Монгол улсад биоаюулгүй байдлын хууль хэрэгтэй байна
Монгол Улс Биологийн төрөл зүйлийн тухай Конвенцийн Биоаюулгүй байдлын Картагены Протоколыг 2002 онд соёрхон баталсан байгаа Картагены энэхүү Протоколыг соёрхон баталснаар байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй орчин үеийн биотехнологийн үр дүнд бий болсон хувиргасан амьд организмтай аюулгүй харьцах, улсын хилээр нэвтрүүлэх, ашиглах эрх зүйн харилцааг хуульчлан зохицуулах талаар манай улс олон улсын өмнө үүрэг хүлээх болсон аж.
2003 оны судалгаагаар шилжмэл гентэй бүх тарималын 99 хувийг АНУ, Аргентин, Канад, Бразил, БНХАУ /4 хувь/, ӨАБНУ тариаллаж байна.Монгол Улс хүнсний бүтээгдэхүүний 70 хувийг импортоор авдаг. Олон улсын худалдаа даяарсан нөхцөлд ямар ч хүнсний бүтээгдэхүүн хаанаас ч орж ирж болно. Ялангуяа цагаан будаа, эрдэнэ шиш зэрэг хүнс, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс жимсгэнийхээ ихэнх хэрэгцээг БНХАУ-аас импортоор хангаж байгаа өнөөгийн нөхцөлд амьд хувиргасан организмаас гаралтай хүнсний зүйл орж ирэхгүй гэсэн баталгаа байхгүй аж. БНХАУ-д хувиргасан амьд организмд олгодог тусгай зөвшөөрөл авах хүсэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, олгосон зөвшөөрлийн тоо одоогоор 500 хүрчээ. Ийм төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг илрүүлдэг лаборатори, мэргэжилтнүүд манай улсад дутагдалтай байгааг харгалзан хүний нөөц болон материал, техник тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн санхүүгийн дэмжлэг туслалцаа авах, олон улсын худалдаа, байгаль орчныг хамгаалах талаархи үндэсний ашиг сонирхолыг хамгаалсан хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байгаа ажээ.
Биоаюулгүй байдлын тухай хуулийг батлан гаргаснаар нийгэм, эдийн засаг, байгаль хамгаалалын дараахь ач холбогдолтой гэж үзэж байна. Үүнд,
1.Хувиргасан амьд организмыг ашиглах, гарган авахад байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхөөс сэргийлэх нөхцлийг бүрдүүлнэ.
2.Хувиргасан амьд организмыг импортлох, дамжуулан өнгөрүүлэх эрх зүйн харилцааг боловсронгуй болгоно.
3.Хувиргасан амьд организм, түүний ашигт чанарыг ашиглан хүнсний зориулалттай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэнэ.
4.Зах зээл дахь хувиргасан амьд организмын гаралтай хүнсний зориулалттай бүтээгдэхүүнийг тусгай таних тэмдэг шошгоор нь хэрэглэгчид таньж, сонголт хийх эрх ашиг хамгаалагдана.
5.Хувиргасан амьд организмыг ашигласнаар хүнс, хөдөө аж ахуй, хүн, мал эмнэлэг, барилга болон бүх салбарт эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ.
6.Хууль батлагдсанаар олон улсын байгууллага, гадаад улсуудаас үндэсний эрх ашигт нийцсэн, биологийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүгийн дэмжлэг туслалцаа авах боломж бүрдэж байгаа гэнэ.
/Olloo.mn/
Б.Ану