Хишигтэн хамгаалалтын компаний захирал Н.Бямбажав Улсын их хурлын гишүүдийг тагнаж чагнаад байхад нүдэн балай чихэн дүлийн явсаар байх уу?
Сүүлийн үед хувийн шадар хамгаалалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих гэж байгаатай холбогдуулж уг төслийг санаачлагч Хувийн хамгаалалтын Хишигтэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Эрхэм нэр хамгаалалтын компаний захирал Н.Бямбажавтай ярилцлаа.
-Танай холбоо хувийн шадар хамгаалалтын тухай хуулийн төслөөс гадна хувийн хамгаалалтын талаар цогцолбор арга хэмжээний төсөл хэрэгжүүлэх гэж байгаа гэсэн. Энэ талаар товч танилцуулна уу?
-Хувийн хамгаалагч, мөрдөгчийн ажлыг дэмжих эрх ашгийг хамгаалах зорилгоор Бизнесийн аюулгүй байдал /БАБ/-ний төсөл боловсрулсан. Энэ төсөл нь
1.Хувийн хамгаалалт, мөрдөгчийн ажлын эрх зүйн орчин бүрдүүлэх
2.Хувийн хамгаалагч, мөрдөгчийг сургаж бэлтгэх нэгдсэн тогтолцоо
3.Бизнесийн аюулгүй байдлын мэдээлэлээр хангах тогтолцоо
4. Хувийн хамгаалагч, мөрдөгчийн ажиллах, амьдрах нэн таатай нөхцөл бүрдүүлэх гэсэн дөрвөн үе шаттайгаар хэрэглэнэ. Нэгдэх үе шатны ажлын эхлэл нь Хувийн шадар хамгаалалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж батлуулах асуудал юм. Энэ үе шатныхаа хүрээнд Хувийн мөрдөгчийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Эдгээр хуулиудтай холбогдох бүх дүрэм журам, зааврын төслийг бид боловсруулаад бэлэн болчихоод байна. БАБ төслийн хүрээнд хамгаалагч, мөрдөгчийн сургалтын нэгдсэн тогтолцооны асудал хамрагдаж байгаа юм байна. Гэтэл хамгаалалтын өөр нэг холбоо сургалт явуулна бие хамгаалагчдыг хамруулна гэж телевизээр ярьж байсан. Энэ хоёрын хооронд ямар ялгаа байна. Маш их ялгаатай Одоо зохиогдож байгаа сургалтууд нь тухайн байгууллага хүмүүсийн өөр, өөрсдийн боловсруулсан программын дагуу явагдаж байна. Бидний хувьд бол хувийн хамгаалалтын сургалт зохион байгуулах заавар боловсруулж холбогдох яам, байгууллагаар батлуулна. Мөн хувийн хамгаалалтын сургалт зохиох үлгэрчилсэн программ гаргаж улсын хэмжээнд мөрдүүлнэ, холбогдох байгууллагуудтай харилцан бие хамгаалагчийн мэргэжил олгох комисс зохион байгуулах тухай шийдвэрийг гаргуулна. Энэ оны гуравдугаар улиралд бие хамгаалагчдын мэргэжил олгох 45 хоногийн сургалтыг Америк болон бусад улс орны мэргэжилтнүүдтэй хамтран Улаанбаатарт зохионо. Ер нь бие хамгаалагчдын сургалт нь анхан шатны болон мэргэжил олгох, давтан сургах гэсэн шалтгаантай. Энэ бүхнийг багцлаад хувийн хамгаалагчдын сургалтын нэгдсэн тогтолцоо буй болгох төсөл гэж ойлгож болно.
-Манай төсөлд орсон хувийн хамгаалагчдын ажиллах, амьдрах нэн таатай нөхцөл гэдэгт ямар асуудал орж байна вэ?
