Ерөнхий сайд Синьхуа агентлагийн ерөнхий редактортой уулзлаа

Ерөнхий сайд уулзалтын эхэнд дэлхийн томоохон мэдээллийн агентлагийн нэг Синьхуа Монгол, Хятадын харилцаа хамтын ажиллагааг сурталчлах, Монголыг дэлхий ертөнцөд таниулах чиглэлээр олон жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирснийг тэмдэглээд манай МОНЦАМЭ агентлагтай тогтоосон уламжлалт харилцаа идэвхжиж, техник технологийн шинэчлэл хийх, боловсон хүчнийг сурган бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.
Ноён Нань Жэньжун Манай Синьхуа агентлаг дэлхийд нэртэй, том агентлаг хэдий ч МОНЦАМЭ-гээс дүү. Синьхуа 1931 онд байгуулагдсан. Харин МОНЦАМЭ-гийн түүх 1921 оноос тоологддог юм байна гэж онцоллоо. Тэрбээр хөгжлийн шинэ замаар замнаж буй манай хоёр орны өнөөгийн дүр төрхийг, ялангуяа хоёр орны ард түмний хөдөлмөр, бүтээн байгуулалт, эдийн засгийн ололт хөгжилтийг дэлхий дахинд аль болох түлхүү сурталчлахыг бид эрмэлзэж байна. Бидний энэ чиглэлийн хамтын ажиллагаа харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой гэж тэмдэглэлээ.
БНХАУ асар өргөн далайцтай бүтээн байгуулалтын ажил хийж байна. Бидэнд та бүхнээс сурах, туршлагаас чинь хуваалцах зүйл их бий. Бид БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр томоохон усан цахилгаан станц барьж байгуулахаар шийдвэрлээд байгаа. Энэ бүтээн байгуулалт бидний хамтын ажиллагааны тод үлгэр жишээ болох ёстой. Бүтээн байгуулалтын ажлын явцыг дэлхийд түгээх, таниулахад Синьхуа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна. Хамтын ажиллагааны ололттой, үр ашигтай арга, хэлбэрүүдийг сурталчлах, олон нийтийг зөв мэдээллээр хангах явдал манай хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын үндсэн үүрэг байх ёстой гэж Ерөнхий сайд М.Энхболд хэлээд Синьхуа-гийнханд амжилт хүсэв.
Уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гао Шумао, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Д.Даваасүрэн болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. 2007.05.22
/Оллоо.МН/