Ц.Нямдорж даргыг огцруулах эсэхийг УИХ-ын гишүүдийн нууц санал хураалтаар шийдвэрлэнэ
Магадгүй Цэцийн түүхэнд албан тушаалтныг огцруулах үндэслэл болно гэсэн анхны дүгнэлт энэ байх.
дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргаснаар Ц.Нямдорж дарга цаашид спикер байх эсэхийг шийдэхээр УИХ-ын гишүүд кноп дарах зайлшгүй нөхцөл гарч ирэв. Гэхдээ УИХ-ын даргын хувь заяаг гишүүдийн нууц санал хураалтаар шийдвэрлэнэ. Эл асуудал Цэц дүгнэлтээ ёсчилсноос хойш 24 цагийн дотор УИХ-д ирүүлж, долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж санал дүгнэлт гаргах дэгийн заалтын дагуу явагдана. Нэгдсэн чуулганаар Байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцэж гишүүдийн олонхи дэмжвэл УИХ-ын даргыг огцруулах юм.
Дээр нь хөх тэнгэрээс өөр юу ч байх ёсгүй гэдэг ч улстөржсөн дүгнэлт гаргасан гэсэн шүүмжлэлийг сүүлийн үед нэлээд сонсоод буй Үндсэн хуулийн Цэц өчигдөр их суудлаараа хуралдаж иргэн Б.Лхагважавын өргөдлөөр Аж ахуйн нэгжийн орлогын болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн эцсийн найруулгыг УИХ-д танилцуулснаас хойш Ц.Нямдорж дарга засвар хийсэн нь Үндсэн хууль зөрчсөн эсэхээр маргаан үүсгэснийг ийн хэлэлцэв. Түүнчилэн иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нарын өргөдлөөр Үндсэн хууль зөрчсөн нь УИХ-ын даргыг огцруулах үндэслэл болох эсэхийг ч мөн хэлэлцсэн юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Л.Пүрэвдорж, Тамгын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа нар оролцлоо.
Хуралдаан эхлэснээс хойш УИХ-ын дарга хүрэлцэн ирэв. Өргөдлийг хүлээн авч маргаан үүсгэсэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Сарантуяагийн мэдээллийн дараа асуулт хариулт эхлэв. Зүүсэн зангиатайгаа адил өнгөтэй болтлоо минчийн улайсан УИХ-ын дарга жаахан бухимдуу байлаа.
Цэцийн гишүүн П.Очирбат
– Өнгөрсөн долдугаар сарын 20-нд УИХ-ын чуулганаар яг ямар асуудлыг хэлэлцсэн бэ. УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцангийн ирүүлсэн материалд хуулиудын эцсийн найруулгыг сонсгосон гэсэн байна. Гэтэл чуулганы хуралдаан дээр Ц.Нямдорж дарга Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын редакцийг гишүүдэд тараасан. Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн төслийн талаар санал байна уу гэх зэргээр янз бүрээр тайлбарласан нь протоколд байна. Эцсийн найруулгыг сонсгосон юм уу, редакц танилцуулав уу, эсвэл төсөл хэлэлцүүлэв үү.
Ц.Нямдорж
– Зургадугаар сарын 22-ноос долдугаар сарын 8 хүртэл УИХ арван хуулийг хоёрдугаар хэлэлцүүлгээр нь баталсан. Эдгээрээс Онцгой албан татварын тухай хууль, Санхүүгийн түрээсийн тухай хууль, Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Өршөөлийн тухай хууль гээд таван хуулийн редакцийг долдугаар сарын 20 хүртэл эцэслэн хийгээд гарын үсэг зурах л дутуу байсан. Би нэр дурдсан таван хуулийн төсөл дээр суугаад нөгөө хэд дээр нь ажиллаж чадаагүй байсан юм. Гурав, дөрвөн янзаар протоколд тэмдэглэсэн нь төсөөрч хэлсэн байж болно оо. Тэр өдрийн чуулганаар хуулиудын эцсийн найруулгыг танилцуулсан. Бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр засвар хийнэ гэдгийг хэлсэн. Хууль хоорондын зөрчил байхгүй бол дээр хэлсэн засварыг хийгээд цаашаа явуулна гэдгийг хэлсэн байдаг.
П.Очирбат
– Тэр өдөр янз бүрийн шалтгаанаас нөхцөл байдал урьдынхаас арай өөр байжээ. Ярилцаад дэгээ барих уу, зөрчөөд өөр байдлаар шийдэх үү гэж хоёр сонголт л байж. Дэг барихгүйгээр засвар хийснээ танилцуулахгүй явуулна гэж зөвшөөрөл авсан гэж хэллээ. Энэ зөвшөөрлөө яагаад УИХ-ын тогтоолоор ч юм уу баталгаажуулаагүй юм бэ.