-Одоогоор хууль ёсны зөвшөөрөлтэй хувийн шадар хамгаалагч, мөрдөгч гэж байхгүй. Ер нь энэ хөдөлмөр бол цаг наргүй, ихээхэн мэдлэг, мэргэжил сэтгэл зүйн болон тусгай бэлтгэлийн байнгын дасгал сургууль шаардсан өвөрмөц онцлогтой ажил. Тухайлбал одоогоор манайд хувийн шадар хамгаалагчдын бэлтгэл сургууль хийх заал, орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж байхгүй байна. Бие хамгаалагчдын ихэнх нь өөрийн гэсэн орон байр, амралт чөлөө цагаа тав тухтай амрах үзвэр үйлчилгээний газар байхгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд БАБ төслийн хүрээнд бие хамгаалагч, мөрдөгчийн орон сууц, үйлчилгээний 12 давхар цогцолбор барина. Энэ цогцолборт орон сууцнаас гадна оффис, буудлагын тийр , тусгай бэлтгэл, хичээл, хурлын тэнхим, ресторан, саун, дэлгүүр гэх зэрэг бүх зүйл багтана. Мөн бие хамгаалагч, мөрдөгчдийн албан, амины ажлаар өөр хоорондоо харилцах радио болон интернэт холбоогоор хангана. Өөрөөр хэлбэл тус цогцолборт Монголын бие хамгаалагчид, мөрдөгчдийн төв штаб тэндээс байрлаж, шилдэг бие хамгаалагч, мөрдөгч төрж, мэндлэн, сурч хүмүүжин ажиллаж амьдарна гэсэн үг.
-Таны ярьж байгаа цогцолборыг барих хөрөнгө, мөнгө хаанаас гарах вэ?
-Цогцолборын барихад урьдчилсан тооцоогооор сая гаруй долларын хөрөнгө шаардлагатай байгаа. Хишигтэн холбооны шугамаар 2005 онд АНУ-ын хувийн хамгаалалт, мөрдөгчийн байгууллагын төлөөлөгч айлчилсан тус айлчлалын үеэр цогцолбор барих түүнийг санхүүжүүлэх талаар яригдаж анхны хэлцэл, тохиролцоонд хүрсэн. Саяхан Америкийн талаас бидний төслийг санхүүжүүлэх сонирхолтой хүмүүс байгаа тухай нааштай хариу ирсэн. Энэ бол зөвхөн эхлэл. Хөрөнгийн асуудал шийдвэрлэгдмэгц цогцолбор барих төслийг хэрэгжүүлнэ гэж итгэж байна.
-Та хувийн мөрдөгчийн тухай ярьж байна. Нэгэн сонинд хувийн мөрдөгч гэх Баяраагийн өгсөн ярилцлагыг уншихад хувийн мөрдөгч чинь эхнэр, нөхөр гэр бүлийн асуудлыг мөрдөж мөшигдөг ажил мэт сэтгэгдэл төрсөн. Энэ нь хүний эрхийг зөрчиж буй асуудал биш үү?
-Би ч тэр ярилцлагыг уншсан. Тэнд хувийн мөрдөгч зөвхөн нууц амраг, хөнжил гудасны хардлага, сэрдлэгийг мөрдөж шалгадаг гэж бичээгүй. Зарим хэрэг зөрчлийг илрүүлсэн тухай ч байсан. Гэхдээ хувийн мөрдөгчийн үйл ажиллагааг явуулах хууль гараагүй болохоор Баяраагийн хийгээд байгаа ажил бол хууль бус үйл ажиллагаа. Тэгэх тусмаа би ташаараагүй бол хувийн мөрдөгчид заримдаа УИХ-ын гишүүдийн эхнэрээс захиалга авдаг гэсэн зүйл байсан санагдана. Ингэхээр халдашгүй дархан эрхийгээ хуулиар баталгаажуулсан УИХ-ын эрхэм гишүүд маань эхнэрүүдийнхээ хардалтаар хувийн мөрдөгчид тагнуулж байна. Бусдыг тагналаа, чагналаа гэж халж сольж шийтгэдэг УИХ-ын гишүүд өөрсдыг нь тагнаж, дагаж тэр ч бүү хэл элдэв үйлдлийн фото зураг, дуу хураагуур баримтжуулдаг тухай хэвлэлд ил цагаан бичээд байхад нүдэн балай чихэн дүлий байсаар байна. Үүнийг ер нь юу гэж ойлгох вэ. Тийм учраас УИХ-ын эрхэм гишүүд энэ асуудлыг эмх журманд оруулахын тулд хувийн шадар хамгаалалтын тухай болон хувийн мөрдөгчийн тухай хуулийг хойшлуулахгүй хэлэлцэх байх гэж найдаж байна.
-Та хувийн бие хамгаалагч, мөрдөгчийн тухай ярилаа. Бизнесийн аюулгүй байдлын талаар юу хэлмээр байна?
