АНУ-д гурав дахь нам гарч ирэх үү
Шинэ намын лидерээр Нью-Йоркийн мэр Майкл Блумберг тодрох бололтой. Тэрээр сонгуулийн кампанид өөрийн хөрөнгөөс 5.5 тэрбум доллар гаргахад бэлэн байгаа юм. Блумберг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санаархлаа зарлаагүй ч сунгаанд оролцож байгаа хүн шиг л байна. Саяхан тэрээр бие даан нэр дэвшигчийг дээш нь гаргах дургүй Техас, Оклахома мужид очжээ. Гэвч Блумберг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор шийдчихсэн хэмээн ойрын сурвалж мэдээлж байна. Блумберг сонгуулийн өмнөх сунгаанд ердөө хагас тэрбумыг зарцуулж, дараа нь мөнгөөр зодох шиг болох гэнэ.
Санхүүгийн ийм боломж, ивээн тэтгэгчдээс бүрэн тусгаар гурав дахь хүч Америкийн улс төрийн нөхцөл байдлыг энэ намар эрс өөрчилж магадгүй байна. Небраска мужийн сенатч Чак Хэгель Бүгд найрамдах нам хялбар бодолтой хүмүүсийн барьцаанд орчихсон. Энэ бүх системийг эргүүлэх гурав дахь намыг байгуулах цаг болсон гэж мэдэгдсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг болов. Америкууд хоёр намынханд ихэд дургүй болж эхэлсэн нь гуравдагч хүч-ний нэр дэвшигчдэд хүч өгч байгаа юм. Тэгээд ч уламжлалт намуудаас нэр дэвшигчид эргэлзээ төрүүлж байна. Иракийн дайныг илт дэмждэг Жон Маккейн, үр хөндөлтийг магтдаг Руди Жулиани, таван эхнэртэй мормон шашинтны хүүхэд Митта Ромни нар америкуудад ер таалагдахгүй байна. Ардчилсан намын Хиллари Клинтон хүн амын тал хувьд нь нэр хүндгүй бол, Барак Обамаг хэтэрхий залуу, Цагаан ордонд суухад жулдрай байна хэмээн үзэж байна. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар америкуудын 58 хувь нь өрсөлдөх чадвартай гуравдагч намыг байгуулах нь зүйтэй гэж үзжээ.