Мянган малчны чуулган болно
Энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар Мянган малчны чуулган-ыг 2007.06.13-14-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж, шаардагдах хөрөнгийг гаргахаар тогтсон байна.
Мал аж ахуйн салбарын ойрын жилүүдийн зорилтыг тодорхойлох, малын чанар, үүлдэрлэг байдлыг дээшлүүлэх, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, худаг, уст цэгийн хүрэлцээ, хангамжийг дээшлүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцаж, салбарын хөгжлийг түргэтгэх зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Чуулганд бүх аймаг, сумдын малчдын төлөөлөл болсон 1000 малчин оролцоно.
Сонирхуулахад Монгол Улсын мал сүрэг сүүлийн 3 жилд жил дараалан өссөнөөр 34.8 саяд хүрч, малчин өрхийн тоо 170.5 мянга болсон тоо байдаг байна.
/Оллоо.МН/
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг сувилах журам батлав
Монгол Улс цэргийн албан хаагчдаа 2003 оноос Ирак дахь дайны дараах гамшгийг арилгах, сэргээн босгох, энхийг сахиулах олон улсын үйл ажиллагаа болон Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр-т, 2005 оноос Косово дахь НАТО-гийн цэргийн хүчний бүрэлдэхүүнд тус тус илгээж, 2006 оноос Сьерра Леонд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байна.
Эдгээрт оролцож байгаа монгол цэргийн албан хаагчид нь эрсдэлтэй, амь нас, эрүүл мэндэд нь аюул учрах магадлалтай нөхцөлд, цаг агаарын эрс өөрчлөлт дор, сэтгэл зүй, бие бялдрын хүнд ачаалалтай ажиллаж байгаагаас тэдгээрийн эрүүл мэндэд өөрчлөлт орж, өвчлөх явдал тохиолдож байна. Иймээс хилийн чанадад үүрэг гүйцэтгээд ирсэн цэрэг, цагдаагийн албан хаагчийн сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан Журам гаргах нь зүйтэй гэж үзэв.
Журамд сувилгааны зардлыг төсвөөс гаргах, зардлын хэмжээг цэргийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоохоор тусгажээ.
Зардал нь
– сэтгэл заслын сувилгаа
– бие бялдрыг нөхөн сэргээх гэсэн хоёр төрөлтэй байх бөгөөд нэг албан хаагчид зарцуулах зардлын хэмжээ нь тухайн албан хаагчийн сүүлийн албан тушаалын 3 сарын дундаж цалингаас хэтрэхгүй байх ажээ.
Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгт төлөөлөгч оролцуулна
Малайз улсын Куала Лумпур хотод 2007 оны зургадугаар сарын 3-30-нд болох Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүн таслах ажиллагаанд Монголын талын оролцогчийг оролцуулах нь зүйтэй гэж үзэж, шаардагдах зардалд зориулан 16680 ам.доллартай тэнцэх хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах нь зүйтэй гэж үзэв.
2006 оны аравдугаар сарын 19-ний өдөр иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчээр цагдаагийн ажилтан Азила Хадри, Сирул Азхар Умар нарыг, захиалагчаар улс төр судлаач Абдул Разак Багиндаг Малайзын цагдаагийн газар баривчлан шалгаж байгаа билээ.
Шүүн таслах ажиллагаа хуулийн дагуу шударгаар явж байгаа эсэхэд хяналт тавих, иргэнийхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор ГХЯ, ХЗДХЯ-ны албан тушаалтнууд, англи хэлтэй, нийтлэг эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгчийг оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд мөн малай-англи хэлний орчуулагч, орчуулагчийн хянагч ажиллуулах шаардлагатай байгааг үндэслэн дээрх хөрөнгийг гаргахаар тогтсон байна.
Иргэний бүртгэлийн талаар арга хэмжээ авна
Иргэний бүртгэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын Тогтоол гаргахаар болов.
