Ирээдүйн зочид буудал сансарт ч, усан дор ч
Удахгүй зочид буудлууд танигдахын аргагүй болж, зөвхөн ер бусын зүйл үйлчлүүлэгчиддээ санал болгосон нь шалгарч үлдэх бололтой. Учир нь дизайнерууд уран зөгнөлт кинонд л байдаг, ирээдүйн гайхамшигт байгууламжуудыг санал болгож байна.
Анхны бөгөөд цорын ганц долоон одот Burj al-Arab бол дэлхийн хамгийн тансаг, хамгийн баян зочид буудал. Түүнийг эргээс 280м зайд орших хиймэл арал дээр барьжээ. 321 м өндөр, хөлөг онгоцны дэлгэсэн далбаа мэт хэлбэртэй. Буудлын үүдний танхимыг л гэхэд 22 каратын алт болон 30 төрлийн гантигаар чимж тохижуулжээ. 28 давхар буудалд нэг хоноход 1000-280′000$ үнэтэй. Энд найман ресторан, хурлын танхим, фитнес клуб, баар, шөнийн клубууд бий. Төсөв нь 650′000′000$.
The Apeiron island hotel бол ирээдүйн долоон одот зочид буудал. Нийт талбай 200000 м2, 185м өндөр. 350 люкс өрөөг хамгийн сүүлийн үеийн техникийн дэвшлийг ашиглан тохижуулжээ. Энд наран шарлагын газар, ресторан, кино танхим, театр, худалдааны төв, уран зургийн галерей, салон гээд бүх төрлийн үйлчилгээний газрууд бий. Төслийн үнэ 500′000′000$.
Foldable hotel pods буюу Хүр хорхойн эвхдэг үүр буудал тансаг орчинд дургүй хүмүүст зориулагдсан, дэлхийн аль ч өнцөг рүү зөөж болно. Түүний хана, шал нь тусгай төхөөрөмжүүдтэй . Төслийн үнэ 72′000′000-104′000′000$.
Waterworld буюу Усан ертөнц хэмээх нэн гайхамшигтай буудал Хятадад баригдана. 400 өрөөтэй, энд усан сан, кафе зэргээс гадна усан доор шумбах, ууланд авирах зэрэг спортын эрсдэлтэй төрлөөр хичээллэхэд зориулсан тусгай бүсүүд бий.
The Poseidon Undersea Resort буудлын тал нь усанд, нөгөө хэсэг нь далайн гадаргуу дээр байрлана. Ирэх жилийн намар ашиглалтад орно. Фижи арал дээрхи энэ буудалд долоо хоног амрахад 150′000$ төлнө. Талбай нь 550 м2 ба шүрэн арлаар хүрээлэгдсэн. Жуулчид өрөөнийхөө цонхоор усан доорхи ертөнцийг сонирхож, дайвингаар хичээллэж, зугаалгын онгоцоор гулгаж, усан доорхи олон агуйтай танилцах боломжтой. Төслийн үнэ 150′000′000$. Ирэх оны 9-р сард анхны үйлчлүүлэгчдээ хүлээж авна.
The Hydropolis буюу Усан хот Дубайд байрлана. Посейдоноос ялгаатай нь бүхлээрээ усан доор 300 м гүнд оршино. Энэ нь манай гаригийн 60 хувь уснаас бүрддэгийг сануулах мэт. Ер бусын зочид буудал нь худалдааны төв, бүжгийн танхим, ресторан, кино театр, пуужингийн эсрэг системтэй. Төсөв нь 500′000′000$.
The Lunatic Hotel буюу Сарны буудал нь зөгнөл романы хуудсаас бууж ирсэн мэт. 2050 онд бодитоор хэрэгжинэ. Түүнийг цамхаг хэлбэрээр барих ба өрөөнүүд нь капсул маягаар бэхлэгдэх гэнэ.
Aeroscraft буудал бол асар том, 400 тонн жинтэй аэростат. Үйлчлүүлэгчдээ агаараар зөөж, тав тухтай үйлчилнэ. Энэхүү нисдэг буудал хөл бөмбөгийн хоёр талбайтай тэнцэх хэмжээтэй, газраас 8000 фут өндөрт байрлана.
Galactic Suite буюу Огторгуйн буудал нь сансрын капсулуудаас бүрдэнэ, энд ямар ч өнцөг булан, шулуун шугам байхгүй. Хязгааргүй сансар огторгуй тэр чигээрээ харагдах асар том цонх бүхий 22 өрөөтэй, бусад капсулд зоогийн газар, баар, хүлээн авах өрөө байрлана. Одоо зөвхөн хөрөнгө оруулагчаа хүлээж байна.
I Space Station Skywalker буюу Тэнгэрт халин дэвэх сансрын анхны станц нь газрын гадаргуугаас 515 км өндөрт буюу сансрын станц дээр байрлана. Түүнийг 2015 онд барина. Маш тав тухтай, нарны батарейгаас тэжээл авдаг. Энд гариг эрхсийг ажиглах боломжтой, мөн сансрын бяцхан хөлгөөр зугаалж, гариг хоорондын хөлөг онгоцоор аялж болно. Төслийн анхны үнэ 500′000′000$. Нэг шөнө хоноход 1′000′000$ гэнэ.
(Өглөөний сонин 101/166)
М.Цогзолмаа