Үндэсний түүхийн музейд байсан хэлмэгдэгсдийн нэрийн жагсаалт алга болжээ
Үндэсний түүхийн музейгээс сүүлийн 10 жилд археологийн чиглэлээр бие даасан болон гадаад, дотоодын олон байгууллагатай хамтарсан судалгаа хийж, сан хөмрөгөө баяжуулах, эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөн зохион байгуулах, музейн ажилтнууд олон улсын арга хэмжээнд оролцох, ном товхимол, судалгааны бүтээл хэвлүүлэх талаар санаачилгатай ажиллан, музейн эрдэм шинжилгээний ажлыг шинэ шатанд гаргаж, Монголын музейн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна.
Гадаад харилцааны талаар
Тус музей 1997 оноос Өмнөд Солонгостой хамтран МонСол, 2003 оноос АНУ-ын Смитсоны музейтэй хамтарч Хөвсгөл нуурын орчны хөрс, ургамал, цаа буга, цаатны амьдрал, энэ нутгийн эртний түүх, соёлын дурсгалыг иж бүрэн судлах Буган чулуу, Японы эрдэмтэнтэй хамтран судалгааны Бичээс төсөл, 2004 оноос ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэн, Улаан-Үд хот дахь Монгол, Түвд, Будда судлалын хүрээлэн түүнчлэн манай Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэнтэй хамтран Чинтолгой төслүүдийг хэрэгжүүлсэн аж. Үндэсний түүхийн музей 2004-2006 онд нийт 154 014 хүнд үйлчилжээ. Музейгээс зохиох танин мэдэхүйн ажлын үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч, хүүхэд залуучуудад зориулан олон нийтийн хөтөлбөр, боловсролын Баатрууд нэртэй төсөл, Монголын амьд түүх хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж, өнгөрсөн онд веб сайтаа (www. nationalmuseum.mn) шинэчилсэн байна. Музейн захиргаа үзэгчдийн оюуны эрэлт хэрэгцээг хангах зорилгоор орчин үеийн шаардлагад нийцүүлэн музейн үзмэрийн дэглэлтийг шинээр зохион байгуулах, хаяг тайлбарыг өөрчлөх, олон нийтэд үйлчлэх шинэ хэлбэрийг эрэлхийлэх талаар үр дүнтэй ажиллаж байна. Харин ажилтнуудаа ажлын арга зүйд сургах, музей судлалаар мэргэшүүлэх, үзмэрийн судалгаа хийх, үзэгчдэд тогтмол тайлбартай үйлчлэх, тэднийг урин дуудах, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах талаар бага анхаарч иржээ.
Монро импэкс эхнээсээ сэтгэлгүй хандав
БСШУЯ 2005 оны X сард Музейд дохиолол хамгаалалт, хяналтын систем нийлүүлж, суурилуулах тендерийг нээлттэй зарлаж, үүнд 14 аж ахуйн нэгж саналаа өгч, 10 нь оролцжээ. Тендерт оролцсон тэдгээр 10 нэгжийн дөрөв нь Холбоо дохиолол, компьютерийн сүлжээ, гал унтраах болон галын дохиоллын системийн тоног төхөөрөмжийн угсралтынажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу авч, үйл ажиллагаа эрхэлж байгаа, туршлагатай компаниуд байв. Гэтэл тендерт шалгарсан Монро импэкс ХХК нь тендер шалгаруулах явцад буюу тухайн оны XI сард л сая улсын бүртгэлийн гэрчилгээндээ Дохиолол хамгаалалтын тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах үйл ажиллагаа эрхэлдэг гэж нэмж бүртгүүлсэн нь хачирхалтай бөгөөд ойлгомжтой. Ингээд мөн оны XII сард Үндэсний түүхийн болон Богд хааны ордон музейд дохиолол хамгаалалт ба хяналтын систем нийлүүлж, суурилуулах тухай гэрээ байгуулжээ. Уг гэрээнд 73,0 сая төгрөгийн өртөгтэй, галын болон хамгаалалтын дохиоллын системийн угсралт, суурилуулалтын ажлыг гэрээ байгуулсан өдрөөс хойш 14-21 хоногт багтаан гүйцэтгэж, 30 хоногийн дотор хүлээлгэн өгөх-өөр тусгасан байна. Өөрөөр хэлбэл Монро импэкс компани дээрх гэрээний дагуу 2006 оны III сард Богд хааны ордон музей, Үндэсний түүхийн музейн дохиоллын системийн угсралтын бүх ажлыг бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөх ёстой байв. Гэтэл энэ ажил одоог хүртэл бүрэн дуусаагүй ажээ. Тэр ч байтугай тус компанийн өмнө нь суурилуулсан хятадын станц, техник, тоног төхөөрөмж нь манай нөхцөлд огт таарахгүй тэгээд ч мэргэжлийн түвшинд хийгээгүй учир БСШУЯ-наас үүрэг өгч, одоо OWL компани кабель, утаснуудыг нь сольж угсарч байгаа юм байна. Яам үүнд өөрөө буруутай мэт. Учир нь Тендерийн хороо, үнэлгээний хэсэгт мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан ШУТИС-ийн профессор, доктор (Ph.D) П.Аюурзанын гаргасан тендерт оролцогчдоос Өгөөмөр трейд ХХК илт давуу байгаа тухай / 2005. XI. 22/ дүгнэлтийг БСШУЯ үл тоож, дохиоллын систем угсрах ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй Монро импэкс ХХК-ийг шалгаруулсан ажээ. Тус яамны Соёл, урлагийн газрын музей, түүх, соёлын дурсгалт зүйлийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн З.