Та жирэмсэн бол компьютерээс түр татгалзаарай
Нэг хэсэг нь компьютерийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэдэг болохоор хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй дэмий юм ярьж байна гэх нь бий. Ер нь компьютерийн дэлгэцнээс хэт ягаан туяа, цахилгаан соронзон цацраг их бага хэмжээгээр ялгарч байдаг. Сайн чанарын компьютерээс ялгарах цахилгаан соронзон туяа хэвийн хэмжээнд байдаг юм байна.
Хэдийгээр компьютер сайн чанарын байлаа ч дэлгэцэд хэт ойрхон суух, олон цагаар компьютерийн ард сууснаас нүд, мэдрэлийн өвчинд өртөх, түүнчилэн тархи, зүрх судас, дархлалын зэрэг систем гэмтэх магадлал тун өндөр гэнэ. Ялангуяа өдөр бүр хоёроос дээш цаг компьютер дээр ажилладаг бол нүд амархан чилж, толгой нь өвддөг, хүзүү, нуруу хөшдөг.
Хэрэв энэ байдал олон жил үргэлжилбэл хараа муутгахаас гадна хордлого үүсгэх нь ч бий гэнэ. Тэгээд ч компьютер дээр олон жил ажилласан хүний өнгө ялгах чадвар сулардаг байх юм. Энэ бүхэн нь компьютерийг буруу ашигласан, нэгж талбайд хэт олон компьютер байрлуулснаас ч шалтгаалах талтай.
Ер нь цахилгаан соронзон орон хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд, дархлал суларсан, харшил, зүрх судасны, бодисын солилцоо хэвийн бус, мэдрэлийн өвчтэй хүмүүст илүүтэй сөргөөр нөлөөлдөг байна.