Баян-Өндөр сан-гийн хохирогчдын баргар царай хэзээ гийх юм бол
Шүүх хурлыг Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Р.Алтантуяа, Ц.Оюунчимэг нарын шүүх бүрэлдэхүүн шүүсэн юм. Түрүүнд зайлшгүй оролцох ёстой гэрч нар, үнэлгээчид ирээгүй, хурал хийж байгаа газрын зай багтаамж хангалтгүй, ядаж ганц микрофон ч байхгүй гэсэн шалтгаануудаар шүүх хурал хойшилж байсан. Энэ удаагийн шүүх хурлын бэлтгэлийг Баянгол дүүргийн шүүх тун сайн хангасан байна. Хурлын танхимын голд төрийн далбаа байрлуулж, сандал суудлаар дүүргэжээ. Мөн гурван микрофон ажиллуулж, хүмүүийн хэлсэн ярьсан зүйл тод сонсогдож байлаа. Гартаа гавтай Т.Самбалхүндэв, гавгүй Р.Баярмаа нарыг цагдаа нар авч ирэхэд хохирогчдын дундаас Баярмааг цаазла гэж хашгирсныг эс тооцвол шүүх хурал тайван үргэлжиллээ. 14 гэрчээс ес нь ирж, тав нь аргагүй шалтгаантай гэнэ. Үнэлгээний комиссын гишүүн Однасан, Гансүрэн нар ирсэн байв. Щүүх хурлыг даргалагч Ц.Оч, шүүгдэгчид болон хуралд оролцогчдын эрх үүргийг танилцуулаад шүүгдэгч Т.Самбалхүндэв, Р.Баярмаа нарын биеийн байцаалтыг сонслоо. Энэ үед хохирогчийн өмгөөлөн Та хоёр чинь нэг гэрийн хоёр шүү дээ. Яагаад тус тусдаа гэp бүл шиг мэдүүлээд байгаа юм гэхэд Р.Баярмаа Бид хоёр албан ёсны гэр бүл биш. Хамтран амьдрагчид. Энэ тухай зохих байгууллагын бичиг баримт бий гэв. Дараа нь нотлох баримтыг шинжлэн судлах талаархи саналаа улсын яллагч, хохирогчийн болон шүүгдэгчдийн өмгөөлөгчид танилцуулсан юм. Шүүхийн хэлэлцүүлэг, улсын яллагч БЭнхтуулын унион ялын дүгнэлтээр эхэллээ. Ялын дүгнэлтийг прокурор, туслах хоёулаа гурван цаг уншиж, хоолой нь цуцлаа. Энд тус ХЗХ-ны хохирогч 1400 орчим хүний нэхэмжлэлийг хүн тус бүр дээр гаргасан учир ийнхүү удаан уншихаас ч яахав. Шүүгдэгч Т.Самбалхүндэв, Р.Баярмаа нарт хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хууль ёсны бус ХЗХ байгуулан олон хүний их хэмжээний мөнгийг залилж авсан гэдгээр зүйлчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148-ын 3-аар ял төлөвлөсөн байлаа. Иргэн Батмөнх 125 сая төгрөг, Д.Даариймаа 151 сая төгрөг, хүнд өвчтэй Я.Ширнэн 3.6 сая төгрөг, Д.Бадрал 9 сая төгрөг, Д.Баярмаа 20 сая төгрөг гэхчлэн олон зуун хүний нэхэмжлэл байна. 2006 оны тавдугаар сард Санхүүгийн зохицуулах хороо шалгалт хийгээд Баян-Өндөр сан ХЗХ-ны хадгаламж авах эрхийг түдгэлзүүлчихээд байхад тус хоршооны удирдлагууд элдэв янзын заль зохион нэмж 90 иргэнээс 377 сая төгрөг болон их хэмжээний долларын хадгаламж авч байсан нь шууд залилангийн үйлдэл гэж тэмдэглэлээ. ХЗХ-ны менежер Р.Баярмаа Манай хоршоо энэ ХЗХ-нуудын дунд хамгийн хөрөнгийн чадвартай нь байгаа. Мөнгөө манайд л хий гэж ятган нэмж олон сая төгрөг авсан гэнэ. Нэгэн хохирогчид Р.Баярмаа Бид сая Франц яваад ирлээ. Авахуулсан зураг маань энэ гэж хоёр зураг үзүүлээд гүүтэй айлын гүзээтэй хүү шиг загнан байраа зарчихаад авч явсан арав гаруй сая төгрөгийг нь молигодчихсон аж. Бас захирал Т.