Монгол дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд мод тарилаа
Жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн байгаль хамгаалах өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан Байгаль орчны яам НҮБ-н Хөгжлийн хөтөлбөртэй хамтран биологийн олон янз байдлыг хамгаалах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулсан нэг сарын хугацаатай аяныг Аврал эрсэн байгалиа хамгаалцгаая! уриан дор 5 дугаар 1-нээс 6 дугаар 5-ны хооронд өрнүүлж байна.
БО-ы сайд И. Эрдэнэбат, НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч х. Пратиба Мета нар 4 дүгээр сарын 25-ны өдөр мод суулгах ажлаар сарын аяныг албан ёсоор эхлүүлсэн билээ. Монгол дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын тэргүүнүүд энэхүү сарын аяныг дэмжиж буйгаа бодитой ажлаар илэрхийлж, мод тарих санаачлагыг гаргасан юм. Энэхүү санаачлагыг Цэцэрлэгжилт компаний дэмжлэгтэй хэрэгжүүлж байна.
Сарын аянд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Тул хамгаалах сан зэрэг ТББ-ууд дэмжлэг үзүүлж, оролцож байна. Сарын аяны хугацаанд биологийн төрөл зүйлийг хамгаалахын ач холбогдлыг олон нийтэд танилцуулах, байгаль, ан амьтан хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглахыг хүүхэд залуучууд, орон нутгийн нөхөрлөл, иргэдэд уриалан тэдгээрийн идэвх санаачлагыг өрнүүлэх зорилго тавьж байна.
Биологийн төрөл зүйлийг хамгаалах асуудалд олон нийтийн анхаарлыг чиглүүлэх зорилгоор бөхөн, хойлог, тарвага, тул, хулан зэрэг таван амьтныг онцгойлон сурталчилахаар сонгож авсан болно. Сонголт хийдээ эдгээр амьтдын цөөрч буй тоо толгой, устах аюулд нэрвэгдсэн байдал, тухайн амьтнаас гаралтай түүхий эдийн зах зээл дээрх эрэлт хэрэгцээ зэргийг харгалзан үзсэн юм. Үүнд
1. Бөхөн – бөхөнгийн эврийг Азийн уламжлалт анагаах ухаанд ашигладаг. Хятад руу наймаалах зорилгоор агнасны улмаас, мөн зудын гамшигт их хэмжээгээр нэрвэгдсэний улмаас сүүлийн 20 жилд тоо толгой нь эрс буурч, одоогийн байдлаар 800 орчим бодгаль байгаа гэсэн тооцоо бий.
2. Хойлог – хойлогны махыг шарх, гэмтэл түргэн эдгээхэд нэн тустай хэмээн эрт дээр үеэс үздэг. Сүүлийн үед энэхүү итгэл үнэмшлээр бизнес хийгчдийн тоо нэмэгдсээр Гэмтэл согогийн эмнэлгийн үүдэнд хойлогны махыг байнга зарах болсон.
3. Тарвага – сүүлийн хоёр жил тарвага агналтыг хорьсон хэдий ч зуны улиралд агнасаар байна. Үүнд орон нутгийн байгаль хамгаалах болон хяналтын албадын ажил зохих түвшинд явагдахгүй байгааг иргэд шүүмжилдэг.
4. Тул загас – хотын оршин суугчдын дунд загасны махыг хүнсэнд түлхүү хэрэглэх болсноор хүнсний захуудад загасны наймаа эрхлэгчид тул загасыг нууцаар борлуулсаар байна. Сүүлийн үед нас бие гүйцсэн тул загасны бодгалийн тоо улам бүр буурсны улмаас энэхүү дэлхийд нэн ховордсон загасны төрөл зүйл устах аюул Монгол ч мөн нүүрлээд байна
5. Хулан – сүүлийн жилүүдэд хоолны газар, төмөр замын дагуу гуанзаар хулангийн махаар хоол бэлтгэх явдал улам нэмэгдэж байна.
Хийморио сэргээх нэрийдлээр мөн эдийн засгийн ашиг хонжооны төлөө хууль бус агнуур нь зэрлэг ан амьтан хорогдохын нэг учир шалтгаан мөн. Байгалийн үнэт баялаг болох зэрлэг ан амьтныг урт удаан хугацаанд хамгаалах ажилд хувь хүн бүрийг үүрэг оролцоо чухал байна. Байгаль орчноо хамгаалах түүхэн уламжлалыг зах зээлийн өнөөгийн харилцаа, шинэчлэлийн үзэл санаатай сайтар уялдуулж, ан амьтныг авлах, ан гөрөөнд мордохдоо хоослон үгүйрүүлэх, сувдаглан шунахайрах, олз ашиг эрэлхийлэх бус харин хангай дэлхийн хишгийг зөв хүртэж амьдрал ахуйгаа байгалийнхаа баялгаар тэтгэх үзэл санаа олон үеийн туршид уламжлагдах ёстой.
/Оллоо.МН/