Гурван монгол хүн тутмын хоёр нь одон тэмдэгтэй

Тэдгээр хүмүүсийн улс нийгэмдээ хийж бүтээсэнийг нь үгүйсгэж байгаа юм биш. Мэдээж хэрэг урт удаан хугацаагаар ажил мэргэжилдээ үнэнч байж, хийсэн бүтээсэн зүйл ихтэй нь тодорхой. Гэхдээ гавъяа гэдэг үг нь төрөөс өгч буй төмөр металлд ахдах ч юм шиг. Гадаадын улс орнуудад гавъяа байгуулсан хүмүүсээ ихэд хүндэтгэхээс гадна хийсэн бүтээсэн зүйлээр нь нүүрээ тахалж гайхуулдаг юм билээ. Тэгэхдээ тийм алдар гавъяатай хүмүүс маш цөөхөн. Жишээ нь атомын цахилгаан станц хариугүй дэлбэрэх гэж байхад нь хамаг мэдлэг авъяасаа дайчлан реакторыг нь унтрааж, үй олон хүний амийг аварсан хүнийг бол яах аргагүй гавъяатай хэмээн алдаршуулж хүндэтгэдэг аж. Харин манайд бол улсад олон жил үр бүтээлтэй ажилласан буюу архи уухгүй авгайгаа зодохгүй, ажил таслахгүй даргынхаа үгэнд сайн орж даалгасан үүргийг нь олон юм асуухгүй биелүүлдэг хүлцэнгүй улс л гавъяат болоод байх шиг. Дэлхийд алдар гавъяаг үнэлдэг ганцхан шагнал байдаг бөгөөд тэр нь нийгмийн бүх салбарыг хамарсан Нобелийн шагнал гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгвэлтийм том шалгуураар гавъяа гэдгийг үнэлдэг хүмүүс манай улсын алдар гавъяатнуудын тухай сонсоод ямар их баатарлаг зоригтонуудаар дүүрсэн ард түмэн бэ хэмээн гайхаж байж ч магадгүй. Жишээ нь манайд гавъяат эдийн засагч гэдэг олон хүний энгэрийг мялаасан цол байна. Уг нь энэ цол эдийн засгийн салбарт асар том үйл хийж бүтээсэн буюу гавъяа байгуулсан хүнд олгодог шагнал байх гэж ойлгогддог. Ийм цолтои хүний тоо лав 200-гаас хол давж тусах байх. Гэтэл ийм олон гавъяатай хүмүүс төрчихөөд байхад эдийн засаг маань өндийж сэргэсэн нь хаа байна. Түүнчлэн гавъяат багш, гавъяат барилгачин, гавъяат эмч гэх мэт алдар цол хүртсэн бүх гавъяатуудын тоог гаргавал элбэг 2000 хүрэх нь лавтай. Төр засгаас олгодог энэ шагналаас гадна төрийн бус байгууллагууд ч ард түмний гавъяатуудыг бас тодруулаад эхэлсэн. Одон медалийн хамгийн доод үнэлэмж болох соёлын тэргүүний ажилтанаас эхлээд хөдөлмөрийн хүндэт медальт, алтан гадас одонт, Сүхбаатарын одонт, төрийн соёрхолт, хөдөлмөрийн баатар гээд л шагналт хүмүүсийн тоог гаргавал Монголын нийт хүн амын гурван хүн тутмын хоёр нь энгэр дээрээ ямар нэг гавъяа байгуулсан тэмдэг гялалзуулаад явж байгаа гэхэд мөрийцсөн ч болох биз ээ. Гэтэл ийм их идэвх зүтгэлтэй хөдөлмөрч ард иргэдтэй улс орон харин яагаад өөрсдөө ганц цаасан хайрцаг хүртэл үйлдвэрлэж чаддаггүй нь сонирхолтой. Хөдөлмөрийн гавъяаны одон энгэр дээрээ гялалзуулсан хэдэн мянган хүнээс л үүний учрыг асуумаар санагдана. Юу ч хийж бүтээхгүй зүгээр сууж байгаад л одонгоор шагнуулдаг газар бол Монгол улс гэхэд хилсдэхгүй байх. Анх Очирбат ерөнхийлөгч шагналын хур гээч зүйлийг төрийн ордоны Соёмбо танхимаас асгаруулж эхлэлийг нь тавьснаас хойш Н.Багабанди бүр мөндөр болгон шаагиулсан бол Н.Энхбаярын үед бүр тэнгэрт түгэх од мичид шиг үржсэнийг байгуулсан гавъяагүй хүмүүс хэлмэгдсэн харцаар харж суудаг болжээ. Хэрвээ улсад он удаан жил үр бүтээлтэй ажилласаныг нь харж гавъяа шагнал олгодог бол өндөр настай ахмадууд бүгд гавъяатын цол тэмдэгээр шагнуулах ёстой санагдана. Мөн тэднийг яагаад шагнахгүй алаг үзээд байна вэ гэж ерөнхийлөгчөөс асуумаар байна.
Ноцтой мэдээ