Гурваар дарсан гөрмөл
Хурдан хөлгөөр давхисаар зорьсондоо хүрч хэзээний мэдэх айлдаа бууж сэтгэл амирлав. Холын замд сэгсрэгдэн баахан ядарч, хөшсөн биеэ тэнийлгэж, шороо тоосоо гөвж, гэрийн зүг яарамгүй алхсаар орвол танил эзэгтэй зуухныхаа аманд зогсоод тогоо шанага угсарч ямар нэг юм хийж байлаа. Хар өнгийн тэрлэгэн дээр шидмэсэн бүс ганц ороогоод өмнөө зангидсаны хоёр үзүүр санжиж, гддаад, дотоод хормой нь гутлынхаа хоншоорыг шүргэн алдан харагдана. Тэр үеийн 45″-ын гэх орос хийцийн хагас түрийтэй, хүрэн өнгийн хуучивтар гутал өмсчээ. Үсээ шууж, толгой дээрээ мушгин бөөгнүүлээд саатай нимгэн алчуураар битүүлэн боосныг бодоход урт үс ажил хийхэд тээртэй байдаг биз. Тэрээр Дөлийг харуутаа
-Өө сайн байна уу. Сайн явж ирэв үү? Ойрд үзэгдээгүй хүн хаанаас, гэнэт гараад ирэв дээ гээд олон үг урсгалаа. Дөл тэр бүгдэд хариу хэлсээр халуун гарыг нь чанга атгаж, алган дотроо бөмбөрүүлэн таалж, түүний хонин бор нүдийг алдахгүй харц унагаж байв. Хэн, хэн нь атгалцсан гараа тавихыг тэгтлээ хүссэнгүй, ярих ч үг олдохгүй, бишүүрхэж гэрэвшсэн хүүхэд шиг хором зуур түгдрэв. Удаан хүлээсэн мөрөөсөл ийм байдаг санж. Түүний шингэн цайвар царайнд хонин бор нүд, хэнд ч байхгүй юм шиг хөмсөг сормуус зохицсоныг яана. Харин өндрөвтөр цэх шулуун хамар нь үнэнч агаад ялдам, цэгц агаад энгэр чанд бүсгүйн төрх гэлтэй. Тэгээд нутгийн харчууд цэрвэж хорин нас хэвийтэл эр нөхөрт очоогүй биз. Дэлгэрмаа
-Та дээшээ суу гээд хойморт байх явган сандлыг дөхүүлэнгээ гараа зугуухан тавиад, гэрийн ажил ямар дуусах биш дээ. Ингэсхийгээд л өдөр өнгөрнө. Ядахдаа унших ном, сонин олдохгүй. Энэ зах зээл гэдэг чинь ямар ч юм дээ. Ёстой учир нь олдохгүй ороолон байна гэж хошигноод хөдэөгийн ажил амьдралын хатуу хөтүүг ярьсаар тогоонд үйсэн цай даргилан буцлав. Маажин будаг нь холцорсон, улаан шаргал өнгийн үндсэн тавганд гүйцэд хатаагүй зөөлөн ааруул дүүргэж, дээрээс нь тогооны нойтон өрөм тавиад хажуугаар нь цаастай чихэр хэд гурваар чимжээ.