-Та ихээхэн сонирхолтой, магадгүй хэрэгцээтэй ч байж болох асуулт асуулаа. Тэр бүгдийг ярина гэвэг ихээхэн цаг хугацаа, олон хуудас материал болно. Манай зарим аж ахуй нэгж, банк, санхүүгийн байгууллагууд өөрсдийн хамгаалалтын албадуудыг аюулгүй байдлын алба гэж нэрлэх боллоо. Тэр бүгдийг хөндлөнгөөс харахад нэг зүйл тодорхой байгаа юм. Энэ нь бизнесийн аюулгүй байдал гэдгийг манай пүүс, компани, байгууллага, бизнөсмэнүүдийг гэмт халдлага, учирч болох аюулаас хамгаалах, нууцаа хадгалж хамгаалах асуудал гэж ойлгоод байх юм. Энэ ойлголтдоо хүлэгдээд обьектын хамгаалалт, бие хамгаалалт, нууц хадгалалт хамгаалалтын ажлыг нэгтгэн аюулгүй байдлын шинэ тогтолцоо, иж бүрэн арга хэмжээ зохиож байна гэж үзээд байна. Уг нь энэ бизнесийн аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн мөн боловч үнэндээ буруу ойлголт, үйл ажиллагаа байхгүй юу. Зах зээлд их, бага, ядуу, ямар ч орон, хүн бизнесийн ажлыг явуулна, аюулгүй байдлаа хамгаална гэдэг нь манайхны өнөөдрийн ойлгож байгаа шиг зөвхөн гэмт хандлага, аюулаас хамгаалах асуудал биш. Зах зээл бол хамгийн товчоор хэлэхэд өрсөлдөөн. Хэн нь хэнийгээ гэсэн хайр найргүй энэ өрсөлдөөн ялах, ялагдах, баяжих, ядуурахын эцсийн эцэст хэн хамгийн үнэт бодит мэдээлэл олж байна гэдгээс шууд шалтгаална. Ингэхээр бизнесийн аюулгүй байдлыг хориглон хамгаалах аргаар бус ямар барааг ямар технологиор хийж байна, хаана үнэ ханш өсч байна гэх зэргийн талаар мэдээлэл олохын төлөөх дайралт, давшилтын аргаар хангана. Мэдээллийг тагнуулын аргаар олно. Энэ тагнуулыг хүнээр техникээр гүйцэтгэнэ. Тийм ч учраас үйлдвэрийн, технологийн хувийн тагнуулыг бүх улс орон, пүүс, компаниуд хийж байна. Монгол улс орон улсын түвшинд бизнесийн чиглэлээр өрсөлдье гэвэл хувийн тагнуул буй болгох ёстой. Эрх зүйн орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Манай холбооны хэрэгжүүлэх БАБ төслийн нэг хэсэг нь бизнесийн мэдээллийн тогтолцоо бий болгох буюу, хувийн тагнулыг хөгжүүлэх асуудалд чиглэнэ.
-Таны ярьж буй үйлдвэр, технологийн тагнуулын ажлыг ТЕГ хийж болохгүй юу?
-ТЕГ тэр чиглэлээр хийх ёстой, хуулиар хүлээсэн үүрэг гүйцэтгэдэг байх л даа. Гэхдээ Монголд гадаад, дотоод худалдаа, үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хувийн аж ахуйн нэгж, компани олон шүү дээ. Тэр бүгдийг ТЕГ бизнесийн мэдээллээр хангаж чадахгүй. Тэдний үүрэг биш. Тэгэхээр манай бизнемэнүүд гадаадын пүүс, компаниудтай гэрээ хэлэлцэл хийдээ, бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа зөвхөн уг байгууллагын албан ёсны танилцуулга, интернэтээс авсан мэдээнд түшиглэн бизнес хийгээд байх уу? Тэр бүгдийг мэдэхгүй хэдэн сая хөрөнгийн гэрээ хийж, хохирол үзвэл үнэн бодитой мэдээллээр хангаж чадахгүй гэж ТЕГ-аа буруутгах уу? Эсвэл хэдэн бизнесмэнүүд маань бизнөсийн тоглоомонд харанхуй оролцоод байх уу? Ингэхээр хувийн аж ахуйн нэгж, компаниудын өрсөлдөөнд ялахын тулд, эрсдэлд орохгүй байхын тулд, дэлхийн зах зээлд брэнд бүтээгдэхүүн гаргах шинэ технологи олохын тулд өөрсдөө л мэдээлэл олох хэрэгтэй. Тэр мэдээллийг олдог хувийн тагнуулаа ажиллуулах хэрэгтэй, тэр чиглэлийн техникийг олж ашиглах сурах хэрэгтэй.
Өнөөгийн төрх