ард иргэддээ хүн болж төлөвшдөг бурханы агуу сургаал номыг багаас нь зааж сургаж, хүмүүжил дадал олгоогүйтэй холбоотой гэж үзэж байна. Одоо эцэг эхчүүд хүүхдүүдээ сайн хүн болоосой гэж хэдий хүсдэг ч ямар замаар хэрхэн оюун санааг нь удирдан сайн болгон төлөвшүүлэхээ тэр бүр мэддэггүй. Миний бие үүнд л бага боловч тус болох үүднээс лекц унших гэж байгаа юм.
-Төлбөртэй юу?
-Сүсэгтэн олондоо зориулж хожим ирэх үйлийн үрийн тухай бага ч гэсэн мэдлэгтэй болоосой гэсэндээ хүн бүрийг хамруулах үүднээс хандаж байгаа болохоор төлбөргүй.
-Бурхан багшийн мэндэлсний 2550 жилийн хүрээнд өөр ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Удахгүй Америк болон Герман улсын сүсэгтэн олонд зориулан тус улсад зочлон энэ сэдвээрээ лекц унших төлөвлөгөөтэй байгаа.
(Ардын эрх 11/633)
М.Сайхан