Оюунбилэг ахлагчтай ажлын хэсэг Монро импэкс-ийн гүйцэтгэсэн дээрх ажлын талаар ямар ч баримт бичиг бүрдүүлэлгүй хүлээж авсан байна. Ингэснээрээ тус яам Соёлын тухай хуулиар хүлээсэн түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах ажлыг зохицуулах бүрэн эрхээ буруу ашиглаж, Монгол Улсын стандарт болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчжээ. Монро импэкс-ийн гүйцэтгэсэн ажил нь мэргэжлийн шаардлага огт хангаагүй бөгөөд ил болон далд ажлын акт үйлдээгүй, туршилт, зүгшрүүлэлт хийсэн тухай протокол байхгүй, ашиглалтын заавар боловсруулж ажлаа бүрэн дуусгаагүй, шаардлагатай зарим газарт галын болон хамгаалалтын дохиоллын төхөөрөмж суурилуулж угсраагүй ажээ. Энэ нь Барилгын дотор холбоо-дохиоллын сувагчлал ба угсралт MNS 54712005 Монгол Улсын стандартын шаардлагыг зөрчсөн хэрэг юм. Мөн захиалагчийн зүгээс зургийн даалгавар батлуулан Үндэсний түүхийн музейн барилга-архитектурын байгуулалтын зурагт түшиглэн шинээр угсарч суурилуулах холбоо-дохиоллын ажлын зураг төсвийг хийлгэж батлуулаагүй байж угсралтын ажлыг хийлгэжээ. Энэ нь Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, батлах дүрэм БНбД 11-01-98-ийн шаардлагыг зөрчсөн хэрэг болж байна.
Хэлмэгдэгсдийн нэрийн жагсаалт алга болжээ
Музейг 20-иод оны сүүлээр барьсан, 80 гаруй жил болж байгаа тэгээд ч модон байшин учраас одоо их засвар нэн даруй хэрэгтэй болжээ. Уг нь 2003 оны намраас 2004 оны ҮII cap хүртэл улсын хөрөнгө оруулалтаар энд засвар хийж, хана, таазыг нь гипсэн хавтангаар доторлож, II давхрын бүх цонхыг сольсон байна. Гэвч энэ засварын үеэр үзмэрийн шилэн хорго нь бүгд хагарч, уран баримлууд хугарч, хэзээ ч давтагдашгүй гэрэл зургууд урагдаж гэмтсэн нь хайран. Энэ музей хэлмэгдлийн холбогдолтой баримт материалыг эрэн сурвалжилж цуглуулах, судлах, үзэгчдэд сурталчлах, хэлмэгдэлд өртсөн хүмүүсийн нэр төрийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Харамсалтай нь засварын үеэр хэлмэгдэгсдийн нэрийн жагсаалт алга болжээ. Ер нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн менежментийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газраас 2000 онд тогтоол гарсан боловч өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байгаад дүгнэлт хийж, музейн ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай байна. Нөгөө талаар Улс төрийн хилс хэрэгт хэлмз-гдэгсдийн дурсгалын музейн барилга нь галын болон эрүүл ахуйн шаардлага хангаагүй, агааржуулалт байхгүй, зориулалтын бус барилгад байгаа бөгөөд модон хучилт болон үндсэн хийц нь муудсанаас металл багана, тулаас хучилтын дороос тулсан, анхнаасаа газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ аваагүй тул байгалийн энэ үзэгдлийг тэсвэрлэх чадваргүй болсон зэргээс үзвэл энэ барилга цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болжээ. Үндэсний түүхийн музейн засварыг мэргэжлийн бус байгууллага чанаргүй хийснээс бороо орох, цас хайлах бүрт дээврээс нь усны дусал нэвтэрдэг, өвөлдөө бохир, цэвэр усны шугам нь хөлддөг байна. Угсаатны зүйн сан хөмрөг байдаг барилгын дээврээс ус гоожиж, хана, таазны шаваас нь шарлаж, хөгцөрснөөс хар цаасан дээвэр нь ашиглалтын шаардлага хангахгүй болжээ. Энэ нь музейн үзмэр гэмтэх аюулд ойр байна гэсэн үг юм. Иймд дээврийн засварын ажлыг Байгалийн түүхийн музейтэй хамтран мэргэжлийн байгууллагаар яаралтай хийлгэх хэрэгтэй байна. Шалгалтын явцад олон нийтэд үйлчлэх зорилготой музейн барилгын зориулалтыг өөрчилсөн, музейг нийтийи хүртээл болгох ажлыг өргөн цар хүрээтэй зохион байгуулаагүй, музейн сан хөмрөг байдаг зоорины давхарт байгууллага дундын халаалтын цогц төхөөрөмж суурилуулсан, хадгалалтын горим алдагдсан, үзмэрийг хулгайд алдсан зэрэг олон зөрчил илэрлээ. Тодруулбал, тус барилгын зоорины давхарт тусгай хамгаалалтад байж, тусгай журмаар ажилладаг түүх, соёлын ховор нандин, үнэ цэнэтэй дурсгалын сан хөмрөг болох онцгой обьект ийнхүү байрлаж байгаа нь дулаан тохируулгын өрөөнд угсарч суурилуулж буй байгууллага дундын халаалтын цогц төхөөрөмжид тавьдаг ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэхгүй байгаа юм.