Өнөө өглөөхөн нэг үнээ тугаллаа. Та азтай яваа юм байна гээд үнээ тугаллахтай тохиож ирснийг бэлэгшээгээд саяхан бөсөгсөн хэмээн түмпэнтэй уураг дөхүүлэв. Өнгөн дээрээ цэврүүтэж цоохортсон өтгөн шаргал уурагны захаар шар сүү мэлтэлзэнэ. Төдөлгүй шар тос халгисан хайлмагаар зочиллоо. Хайлмагийг хүндтэй зочиндоо барьдагсан гэж бодоход Дөл яав ч тэр зочин мөнөөс мөн. Дэлгүүрийн лангуу хоосорч нүдэнд давс төдийхөн өртөж, хүнсний бараа картанд ороод байхад малтай айлын хоймор цагаан идээгээр бялхаж байхыг анзаарч, монгол хүнд өлсөж цангахын зовлон нүүрлэхгүй юм шиг санагдана. Ардчилсан хувьсгал ялж, зах зээл эхэлсэн 1990-ээд оны эхэн үеийн ороо бусгаа хатуу цагт малгүй айл, ажилгүй хүн яах ч билээ дээ. Нэгдэл, сангийн аж ахуй тарж, ажилгүйчүүд даанч олон болжээ. Идээ будаа идэж, цай ууж, сайхан амсхийж, халуун дотно яриа, хол ойрын сонин хачин юу эсийг хөөрөлдсөөр нэг мэдэхэд оройн ажил эхэлж үнээ, тугал мөөрөлдөж, хувин сав түрчигнэж, гэр хотлоор хөл хөдөлгөөнд оров. Оройн наран хана сүлжиж, унь дамжин өгсөж, сүүдэр хүүшлэн уулсын орой, гуу жалгын хөвөө сүүдэртэнэ. Дэлгэрмаа овоолж боосон үсээ задгайлж тавиад угаар нь даруулгаджээ. Түүний хөдлөх аясаар ийш тийш бутран ханарч Дөлийг гайхшируулан, сэтгэлийг уяраана. Энэ орой уулзалт, үдэшлэг гээд ямар нэг үзмэрт явах тухай огтхон ч яриа дэлгээгүй байх атал гэнэт бүсгүй үсээ угаах нь юусан билээ гэж бодсон Дөл битүүхэндээ санааширав. Дэлгэрмааг тонгойход үс нь эгэм рүүгээ салааран сунаж, аадрын үүлнээс харанхуйлан тунарах хур мэт буулаа. Өндийхөд нь хоёр мөөмөн дээгүүр дэлхэж намирлаа. Дэлгэрмаа сул үсээ хямгадан багцалж, дал мөрөн дээгүүрээ давуулан шидэхэд зоо нуруугаа даган урсаад хонгон дээрээ хагас гогцоорон тахимаа ороож намирлаа. Түүний баруун тийшээ хазайн тонгойж, баруун гараар үсээ хямгадан багцлан барихад, үс нь өлмийгөө шүргэн газарт шингэх шиг, бас зүүн тийш хазайн тонгойж зүүн гараар үсээ хямгадан барихад үс нь өсгийгөө шүргэн урсаж уусах мэт, хаашаа л бол хаашаа халгилан цалгилж намиран үелзэнэ. Дөл тэссэнгүй ам нээж
-Дэлгэрмаа! Чиний үс урсгал дөлгөөн мөрөн гол шиг юмаа. Үсээ сүлждэггүй юм уу? гэвэл
-Мөрөн голын ус уу гэж нухацтайхан жуумалзан нүд буландаад, замдаа шургаж, ширгэчихгүй бол урсана чиг, уяраана чиг гэх нь нууцхан хүсэл мөрөөдлөө дэлгэв үү гэлтэй. Үс сүлжих завгүй гэх үү дээ. Гэр зуураа бол задгай үс залхуу хүнд амар юмаа. Харин найр наадамд холхон гарвал заавал сүлжинэ шүү дээ. Сүлжсэн үс бас түвэгтэй ээ! Ийш тийшээ савчаад, урт юм болохоороо энд тэнд орооцолдоно, амгэргүй ээ. Гурваар дарсан гөрмөл ямар байдгийг маргааш хараарай л даа гээд нутаг нугадаа бол минийх л гэх аястай инээд алдав. Орой боллоо. Лааны сүүмгэр гэрэлд гэр доторхи юмс бүдэгхэн харагдавч сүү саалийн ажлыг түвэггүй амжуулж дуусгаад, оройн хоол цай залгав.