Цагаачид АНУ-ын улстөрд гоцлон тоглож байна

CNN-ээс явуулсан судалгаагаар, америкуудын 31 хувь нь хууль бус цагаачлалыг хамгийн сэтгэл зовоосон асуудал гэж үзжээ.
АНУ-ын Сенат өнөөдөр өнөөгийн Ерөнхийлөгчийн дэмжиж байгаа цагаачлалын шинэ хуулийг хэлэлцэж эхэлнэ. 400 орчим хуудастай эл хуулийн төслийг Цагаан ордон болон хоёр намын төлөөлөгчид гурван сар хэлэлцүүлсний эцэст Сенатад орж ирж байгаа юм. Энэ хууль АНУ-д 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө орж ирсэн бүх хууль бус цагаачдад Z виз буюу ажиллах зөвшөөрөл өгөх боломжийг олгох юм. Гэхдээ 5000 долларын торгууль төлж, эх орондоо буцан очиж, визээ зохих ёсоор авсны эцэст Z виз авсан цагаачид АНУ-д 8-13 жил ажилласны дараа оршин суух эрх мэдүүлж болох ажээ. Энэ хуулийн төсөл зөвхөн хилийн цэргийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, Мексикийн хилийн дагуу хамгаалалтын хана босгосны дараа хүчин төгөлдөр болох юм.
Цагаачлалын шинэ төлөвлөгөөний дагуу АНУ-ын иргэн бус эцэг эхээ авчрахыг хүсч байгаа америкуудын эрх хязгаарлагдана. Yүнээс гадна ногоон карт авахаар мэдүүлэг өгч байгаа цагаачдыг төрөл саднын холбоогоор нь бус, харин боловсролын төвшин, хэлний мэдлэг, мэргэжлийн ур чадвар зэргээр нь үнэлэн оноо өгөх системээр үнэлэх ажээ. Yүний дараа цагаачдад оршин суух эрх олгох квотыг жилд 400 мянган хүнээр тогтоох гэнэ. АНУ-д нийтдээ 12 сая орчим хууль бус цагаач амьдардаг гэсэн тооцоо байдаг.
Террористууд америкуудаас илүүтэйгээр хууль бус цагаачдыг цааш нь харуулсан хэмээх судалгаа нэгдүгээр сард нийтлэгдсэн нь цагаачлалын уралдаан-ыг гараанаас нь гаргасан юм. Бүгд найрамдах намаас Конгресст сонгогдсон Стив Кингийн илтгэлд, хууль бус цагаачдын балгаар жил бүр есөн мянга орчим америк хүн амь насаа алдаж байна гэжээ. Тэдний тал хувь нь зам, тээврийн ослоор амь үрэгдсэн байна. Yүнээс гадна жил бүр 2900 америк хүүхэд хууль бус цагаачдын секс халдлагад өртдөг гэнэ.
Шорон, засан хүмүүжүүлэх газрууд хууль бус цагаачдаар хахаад байгаа талаар албан ёсны байгууллагууд түгшүүрийн харанга дэлдэж байна. Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Эдвин Рубинштейний хэлж буйгаар, эдүгээ америкийн шоронд 250 мянга орчим гадаадын иргэн байгаа аж. Тэдний ихэнх нь хүнд гэмт хэрэгтэн юм.
Өнөөдөр Сенатад хэлэлцэж эхлээд байгаа хуулийн төсөл олон маргаан үүсгэж байна. Ийнхүү бөөнөөр нь өршөөл үзүүлэх нь АНУ-ын эдийн засаг болон америкуудын цалин пүнлүүнд сөргөөр нөлөөлнө хэмээн Ардчилсан намынхан үзэж байна. Төлөөлөгчдийн танхимын спикер байсан, Бүгд найрамдах намын гишүүн Нью Гингрич эл хуулийн төслийг урвагч хэмээн нэрлээд, би Бушийн оронд байсан бол хориг тавих байсан хэмээн мэдэгдэв. Түүний баталж буйгаар, цагаачлалын алба байдлыг зохицуулахын тулд ийм олон хүнд иргэншил олгох чадваргүй, хэрвээ ингэвэл Америкийн аюулгүй байдалд хүнд цохилт болох ажээ.
Европын аюулгүйн албаны мэргэжилтнүүд Вашингтон ийм хууль баталснаар Европын либералуудад үлгэр жишээ болж, Европын холбооны орнууд хууль бус цагаачдад иргэншил олгох асуудлыг сулруулна хэмээн үзэж байна. Америкт сайхан амьдрал, илүү цалинтай ажил хайсан мексикүүд ирдэг бол, Европт Ойрхи болон Дундад Дорнодын, тэр тусмаа алан хядагчид чөлөөтэй очдог. Европт цагаачлалыг дэмжсэнээр ямар ч сайн юм болохгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