Шалгалтын явцад
Дараах арга хэмжээг авлаа. Үндэсний түүхийн музейн барилга, дулаан, цахилгааны байдлыг мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт үзүүлж шалгуулан, арга зүйн зөвлөгөө өгөв. Хэлмэгдэгсдийн болон Байгалийн түүхийн музейн өргөтгөлд байрладаг Үндэсний түүхийн музейн угсаатны сан хөмрөгийн барилгын тухай, Үндэсний түүхийн музейн дулаан хангамжийн тухай улсын байцаагч нар дүгнэлт гаргасан байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай улсын байцаагч нар хамтарсан албан шаардлага гаргаж, хүргүүлжээ. Музейн байранд ажилладаг түрээсийн байгууллагыг цөөлөх, хонгилд үйлчилгээ явуулдаг Аз кафе болон II давхрын дэлгүүрийг тэндээс гаргах, музейн ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах, музейн барилгыг олон нийтэд үйлчлэх зориулалтаар ашиглах үүрэг өгөв.
Торгууль шийтгэлийн тухайд
Юуны өмнө Үндэсний түүхийн музейн санхүүгийн ажил зохих журмын дагуу, хэвийн явагдаж байгааг хэлье. Тус музей сүүлийн хоёр жилд орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж, зарлагын санхүүжилтийн 52,9 хувийг өөрийн орлогын эх үүсвэрээр бүрдүүлжээ. Татвар болон нийгмийн даатгалын байгууллагатай хугацаанд нь тооцоо нийлж хэвшин, өр авлагагүй болсон байна. Анхан шатны болон ня-бо бүртгэлийг бүрэн хөтөлж, төсвийн гүйцэтгэлийн тайланг зөв гаргаж байна. Харин шалгалтаар Соёлын тухай хуулийн заалтыг үндэслэн Үндэсний түүхийн музейг, Монро импэкс ХХК тус музейн барилгад тусгай зөвшөөрөлгүй атлаа ажил үйлчилгээ гүйцэтгэсэн тул Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн заалт, OWL компанийг шалгалтын явцад шаардлагатай баримт бичгийг хугацаанд гаргаж өгөлгүй, хяналт шалгалтын ажилд саад учруулсан тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн заалтыг үндэслэн тус тус торголоо.
Тендерийг шударга бус явуулсан хүмүүст хариуцлага тооцъё
Шалгалтын хэсэг Үндэсний түүхийн музейн захиргаа илэрсэн зөрчлийг арилгуулах тухай улсын байцаагч нарын энэ оны 228 тоот албан шаардлагыг хэрэгжүүлэх, БСШУЯ музейн тухай эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох, шинэчлэх талаар санаачилгатай ажиллаж, музейг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, тус музейд суурилуулж байгаа дохиоллын системийг улсын комисст энэ оны ҮI сард багтааж хүлээлгэн өгөх, Музейд дохиолол хамгаалалт, хяналтыи систем нийлүүлж, суурилуулах тендерийг шударга бус явуулж, хэрэгжилтэд нь хяналт тавиагүй хүмүүст хариуцлага тооцох-ыг анхааруулав. Музейн сан хөмрөгийн улсын тооллогын бэлтгэл ажлыг хангаж, энэ оны III улиралд багтаан улсын хэмжээнд тооллогыг эхлүүлэх шаардлагатай гэж улсын байцаагч нар үзэж байна.
Бизнесийн мэдээ