Таван толгойн төсөлд оролцох сонирхлоо илэрхийлэв
УИХ-ын дарга, Австрали Улсад хийсэн айлчлалынхаа үеэр тус компанийн нүүрсний уурхайд зочилж, тэргүүний технологийг нэвтрүүлэн, байгаль орчны асуудлыг зөв зохистой шийдвэрлэн, өндөр үр ашигтайгаар үйл ажиллагаа явуулж байгаатай биечлэн танилцсан тухайгаа ярилаа.
Тус компанийн төлөөлөгчид монголын Таван Толгойн нүүрсний уурхайн төсөлд оролцох асуудлаар Засгийн газрын болон бусад холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ярилцах зорилготой ирсэн аж.
Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчдын уг төсөлд оролцох эрхийн нээлттэй байдлыг хангах, уурхайг ашиглахаас гадна түүнийг тойрсон дэд бүтэц, нийгмийн хөгжлийн асуудлыг олон талаас нь авч үзэн, Монголын Засгийн газар, монголын компаниудын консорциум, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог түншлэлийн зарчмын дагуу хангаж, хуулийн хүрээнд уг төслийг эхлүүлэх боломжтой тухай уулзалтын үеэр ярьж байлаа.
Би Эйч Пи Биллитон компани нь Таван Толгойн төсөлд оролцон үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийж, эрсдэл гарахад ч хариуцахад бэлэн байгаа гэнэ. Энэ тухай тус компанийн төлөөлөгчид УИХ-ын даргад танилцуулж байв.
Оюу Толгойн орд газрын асуудлаар ажлын хэсгийнхэн ерөнхий тохиролцоонд хүрсэн байгаа, энэхүү тохиролцооны зарчим нь Таван Толгой болон бусад орд газруудын талаар байгуулах яриа хэлэлцээрийн жишиг нь болох ёстой гэдгийг УИХ-ын дарга төлөөлөгчдөд хэлсэн. Тэрээр цааш нь ярихдаа, стратегийн ач холбогдол бүхий энэ ордын төрийн оролцооны хувь хэмжээ ямар байхыг Засгийн газар УИХ-д оруулж, УИХ батлах ёстой бөгөөд Таван Толгойн төсөл дээр хамтран ажиллах сонирхогч талууд хамтарсан ажлын хэсэг байгуулан асуудлыг нухацтай авч хэлэлцэх шаардлагатай байна гэлээ.
/Оллоо.МН/