Тогтоолын төсөлд
– Иргэний бүртгэл, мэдээллийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор сумдад иргэний бүртгэл хариуцсан нийт 158 ажилтныг шинээр нэмж ажиллуулах
– Дээрх ажилтнуудыг ажлын байр, шаардагдах техник хэрэгслээр хангах
– Иргэдийн бүх төрлийн бүртгэл, мэдээлэл, шилжилт хөдөлгөөний асуудлыг нэг мөр цэгцлэх зорилгоор Иргэний бүртгэлийн улсын үзлэг-ийг Үндэсний статистикийн газартай хамтран 2007 оны эхний хагас жилд багтаан явуулах
– Иргэний бүх төрлийн бүртгэлийн давхардал, шат дамжлагыг цөөлөх, хүн ам, өрхийн бүртгэл болон эрүүл мэнд, нийгмийн даатгал, статистикийн мэдээллийн сангуудын уялдаа холбоог сайжруулах
– Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэний бүртгэлийг 2007 онд багтаан гаргах зэрэг заалтууд багтжээ.
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
40.000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд Яармагийн дэнжид орон сууцны хороолол барих болсонтой холбогдуулан Богд хан уулын тусгай хамгаалалттай газар нутгаас 837.1 га газрыг улсын тусгай хэрэгцээнээс гаргаж, хилийн заагийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээас гаргасан саналыг тусган УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзэв.
Барилгын төлөвлөлт хийгдэж буй газар нь Яармагийн товчооноос Хүүшийн зоорь хүртэлх уулын ар бэлийн хэсэг бөгөөд энд Яармаг нэртэй орчин үеийн шинэлэг, орон сууцны загвар хотхон бий болгохоор зорьж байна.
Төлөвлөлтөөр ногоон байгууламжийг Богд хан уулаас тусгаарласан 30 метрийн өргөнтэй 4 км, 60 метрийн урттай 3 км хамгаалалтын ногоон зурвас байгуулж, шинэ хотхоныг бүхэлд нь цэцэрлэг, ногоон байгууламжаар холбон 100 метр урттай цэцэрлэгт зурвас, гудамж талбай болон төв замын хажуугаар 20 метрийн өргөнтэй ногоон бүс, гуу жалгыг ашиглан Туул гол руу цутгах 2 хиймэл нуур, гол зэргийг тус тус байгуулахаар тусгасан байна.
Тус суурьшлын бүсэд өндөр, дунд, бага нягтралтай сууцуудыг төлөвлөн 31680 өрхийн 126 мянга гаруй хүн оршин суух юм.
ТОВЧХОН
Бүтээгдэхүүний загварын олон улсын бүртгэлийн Гаагийн хэлэлцээрийн 1999 оны Женевийн актад нэгдэн орсныг соёрхон батлуулах нь зүйтэй гэж үзэж, энэ тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Засгийн газрын 2003 оны 31 дүгээр Тогтоолоор батлагдаж, 2003-2006 онд хэрэгжүүлсэн Латин үсгийн Үндэсний хөтөлбөр-ийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийсэн дүнгийн тухай танилцуулгыг сонсоод уг хөтөлбөр хэрэгжиж дууссантай холбогдуулан нийгмийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан хөтөлбөрийг шинэчилж, Засгийн газраар батлуулахыг БСШУ-ны сайдад даалгав.
Ядуурлыг бууруулах үйл ажиллагааны хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийн нэгдсэн мэдээллийн сүлжээ бий болгох талаар хийж байгаа ажлын тухай НХХ-ийн сайд Д.Дэмбэрэл танилцуулав.
Орчны эрүүл мэнд Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2006-2007 онд хийсэн ажлын тухай Эрүүл мэндийн сайд Д.Туяагийн мэдээллийг сонсоод хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр төсвийн багцад тусгаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.
Тогтвортой амьжиргаа -1 төсөлд хийсэн үнэлгээний тайлантай танилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСУ-д хийх айлчлалын үеэр Монгол Улс болон БНСУ-ын хооронд ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулахыг зөвшөөрч, гэрээний төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх нь зүйтэй гэж үзэв.