Төв Цэнгэлдэх хүрээлэнд бүртгүүлэгчид ИБМТ рүү нүүжээ
-Хөөш битгий урдуур дайраад бай
-Битгий хуц, би оочероо хүнд захиад явсан юм
-Чи таньдаг хүнээрээ битгий гул барь хэмээн хоёр нөхөр нэлээд ширүүхэн гэгч ам зөрж сонсогдов. Уртаас урт цуваа, уур бухимдлаар Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв дүүрчээ. Энд тэндгүй хэрэлдэн, өөр хоорондоо маргалдах тэд шинээр гадаад паспорт гаргахаар ийнхүү оочер дугаар үүсгэж. Өмнөд Солонгосыг зорихоор Төв цэнгэлдэхэд өнжиж сонсон нөхдүүд энэ удаад Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв рүү нуусэн нь энэ. Гадаад паспорт шинээр гаргуулахаар дугаарлаж зогсогчдын олонх залуучууд. Хаашаа явахаар гадаад паспорт гаргуулж байгааг асуусан хүмүүсийн дийлэнх нь Солонгос гэсэн товч тодорхой хариултыг өгсөн. Миний хаашаа явах чамд ямар хамаатай юм гэж омогдох нэгэнтэй ч таарлаа. Хөх цамц өмссөн нэлээд махлаг залуу оочер дайрах гэснээс болоод 30 эргэм насны бүсгүйтэй сийрүүхэн гэгч нь ам зөрж үзэгдсэн. Монголчууд маань яасан ч их уур уцаартай болчихсон юм, нэг нь юм асуухад нөгөө нь уцаарлаж хариулах. Тус төвөөр үйчлүүлэгчид их л бухимдангуй байв. Учир нь өчигдөр Иргэний бүртгэл мэдээлийн сүлжээ тасарсан, хэзээ ирэх нь мэдэгдэхгүйгээс болоод иргэдийн хооронд багагүй хэрүүл үүсгэчихэж. Сүлжээ хэдийд ирэх талаар ч мэргэжилтнүүд нь тоймтой хариу хэлсэнгүй.
Сүлжээгээ хурдан янзлуул гэсэн шаардлагыг үйлчүүлэгчид тавьсан ч тус төвийнхөн сонсоогүй дүр эсгэж харагдсан. Үүнд нь эгдүүцсэн бололтой нэгэн эмэгтэй тэднийг авлигач, хүнд сурталтангууд хэмээн загнаж сонсогдсон. Гарч орох мэргэжилтнүүдээс хэзээ сүлжээ ирэх талаар үйчлүүлэгчид асуух боловч харамсалтай нь тэд мэдэхгүй гэсэн үгээр амыг нь таглах энүүхэнд. Тус төвийн ачаалал энэ долоо хоногт эрс нэмэгдсэн гэнэ. Харин тус төвөөр үйлчлүүлэхээр дугаарлаж зогсох хүмүүс Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийнхний хүнд сурталтыг багагүй шүүмжилж байсан. Өөрийгөө Батцэцэг хэмээн танилцуулсан бүсгүй тус төвийн ажилтнууд таньдаг хүндээ арын хаалгадаж түүнийхээ шанд 10-40 мянган төгрөг авдаг гэж хардав. Өмнөд Солонгосыг зорихоор гадаад паспорт гаргуулагчдаас болж гадаад паспорт дууссан гэх мэдээлэлд хариулт авахыг хүссэн боловч ажилтнууд нь энэ талаар ам ангайхыг хүссэнгүй. Дарга даамлаас асуу хэмээн өөрсдөөсөө булзааруулна. Дарга нартай нь уулзах гээд ч чадсангүй. Бүгд гадуур ажилтай гэсэн шалтгаанаар өрөөндөө байсангүй.
Нэрээ нууцалсан нэгэн мэргэжилтний хэлснээр бол дээрх яриа үнэний ортой байж болзошгүй бололтой. Дүүгийнхээ паспортыг гаргуулахаар хөөцөлдөж буй залуу мэдээллийн төвийнхний хүнд сурталтайг мөн л шүүмжлээд авсан. Өглөө цагтаа ирдэггүй, арай гэж ирсэн хойноо үдийн цайнд орчихдог гэнэ. Хэн нэгэн дуудаад гараад явчихдаг, удаж удаж орж ирдэг, шаардлага тавихаар эсэргүүцдэг гээд тус төвийн ажилтнуудын талаар олигтой үг иргэдийн амнаас гарсангүй. Хоёр өдөр дуугаарласан хэрнээ гадаад паспорт авах бичиг баримтаа ч өгч чадаагүй гэх хүнтэй ч таарав. Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв хүний хөлд дарагдах болсон нь түргэн зурагчдад л ашигтай байгаа бололтой. Тус төвийн үүдэнд байрлах түргэн зурагчдаас өдөрт хэдийг олж байгааг сонирхсон юм. Тэдний үгээр бол энгийн үетэй харьцуулашгүй ашиг орж байгаа гэнэ лээ. Ийнхүү Өмнөд Солонгосоос мөнгө өвөртөлж ирэхийн хүслэнд автагсад энд тэндгүй оочер дугаар, хэрүүл уруул үүсгэсээр
(Ардын эрх 103/634)
Ж.Эрхэс