Нэрт зохиолч Ч.Лхамсүрэн, Д.Гармаа, Р.Чойномнарын эндүү дүрслэл
Нэрт зохиолч, уран бүтээлчид маань цаст Алтайн магтаалаас эхлээд казакуудын аж амьдрал, ахуй байдал, зан заншлын онцлогийг харуулсан олон зохиол бүтээл туурвисан байна. Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэнгийн алдарт Мамей, Жукей хоёр найраглал, Д.Гармаа, Ч.Чимид нарын Маржангүл бүсгүй тууж, Л.Түдэв Алтай шүлэг, Р.Чойном Алтай найраглал, М.Чимид Анчин ба бүргэд зэрэг зохиолуудыг нэрлэж болно. Эдгээрээс Мамей, Жукей хоёр найраглал, Маржангүл бүсгүй тууж, Алтай найраглалыг уншихад л монгол дахь казакуудын гурван өөр цаг үе буюу хувьсгалын өмнөх ба дараахан, мөн социализмын ахуй амьдралыг мэдэж болно. Мамей, Жукей хоёр найраглал нь казак түмний ахуй амьдрал, ёс заншлын тухай монголд бичигдсэн анхны бүтээл болно. Зохиолч уг найраглалыг домгоос сэдэвлэсэн бөгөөд казак түмний ахуй амьдралыг ойрын зайнаас таньж мэдсэн нь Казак цай / 1949/ хэмээх шүлгээс нь харагддаг. Шүлэгт казакуудын бусад улс үндэстнүүдээс ялгаатай ааг ихтэй өтгөн шаргал цайтай нь хамт магтан шүлэглэжээ. Зохиолчийн найраглалын хувьд 1921 оноос өмнөх үеийн казакын ядуу ард олны нялх балчир гоо охидыг хөгшин баячууд олон тооны малаар худалдан авч хоёр дахь, гурав дахь эхнэр буюу бага хатан казакаар токал болгон авч байсан ба түүний эсрэг амьдралынхаа эцэс хүртэл тэмцсэн зоригт залуусын хайр сэтгэлийн эмгэнэлт түүхийг харуулсан том хэмжээний бүтээл юм. 40 морь, 450 хониор хөгшин хятадад худалдаалагдсан Жукей бүсгүйн дайчин тэмцэгч байдлыг үзүүлсэн бөгөөд энэ нь тэр үеийн нийт казак охид, эмэгтэйчүүдийн тэмцэл байсан гэдгийг харуулжээ. Тэгвэл Д.Гармаагийн Маржангул бүсгүй туужид 1950-иад оны үеийн нэгдэлжих хөдөлгөөнд казакын ард түмэн хэрхэн оролцож байгааг Маржангул, Азамат хоёрын дүрээр төлөөлөн дүрсэлж үзүүлсэн байдаг. Маржангул бүсгүйн хувь заяа нь Жукей бүсгүйн хувь заяатай харьцуулахад тэс ондоо. Тэрээр Нэгдэл хэмээх үгийг сонсох ч хүсэлгүй хатуу сэтгэлтэй баян Каскырбайн газар дээрх ганц охин нь бөгөөд сэтгэлт залуу Азаматтай оргон, нэгдэлд элссэнээр хүмүүст ад үзэгдэж, эзгүй ууланд нэгдлийн мод бэлтгэж, гэр оронгүй, идэх хоолгүй, өмсөх хувцасгүй, зовж зүдэрсний эцэст нэгдлийн ачаар жаргалтай амьдралтай золгож байна. Үүнээс шинэ эрмэлзэл бүхий шинэ сэтгэлгээтэй казакын охид залуусын дүр төрхийг харж болно. Эл зохиолын бас нэг онцлог нь үндэсний кыз куар, хөх ямаа булаалдах зэрэг тоглоомуудын онцлогийг уран сайхны аргаар чадварлаг дүрсэлсэнд оршино. Харин орчин үеийн казак түмний ахуй байдлыг Гулжан бүсгүйгээр төлөөлөн дүрслэн үзүүлсэн Төрийн шагналт зохиолч Р.Чойномын Алтай найраглал нь арай өвөрмөц утга агуулгатай. Гулжан бүсгүйн тухай дуулж байгаа нь Жукей, Маржангул нарын тухай дууллаас арай өөр. Энэхүү зохиолд.
