Далай лам сэтгэлээр унаснаас дахин төрөхгүй гэж ярьдаг болов
Гэтэл түүнийг хүлээн авсан Норвеги, Дани зэрэг улсын элчин сайдыг Бээжингийн засаг захиргаа дуудан Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг задлахаар шашны нэрийг барьж өдөөн хатгалга хийж яваа Далай лам гэгчийг өөрийн улс орондоо урьж залсан явдлыг манай засгийн газар хатуу эсэргүүцэн зэмлэж байна хэмээн мэдэгдсэн гэдэг. Эдүгээ 73 нас сүүдэр зооглож яваа Далай ламын ярилцлага Норвегийн хэвлэлүүдэд гарсаны дараа зарим улс төрийн зүтгэлтэнүүд Буддын шашны амьд бурхан гэгдэх Дээрхийн гэгээнтэн сэтгэл санаагаар маш их унасанаас гутранги зүйл ярьдаг болжээ гэж дүгнэсэн нь сонирхолтой. Далай лам Норвегийн нэг сэтгүүлчид Миний хойд дүрийг ахин тодруулах шаардлагагүй гэж би бодож байна. Тэгээд ч зөвхөн ганц хүнийг тахин шүтэж байх нь утгагүй. Будда ахин тодролгүй олон жил боллоо. Одоо би Энэтхэг дэх бурханы шашны сэргэн мандалтанд анхаарлаа хандуулах цаг болсон гэж үзэж байна хэмээн ярьсан нь ийнхүү сэтгэл санаагаар унасан гэж яригдахад хүргэсэн бололтой. Ер нь сүүлийн үед Далай лам Түвдийн асуудлаар Хятадтай хийх гэсэн Дунд замын онол нь мухардалд орсоноос хойш улс төрийн асуудлаар мэдэгдэл хийхээ больж, зөвхөн шашны ирээдүйн хөгжлийн талаар санаа тавьсан зүйл ярьж явдаг болсон билээ. Гэхдээ тэр өөрийнхөө хойд дүрээс татгалзахаа мэдэгдсэн ярилцлагыг анх удаа сонин хэвлэлд өгч байгаа учраас олон мянган сүсэгтэний хувьд дээрхи шийдвэр нь цэлмэг өдөр аянга буух шиг гэнэтийн явдал болоод байгаа аж. Ялангуяа Түвдэд энэхүү мэдэгдлийг сонсоод олон сүсэгтэн амиа хорлохыг завдсан сурагтай. Гэхдээ учир мэдэх хүмүүс Далай ламын энэхүү шийдвэр нь гэнэт гаргаж буй лүндэн биш. Тэрбээр өөрийг нь таалал болсоныдараа хятадууд хуурамч Далай лам тодруулж Түвдийн ард түмнийг гарынхаа дор оруулах учраас ийнхүү урьдчилан хойд дүрээсээ татгалзаж буйгаа зарлаж буй хэрэг гэж үзэж байгаа ажээ. Гэвч хятадууд Далай ламыг ямар ч айлдвар иш үзүүлсэн бай түүнийг бурхан болсоны дараа үл тоомсорлон 15-р Далай ламын хойд дүрийг тодруулах нь ойлгомжтой. Харин тэр дүр нь хуурамч дээрхийн гэгээнтэн байхыг Далай лам ийнхүү эртнээс анхааруулж буй ажээ. Магадгүй 14-р Далай ламын дараа Энэтхэг болон Түвд мөн Монголд гурван ч Далай лам зэрэг тодорч хүн амьтаны толгой эргүүлэх магадлалтай гэж шашин судлаачид үзэж байна.
Ноцтой мэдээ