Самбалхүндэвээрээ баталгаа гэж хуурамч бичиг гаргуулаад 55.5 сая төгрөгийг нь хийлгэчихсэн гэх мэт зайлшгүй залилан гэж үзмээр зүйл олон байгаа юм байна. Хуурамч бичиг баримтаар хууль бус ХЗХ байгуулсан тухай ялын дүгнэлтэд тодорхой тусгасан байна. Баян-Өндөр сан ХЗХХ-г үүсгэн байгуулагч 20 хүн байсан гэнэ. Түүний 11-ийнх нь бичиг баримтыг Т.Самбалхүндэв өөрөө, 9-ийг нь МҮЭСТО-д байрладаг Т.Батдэлгэр гэгч хүн 160 мянган төгрөгөөр бүрдүүлж, хүмүүсийн гарын үсгийг дуурайлгаж зураад ХЗХ болчихсон гэнэ. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ зарим гэрч Ер мэдэхгүй. Самбалхүндэв ах л хоршоо байгуулна. Иргэний үнэмлэхээ түр өгөөч гэж дөрвөн хүний үнэмлэх авч яваад буцаагаад өгчихсөн. Бид тэгж анкет бөглөж гарын үсэг зураагүй гэж мэдүүлжээ. Менежер Баярмааг ирснээс хойш, тухайлбал, 2005 оны хоёрдугаар сараас хойш байдал хүндэрсэн, шударгаар ажиллаж байсан хүмүүсийг зайлуулж, дан ах дүү, нэг сургууль, ангийнхнаараа дүүргэсэн, орлогын мөнгийг оройд хамж аваад Т.Самбалхүндэв захирлын хувийн дансанд хийдэг болсон. Хуурамч зээлийн гэрээ хийсэн, Баярмааг анх энэ хоршоонд ирэхэд зарим хүн Түрүүнд нь хэрэг төвөгт орж байсан, битгий ав гэж эсэргүүцэж байсан талаар гэрчүүд мэдүүлэг өгсөн байх юм. Ялын дүгнэлт сонссоны дараа шүүгдэгчдийн мэдүүлгийг Т.Самбалхүндэвээс эхэллээ. Шүүгчдэгч Т.Самбалхүндэв 1994 оноос бизнес хийж гадаадын хэд хэдэн орноос машин оруулж ирж тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болсон гэнэ. Тэгээд бэл бэнчиндээ түшиглэн Баян-Өндөр сан ХЗХ-г 20 хүнтэй байгуулж Монголбанк, Татварын ерөнхий газрын зөвшөөрөлтэйгөөр ажиллаж эхэлсэн аж. Ажил сайн явж байсан. 2003 онд Р.Баярмааг менежерээр ажиллуулж эхэлснээс хойш бүр ч сайн ажиллаж байсан. Баян-Өндөр сан группийн бүх хөрөнгө миний нэр дээр байгаа. Манай менежер, захирлын эрх мэдэлд оролцдоггүй, үүрэгт ажлаа л сайн хийдэг хүн. Тиймээс Р.Баярмааг энэ хэрэгт холбогдолгүй болгож өгнө үү гэсэн юм. Танхимд шуугилдаж эсэргүүцлээ илэрхийлэв. Т.Самбалхүндэв Надад бүх хохирогчдын хохирлыг барагдуулах хөрөнгө байна. Би тэднийг хохиролгүй болгоно гэлээ. Дараа нь шүүгдэгч Р.Баярмаа мэдүүлэг өглөө. 2005 онд менежерээр ажиллаад Баян-Өндөр сан ХЗХ-ны дотоод үйл ажиллагаа, санхүү бүртгэлийн бичиг баримтыг цэгцлэх, ХЗХ-гоо дампууруулалгүй нэр хүндтэй хоршоо байлгах бүхий л арга замыг хайж байсан тухайгаа ярилаа. Тэрбээр хоршооны мөнгөтэй дур мэдэн харилцаж байгаагүй. Захирлынхаа өгсөн үүрэг даалгаврын дагуу л ажил төрлөө явуулж байсан. Тамга тэмдэг эзэмших, захиран зарцуулах явдал байгаагүй гэлээ. Дараа нь шүүгдэгчдээс улсын яллагч, хохирогчдын болон шүүгдэгчдийн өмгөөлөгчид, шүүгчид асууж танилцсан юм. Энд ажиглагдсан нэг зүйл бол шүүгдэгчдийн өмгөөлөгч зарим хүн улсын яллагч болон хохирогчдын өмгөөлөгчдийн чөлөөтэй асууж ярилцах явдлыг дарамталж, саатуулж байсан нь шүүх хуралд нөлөөлөх гэсэн явдал хэмээн хохирогчид эсэргүүцэж байв. Шүүх хурал үргэлжилсээр байна.
Г.Жамьян
2007.05.24 Монголын мэдээ