Хүчингүй болгосон Казиногийн хуулийг дахин мөрдөж магадгүй нь ээ
Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Эдийн засгийн байнгын хороогоор шийдсэнийг эс тооцвол уг хуулийн төсөл УИХ-ын босгыг давж чадсангүй. Гишүүдийн олонхийн саналаар буцааж биш, санаачлагчид өөрсдөө хуулийн төслөө татсанаас тэр юм. Ц.Шаравдорж, Р.Гончигдорж нарын есөн гишүүний санаачилсан хуулийн төслийг уг нь АН-ынхан ч, МАХН-ынхан ч Маш сайн төсөл гэлцэж байв. Гэсэн ч К.Сайраан, А.Бакей, А.Мурат, Р.Гончигдорж, Батж.Батбаяр нарын АН-ын таван гишүүн өчигдөр нэрээ татсанаас Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төслийг буцаахаар болов. Санаачлагчдын 50-иас дээш хувь нь төслийг татах санал гаргавал хэлэлцдэггүй хуулийн заалт бий. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Ц.Шаравдорж гишүүн Бусад гишүүний хууль санаачлах эрхийг ингэж хааж болохгүй хэмээн АН-ынханд хандаад ч тус болсонгүй. Зөвлөлийн дэд дарга С.Ламбаа Бид өөрсдөө эрх барьж байхдаа Казиногийн хуулийг батлаад, буцааж хүчингүй болгож байсан. Гурван ч гишүүнээ ялласан. Манай намынхан энэ хуулийг санаачлах, өргөн барих ёс суртахууны эрхгүй гэж ярилцлаа гээд АН-ын гишүүд нэрээ татаж байгааг мэдэгдэв. Гэхдээ бусад нам өргөн баривал хэлэлцүүлэгт оролцоно гэлээ.
Байнгын хорооны дараа зөвлөл хуралдаад казиног улстөрөөс ангид байлгахын тулд 1999 онд батлаад хүчингүй болгосон хуулийн төслийг дахин хүчин төгөлдөр болгоё гэсэн санал дээр нэгджээ. 1999 онд баталсан хуулийг тогтоолоор хүчингүй болгож байсан. Энэ тогтоолыг хүчингүй болгож Казиногийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэж ярилцсан хэмээн А.Мурат гишүүн мэдэгдлээ. Ингэснээр нэг талаар хээл хахуулийн хэргээр шийтгэгдсэн хүмүүсийг цагаатгаж, элдэв хардлагад өртөлгүйгээр Казиногийн хуультай болно гэж тэрээр хэлэв.