Гүн хархан нүдэнд нь хорь дахь зуун гийсэн
Гулжан гэдэг нэртэй, хасаг бүсгүй билээ.
Гулжан гэж монголоор Шинэ цэцэг гэсэн
Гулжан гэж миний чин хайртан билээ хэмээн казакын хар нүдэн гоо бүсгүйд дурласан монгол хүний сэтгэлгээ шингэсэн төдийгүй Гулжан бүсгүйд өгсөн хайр нь нийт казак түмэнд өгсөн хайр сэтгэл байсан бөгөөд түүний төрсөн нутаг цаст Алтайн дүр зураг, тэндэхийн ахуй амьдрал, ёс заншлыг дүрслэн үзүүлжээ.
Гуниг баясал хосолсон уулын нүүдэлчний уянгатай
Гурван утаст домборын цогиулах аянд баярладаг
Гундаж гуларч сураагүй цагаан алчуурт тэргүүнтэй
Гурамсан сур шиг бүсгүйн цовоо дуулалд уярдаг гэдэг бадагт казакын үндэсний домборыг тэр дундаа одоо мартагдсан гурван утаст домборын тухай өгүүлсэн нь их сонирхол татаж байна. Энэхүү гурван утаст домборыг XIX зууны үед Монголын Абак керейн овгийн казакууд
хэрэглэдэг байсан бөгөөд хоёр утаст домбортой харьцуулахад дуу нь илүү хүчтэй сайхан гардаг байсан байна. Өдгөө казак түмэн хоёр утаст домбор хөгжим хэрэглэдэг болохоос гурван утаст домборын талаар тэр бүр мэддэггүй билээ. Нэрт зохиолч Р.Чойном энэ талаар зохиолдоо тусгасан нь казакын уламжлал, ёс заншлын талаар өргөн мэдлэгтэй болохыг харуулж байна. Мөн
Аялгуу сайхан хэлээр нь
Абайн шүлгийг унших гэж
Ак сахалын амнаас амтат домгий нь сонсох гэж
Ажилсаг түмний хөвгүүдтэй тогыз кумалак наадах гэж
Алтайн өндөр нутаг өөд сэтгэл зүрх минь яарч байна хэмээн дөрөвхөн мөрөнд казакын ард түмний ерөнхий дүр төрхийг хамруулж
чадсан.. Гулжан бүсгүй шинэ цагийн шинэ амьдралд амар тайван, эрх дураараа амьдарч, гоо үзэсгэлэн, сайхан сэтгэлээрээ монгол шүлэгчийн хайрыг булааж, сэтгэл алдруулсан казакын эгэл бүсгүй байгаагаараа дээрх хоёр бүсгүйн дүрээс онцлогтой. Зохиолчид маань Монголын казакуудын амьдрал тэмцлийн гурван өөр цаг үеийг Жукей, Маржангул, Гулжан зэрэг бүсгүйчүүдийн дүрээр төлөөлөн тухайн нийгэм, цаг үеийн байдлыг бодитой дүрсэлсэн зохиолуудыг туурвисан байна. Гэхдээ зохиолуудын зарим нэгэн дутагдалтай талуудыг дурдахгүй өнгөрч
болохгүй юм. Үүнд, нэрт зохиолч Ч.Лхамсүрэн Мамей, Жукей хоёр найраглалд
Нуурын гүн усанд
Нугас галуу шумбан
Омогт хүрэн бүргэд
Огторгуйн өндөрт хальсаар
Орог саарал чонын
Орой дээр нь ирээд
