Зохиолчид аялгуу сайхан монгол хэлнийхээ төлөө эрслэн босоцгооноо
Улсын Төв номын санд Монголын бичиг соёлын мэргэдүүдийн томоохон цугларалт боллоо. Ингээд зохиолчдын үзэл бодлыг Утга зохиол, урлаг талбиж байна. Ш.Сүрэнжав(Монгол улсын Арлын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч)-Сонин хэвлэлд хэтэрхий хар бараан зүйл бичдэг болж. Гэгээлэг юм бичдэг сонин гэж ер нь алга. Бид чинь одоо нас намбаа бодсон ч, нүгэл буянаа бодсон ч тэр, ёс зүйгээ бодсон ч муу зүйлд дургүй шүү дээ. Нийгмийн сэтгэлгээ ч ийм болж, нийгэм өөрөө хэл соёлоо эвдэж байна. Монголоороо орчуулаад хэлэхээр ойлгохоо больчихож шүү дээ. Одоо тэр имиж гэдэг үгийг монголоор хэлэхэд ойлгодоггүй. Миний хувьд хэвлэлд хандахаасаа телевизэд хандах нь дээр байдаг. Яриаг буулгахдаа бүр хачин болгочих юм. Ингээд бодохлоор нийгмийн ёс зүйг хамгаалах хэрэгтэй. Хууль яахав. Дор хаяж гэрийн ёс зүйгээ сахиж, хүүхдийн хүмүүжилд анхаармаар. Үндэснийхээ түүх, соёл, уламжлалын сонин хэрэгтэй байна шүү. Манай зохиолчид ч тэр дууны үг рүү хошуурч, бизнес хийх нь элбэг болоод байна. Аялгуу, үг нь ижил дуунууд сонссрор байтал уйдлаа, болиоч гэе.
Д.Гармаа (Төрийн шагналт зохиолч)-Гудамжны зарлалаас эхлээд л хэл, соёлоо уландаа гишгэсэн байх юм. Эх хэлээ хамгаалах тухай ярихгүй бол болохгүй нь. Бидний гараас гарч буй эдгээр хүмүүс, тэр засгийнхан эх хэлийг юу болгож байгааг харж л байна. Ийм учраас ямар нэгэн арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай. Энэ жилийн ярьсан зүйлийн хэрэгжилтийг ирэх жил нь дүгнэж цэгнэж баймаар байна. Улс төрийн хэмжээнд гэр бүл, дунд сургуулийг сайжруулна гэж үзэж байгаа бол Монголынхоо хэл, соёлыг бизнес рүү татан оруулахгүйгээр мөн сонгодог бүтээлүүд болон Монголын нууц товчоо, Гэсэр, Жангар зэргийг тэгээд Д.Нацагдоржийн гэх мэт бүтээлүүдийг мөн айл гэр бүрт хүртээх ажлыг хийвэл яасан юм. Төр энэ багтааж ядсан мөнгөнөөсөө гаргана биз. Айл бүрт хамгийн хямд үнээр түгээж чадаагүй байж өнөөгийн хүүхдүүд ном уншихаа больсон гэж хэлэх ч бас өрөөсгөл. Нөгөө талаар манай дунд сургуульд өнөөг хүртэл тайлбар толь байхгүй. Мөн дунд сургууль хичнээн жил хөгжлөө гээд яриад л байна. Тайлбар толь ашигладаг сурагч ч гэж алга. Ийм байхаар чинь багшийн ярьдаг хэдэн үгнээс цаашгүй болох нь ч зөв биз. Иймээс монгол хэлний болон уран зохиолын дунд сургуульд үзэх тайлбар толийг нэн яаралтай хиймээр байна. Улсын олимпиадуудаас хамгийн ядуу болдог нь өнөө монгол хэлний олимпиад байдаг. Төрийн бус байгууллага, нөгөө зохиолчид нь ч тоодоггүй. Тэгээд эхний зургаан хүүхэд улсын сургуульд төлбөргүй сурдаг болохоор тэрний төлөө л дөнгөж ирээд буцдаг болсон. Тэрний ач холбогдлыг мэдэрдэг. Үүнд хамт олон, олон нийтийн төлөөллийг өргөн хамруулмаар байна. Одоогийн дунд сургуульд уран зохиолын хичээл байхгүй болох гэж байгаа шүү.
Т.Галсан (Монгол улсын Арлын уран зохиолч)-Сэтгүүлчид минь бичиж, ярьж байгаагаа сайн бодож байгаач! Телевизийн нэвтрүүлэгт орж байгаа хүмүүстээ Элдэв сул үг битгий хэрэглээрэй. Тэгвэл таны дүрс хасагдах байх шүү гэж сануулж байвал цаад хүн чинь ойлгоно шүү дээ. Төрдөө тусалъя гэж хэлмээр байна. Ингээд энд байгаа утга зохиолын зүтгэлтнүүд маань нэгийг бодоосой. Улс төрийнхөн маань сонгууль ойртоод ирэхээр бидэнд чиг нөгөө дуртай юмыг нь уулгаад, уулздаг шүү дээ. Энд нь хэл, соёлын талаар ярилцмаар байх юм.
Дарь.Сүхбаатар (МоАХ-ны ерөнхий зохийуулагч)-Монгол бичгийг залуучууд бид чинь сонсоод сууж болохгүй өөрсдөө сураад бусдыг ятгаад эх хэлээ сурах хэрэгтэй. Энэ улсад төр байхгүй болж. Хэлний төлөө эндээс гараад шууд тэмцье гээд жагсах нь гол биш. Монголоороо байя, монгол удмыг төрүүлж өсгөө гэвэл өөрөөсөө эхлэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
Г.Аким (Соёлын гавъяат зүтгэлтэн, нэрт орчуулагч)-Сүүлийн үед уран зохиол, монгол хэл бичгийг нэг нэгдмэл цаг болгоод заах гэсэн тийм юм яригдаж байсан шүү. Өсвөр үеийн уран зохиолын хүмүүжил нь багасаад байна. Хэл бол хэцүү болжээ. Зурагтын нэвтрүүлэгчид, орчуулагч нар хэлийг их эвдэж байна аа. Энд маш анхаармаар байна.
А.Дашням (Доктор, профессор)-Сүүлийн үеийн сэтгэлгээний яруу найргийн бүтээлд логик, найруулгын хувьд алдаатай, гадаадыг шүтэх үзэл их ажиглагдаж байна. Үүн дээр зохиолч гэж хэлэгдэж байгаа залуучууд минь анхаараач. Хүүхдийн зохиолчийн ном алдаатай гарахаар хүүхэд яаж, хэрхэн ярианы хөгжилтэй болох нь ойлгомжтой биз дээ.
Г.Ишхүү (МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч)-Жагсаал цуглаан моданд ороод байгаа энэ үед бичиг үсгийнхээ төлөө жагсая. Бид нар мөнгө төгрөг, ашиг хонжоо бодож жагсаагүй. Төрийн түшээ ойлгож, нэгийг бодно биз Ийнхүү амнаас нь гарч байгаа үг бүхэн нь алтаар амилж байдаг зохиолчид маань өөрсдийн дуу хоолойгоор чөлөөтэй ярилцсан юм. Мөн энд дурдаж байсан зүйлээс иш татвал Болор цом наадмын шүлгүүд хэл, соёлыг уландаа гишгэж байна. 29-р сургуулийнхан хэлний мөхлийг зарлаж байна гэдгийг дурдсаныг уламжлахгүй бол алдас болно биз ээ.
Тэмдэглэсэн Г.Даариймаа (МУИС)
Утга зохиол урлаг