Ерөнхий сайд М.Энхболд Засгийн газар тариаланчдаа дэмжиж ажиллана

Хаврын тариалалтын ажил ид эхэлж байгаа энэ үед Засгийн газраас онцгой анхаарч ийнхүү газар дээр нь нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ тариалан эрхэлж буй ард иргэдийн бодол, саналыг сонссон. Тариалангийн ихэнх бүс нутагт тариалалтын ажил ид өрнөж байлаа. Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол орны төмсний үрийн чанарыг сайжруулах төсөлд хамрагдсан Голландын Импала, Санте сортын төмсийг компаниуд энэ жилээс туршин тариалж эхлээд байгаа ба энэ нь үр дүнгээ өгч эхэлжээ. Ингэснээр Хятадаас оруулж ирж буй төмсийг шахах, дотоод дахь төмсний хэрэглээгээ 100 хувь, хүнсний ногоог 50 хувь хангах, иргэд өөрийн орны хөрсөнд ургасан монгол төмсийг хүнсэндээ хэрэглэх боломжтой болж байгаа юм. Ерөнхий сайд орон нутагт ажиллах үеэрээ Улсын тэргүүний тариаланч хамт олон-той уулзан, ажилтай нь танилцсан юм.
Тухайлбал, Төв аймгийн Жаргалант сумын Дэлгэр уянга, Жинсрэгт хайрхан, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Ургацын ундраа ХХК нь үйл ажиллагаа нь тогтворжсоны зэрэгцээ аймаг, сумаас гадна нийслэлийн иргэдийг хүнсний ногоогоор хангадаг болжээ. Нэг компани нь гэхэд л 30 гаруй хүнийг ажлын байраар хангаж, өөрийн хөрөнгө оруулалтаар техник, технологийн шинэчлэл хийж иржээ. Дээрх компаниуд ийн гар хөдөлбөл ам тосдохын жишээг бодитоор үзүүлж, амьжиргаагаа бодсон айл өрх ч тэднийг даган дуурайж төмс, хүнсний ногоо тариалснаар амьдрал нь эрс дээшилжээ. Тус аймгийнхан ийн газрыг шүтэж, шимийг нь хүртэн амьдарч үүнд нь ч төр, засгаас анхаарч, бүхий л тусламж, дэмжлэгийг үзүүлж иржээ. Энэ удаад ч иргэд банкны зээлийн хүүг багасгах асуудлыг эргэн харахыг Ерөнхий сайдаас хүсч байв. Ерөнхий сайд М.Энхболд, Засгийн газраас газар тариалан, төмс хүнсний ногооны тариалалтад онцгой анхаарахаа хэлж, боломжийн хэрээр туслалцаа дэмжлэг үзүүлэхээ хэлсэн.
Эцэст нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цэгээн уст ХХК-ийн хаврын тариалалтын ажлын явц, үр тарианы үйлдвэрлэлд техник технологийн шинэчлэл нэвтрүүлж буйтай танилцсан юм. Ийн нэг өдрийн дотор газар тариалан, төмс хүнсний ногооны тариалалтын гол бүс болох Төв, Сэлэнгэ аймгийн тариалалтын ажилтай газар дээр нь танилцсан албаны хүмүүс төр, засгийн анхаарлыг татаад буй Дархан-Уул аймгийн Хонгор сумыг зорьсон юм.