хэмээн зуны улиралд бүргэдээр ан хийдэг мэт ташаа ойлголтыг уншигчдад өгсөн байна. Ийм үзэгдэл М.Чимидийн Анчин ба бүргэд зохиолд ч гарч байна. Казакын ард түмэн халуун зуны улиралд хэзээ ч бүргэдээр ан хийдэггүй бөгөөд зунжин бүргэдээ тэжээж, гуужуулж, таргалуулдаг юм. Энэ үед үнэг болон бусад ан амьтны үс ноос гуужиж байдаг учир агнадаггүй билээ. Харин анхны цас орсон өдрөөс эхлэн өвөлдөө бүргэдээр ан хийдэг заншилтай. Д.ГармаагийнМаржангул бүсгүй туужийн энгэрээрээ дүүрэн элдэв зоос, цагаан мөнгө, тэмдэг хадсан охид, толгойдоо гоёхон мөнгөн зүү хатгасан гулауыш өмссөн авгайчуул мөн малгайдаа шар шувууны өд хийсгэж гялалзсан хар хүрэн хилэн хантааз өмссөн гоо сайхан бүсгүйчүүл хэмээх дүрслэлд санал зөрөөтэй нэлээд зүйл байна. Настай казак авгайчуулын толгойн өмсгөл нь хоёр зүйлээс бүрддэг. Эхнийх нь энгэртэй толгойн өмсгөл, дараагийнх нь түүний дээрээс нь өмсдөг цагаан өнгөтэй урт алчуур маягийн зүйл. Үүнийг казакаар кимешек-шылауыш гэж нэрлэх бөгөөд тэр энгэртэй толгойн өмсгөлд элдэв зоос, тэмдэг хаддаг ба урт цагаан алчуурт гоё сайхан сувдтай мөнгөн сүлбээрэн зүү хадаж гоёдог байжээ. Тэгэхээр энэ гоёлыг казакын настай авгайчуул биш охид бүсгүйчүүл нь гоёдог хэмээн буруу ойлголт өгчээ. Мөн кимешек-шылауыш гэдэг үгийн шылауыш-ийг гулауыш хэмээн буруу хэрэглэжээ. Үүнээс гадна казакын ёсонд гэртээ хүндэт зочин ирэхэд хуйхалсан хонины толгой, сүүж тэргүүтнийг чанаж өгдөг ба тэр зочин хамгийн түрүүнд хуйхалсан толгойг баруун завьжнаас нь хөндөж, гэр доторх бүх хүмүүст хишиг хүртээгээд, тэр айлын хамгийн том эрэгтэй хүүхдэд өгдөг заншилтай билээ. Тэгэхэд зохиолд өгүүлснээр бол Тэгээд өвгөн тэвшнээс хуйхалсан толгой авч өрөөсөн завьжнаас нь нэг хоёр огтолж тавагт унагаад Каскарбайд бариулав хэмээн энэхүү заншлыг буруу дүрсэлсэн байх жишээтэй. Р.Чойномын Алтай найраглалд Гулжан гэж монголоор Шинэ цэцэг гэсэн хэмээн утгыг нь буруу орчуулжээ. Гул-цэцэг, жан-амь гэсэн утгатай. Гэхдээ Бахытжан, Бауыржан, Айжан, Гулжан зэрэг хүний нэрэнд орсон жан нь хүний нэр үүсгэх залгаврын үүрэгтэй бөгөөд монголын Долгормаа, Цэцэгмаа, Сүнжидмаа, Бурмаа зэрэг нэрэнд орсон маа-тай адил. Тэгэхээр Гулжан гэдэг нэрийг орчуулбал цэцгэнд дуртай, утгачлан орчуулбал монголын Цэцэгмаа гэдэг нэрэнд дүйх юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд аливаа улс үндэстний талаар зохиол бүтээл бичихийн тулд зохиолч хүн тал талын мэдлэгтэй байх, мэдээлэл цуглуулах, тэдгээрийг чихээр сонсохоос илүүтэй нүдээр харж, амьдрал дундаас судлах нь илүү ач холбогдолтой болохыг харуулж байна. Жишээлбэл казакуудын амьдралыг гүнзгий мэдье, судалья гэвэл наад зах нь Казакстаны хэд хэдэн сайн зохиолыг уншиж судлах ба орчуулах нь ихээхэн тус дөхөм буй за.
МУБИС-ийн докторант Ж.Хиналган
Утга зохиол урлаг