Дахиад хугас лаа нэмж асаан гэр дүүрэн гэрэлтэж, Дэлгэрмаа үсээ шууж овоолоод, саатай нимгэн алчуураараа битүүлж ороосон харагдана. Хөл татарч, хааяа хааяахан үхэр мөөрч, адуу янцгаан, айлын банхрууд алсын анир авч хуцах нь тэр шөнийн нам гүм уйтгарыг цочоон сэтгэл санаа сэрвэлзүүлнэ. Гэрийн хойморт бие биеийг мөрөөдсөн, танадсан хоёр, бас уянгалаг аясаар хөөрөлдөн, өвдөг тохойг шүргэлцүүлэн сууна. Нэгэн лаа асаж дуусаад ёзоорт нь мэлтэлзсэн тос хажуу тийш гялтганан урсаж, хацарт зам татуулан бөмбөрөх нулимсан дуслыг санагдуулна. Хугас лаа ч удалгүй дуусах бололтой өчүүхэн тав үлджээ. Дэлгэрмаа хоймрын орыг засаж дэр тавиад Та энэ орон дээр унтаж амар даа гэлээ. Өөрөө зүүн орон дээр унтахаар зэхэв бололтой. Дөл амрахаар хувцсаа тайлж хажуулахад лааны тос тал тал руугаа цувиран урсаад сувдан зүүлт хөврөх шиг. Хошуулдсан өрхний завсраар шагайх сарны гэрэл сувдан даруулгын толион дээр тусахуйд оч харвах лугаа зурвас цагаан гэрэл харанхуйг зүсэн цахилна. Дэлгэрмаа
-Таны дэр намдаж байна уу гээд хариу хэлэх завдалгүй зүүн орны дэрийг авч Дөлийн дэртэй ихэрлүүлэн тавьж тонгойход түүний мөрөн гол шиг үс нь ямагт энхрийлэн далдалж явдаг эрхэмсэг цээжээ бүрхэн харанхуйлж цалгилав. Орны өмнүүр эргэлдэн үснийхээ угаар хавчсан алгын чинээ том сувдан даруулгыг мултлан аваад, толгойн дээд ширгүү рүү хийхдээ тэрээр нөмгөн, энгэр заам задгай, хөхний даруулгагүй байх нь сэтгэл зүрхийг галзууруулан хөөргөж, нэг гараар нөгөө гараа чандлан баривч хүчгүйдээд байх. Түүний үснээс уулын горхины цэвэр тунгалаг сэнгэсэн агаар хамарт сэрүү татан цоргиж, тэр бүр эмэгтэй хүнд тохиодоггүй анхилам зөөлөн үнэр хөнжил дүүрэн давалгаалахыг яана. Өсгий өлмий шүргэн сугсран үелзэх, мөрөн голын ус лугаа намирсан урт хар үс хос дэрийг нөмрөн задгайрч, биеийг элдэвчлэн гижигдэж, эрийг мансууруулах ажээ. Дуу алдам тэр сайхан үс, хоёр гарын тохой шуун доороос зөөлөн орооцолдоно. Орооцолдохуйд улам улам тачьяан сэтгэл алдарч, Дэлгэрмаагийн хацарт наалдан хөврөх үсэн шамрагыг алгаараа хоёр тийш илбэн номхотгож, санчигт хүргэж таалах нь эр хүний хүсэл сэрлийн торгон агшин байжихуй. Мөрөн гол эргээ дэлдэн мушгиралдан цалгилж, эрчлэн эргүүлэгтэн шуранхайлах усан хээ, ор хөнжлийн дотор түмэн живаа өнгө төрхөөр угалзрахыг хэн эс мэдлээ. Шөнийн бороонд шалба цохиулж гүзээ болтлоо дэвтсэн аргамж сур мэт сунаж дэлхсэн хар торгон үсийг хараад бие сэтгэл тавирч уужран, үүрийн шаргал туяаг хором хормоор саатан алгуурлахыг мөрөөдөвч ертөнцийн жам учир хүсэхэд хясах-тай агаар нэгэн бөлгөө. Үүр цайдгаараа цайж, нар манддагаараа мандав.
Зохиолч А.Далхжав
Гачуурт тосгон. 1990 он
Утга зохиол урлаг