Британи Монгол залуустай уулзав
Монголын Залуучуудын холбоо, Ви Эс Өү сайн дурын үйл ажиллагааг дэмждэг олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрөөр тэд монгол айлд амьдран боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр болон баг, хороонд гурван сар ажиллаж байгаа. Нийгмийн ажилд оролцон гурван сар ажиллахаар тэд удахгүй Их Британи улс руу явах талаар Монголын Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Зоригтбаатар ярилаа. Мөн МЗХ-ны Үндэсний сайн дурынхан хөдөөд хөтөлбөрөөр 18 аймагт 300 гаруй залуу боловсон хүчин боловсрол, эрүүл мэндийн салбарт хоёроос гурван жилийн гэрээтэйгээр ажиллаж байгаа талаар танилцуулав.
Ви Эс О-гийн Монгол дахь хөтөлбөрийн захирал Р.Аллисон Ви Эс О, МЗХ-ны Сурцгаая хамтарсан төслөөр бичиг үсэгт тайлагдаагүй цэргүүдэд үсэг бичиг заасан талаар ярив. Британи залуусын ахлагч Кимберли Сэлэнгэ аймагт ажиллаж буй есөн британи залуус Их Британий өнцөг булан бүрээс ирсэнг дурьдаад Монголд ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр британи, монгол залуус сайн дурын үйл ажиллагаагаараа манай орны боловсрол, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ, бие биедээ тусалж, хэл, соёлоос харилцан суралцаж байгааг сайшаалаа. Мөн монгол залууст Их Британид ажиллах хугацаандаа тэдний өсвөр наснаасаа бие даадаг байдлаас суралцахыг болон англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг захив.
/Оллоо.МН/