МАХН-ын нэр хүнд урьд өмнө байгаагүйгээр унасан гэв
Энэ хугацаанд уг байгууллагаас олон удаагийн судалгаа явуулсан бөгөөд хамгийн сүүлийн судалгааны дүнгээр МАХН-ын нэр хүнд урьд өмнө байгаагүйгээр унасан байжээ. Шинэ эргэлт-ийнхэн үүнийг намаас болон түүний удирдлагын явуулж байгаа бодлого, шийдвэр үндсээрээ буруу байгаагийн шууд үр дагавар гэж үзэж байгаа гэнэ. МАХН-ын удирдлагууд хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын төлбөрийг төр барагдуулах хуулийн төсөл санаачилж, хууль зөрчсөн сайд нарынхаа луйврыг цээжээрээ хааж, шударга бус явдлын хам хамсаатан болж, удирдлага, Их Хурлын гишүүдийнхээ хүрээнд эвдрэл, бүлэглэл үүсгэн намын нэр хүндийг унагаж байна. Yүний тод жишээ нь саяхан Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн даргыг унагах гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа юм. Өнөөдөр МАХН-д гурван хөдөлгөөн, нэг жигүүр байгаа нь үзэл бодлын зөрүү байгааг илтгэсэн явдал хэмээн тэд мэдэгдлээ. Тиймээс улс төрийн намууд үзэл баримтлал үйл ажиллагааны хувьд шинэчлэгдэн өөрчлөгдөж сонгуульд бэлдэж эхэлсэн энэ үед МАХН-ын гишүүд, дэмжигчдийн идэвхтэй байр суурь зөв сонголт шийдвэрлэх үүрэгтэй учир Шинэ эргэлт хөдөлгөөнийхөн МАХН-ын гишүүд дэмжигчдэд зориулж нам доторхи шинэчлэлийн асуудлаар илтгэл тавихаар болжээ. Мөн албан тушаал эрх мэдлээ ашиглан хээл хахууль элдэв хууль бус зүйлд нэр холбогдсон МАХН-ын 100 гаруй гишүүнийг нотлох баримттай нь олон нийтэд дэлгэхээр бэлтгэж улс орныхоо төлөө шударгаар ажиллах хүмүүсийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон байна.