Ц.Нямдорж
– Дэгд заасан гурав хоноод ёсчилно гэдгээс өөр процесс болсон нь үнэн. Гэхдээ хууль зөрчсөн юм байхгүй. Дэгийн 51-д өөрчлөлт оруулж байж л зөвшөөрөл авсан тогтоол гаргаж болно шүү дээ.
П.Очирбат
– Хийсэн засваруудаа агуулгыг нь огт өөрчлөөгүй гэж та хэллээ. Гэтэл НӨАТ-ын тухай хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна гэдгийг гадаад улсад гэж засчээ. Тайвань, Макаод ийм үйлчилгээг явуулбал тэдгээрийг тусгаар улс гээд манай улс зөвшөөрч байгаа юм болох вий. Мөн 30 хүртэл хувь гэдгийг 30 хувиас хэтрүүлэхгүй гэж засчээ. Энэ агуулгын өөрчлөлт биш үү.
Ц.Нямдорж
– Би үүнийг үгийн өөрчлөлт л гэж бодож байна. Монгол Улсын гадна гэхээр нэг л болж өгөхгүй байгаа юм.
Ж.Бямбадорж
– Зассан нь зөв ч байж магадгүй. Гэхдээ санал хураахгүй засч болж байгаа юм уу. Зарим зүйл заалт нь бүрмөсөн алга болчихоод байхад ёсчлоод л гаргаж байна. Ёсчлохоосоо өмнө УИХ-ын баталсан хууль мөн үү гэдгийг дарга хянах үүрэгтэй юу?
Ц.Нямдорж
– Гарын үсэг зурах хүртэл засвар хийх нь УИХ-ын даргын үүрэг юм даа. Хуулийн төслийн үг хэллэг хуульд үл нийцэж байгааг нь мэдсээр байж засахгүй шууд явуулбал би Үндсэн хууль зөрчинө биз дээ.
Ж.Бямбадорж
– Та ёсчлохоосоо өмнө батлагдсан хууль мөн үү гэдгийг хянах үүрэгтэй юү.
Ц.Нямдорж
– УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн гэдэгтэй холбох асуудал биш баймаар юм. Зүйл заалт гээгдсзн бол Тамгын гаэар, Байнгын хороотой ярих асуудал.
П.Очирбат
– Цэцийн 03 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр суурь тань хэвээр үү. О.Чулуунбатыг еөрчилснөөс хойшхи өс Цэцийн дүгнэлт болж гарлаа гэж. Та хэлсэн байсан. Баримт байгаа юу.
Ц.Нямдорж
– Би сүүлийн асуултад хариулахгүй. Өөр газар ярих асуудал. Хийсэн засваруудаа цэг, таслал бүрээр нь хариуцахад бэлэн гэдэг байр суурь хэвээрээ.
УИХ-ын даргын итгэмжлэгдсэн төлөвлөгч Л.Пүрэвдорж
– Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиас зүйл заалт алга болсон гэлээ. Ц.Нямдорж даргын хийсэн засвар дээр байж байна лээ. Ёсчлохоор оруулж ирсэн хувь дээр алга байна лээ. Энэ нь техникийн алдаа байх. Мөн зардал гэдгийг үнэ болгож өөрчилсөн нь үгийн засвар болохоос агуулгынх биш.
Үүн дээр Ц.Нямдорж дарга тайлбар өгөв. Засваруудыг зөвхөн би хийгээгүй. Энэ хурлаар УИХ-ын даргын хийсэн засваруудын талаар хэлэлцэж байгаа учир ялгаж салгаж ярих ёстой гэв. Ж.Бямбадорж дарга түүний эл үгийг ч зөвшөөрөв. Гэхдээ ёсчлохоосоо өмнө хянах асуудал бийг санууллаа.
Ц.Нямдорж даргын засвар хийсэн төсөл дээр байсан гурван заалт ёсчлох хувилбар дээр алга байсан нь Тамгын газрын буруу гэдгийг ч тэрээр онцолсон юм. Тамгын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа үүнийг техникийн алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрөв. Хуулийн эцсийн найруулгыг хийх явцад гаргасан алдаанаас болж Төрийн мэдээлэл сэтгүүл дээр арав гаруй удаа хуулийн залруулга гаргаж байсан баримтыг Ж.Нарантуяа дарга хэлэв.
Л.Пүрэвдорж гишүүн техникийн алдаанаас болж гарсан алдаа нь Үндсэн хуулийн Цэцэд хамаагүй биш үү гэж асуугаад буруутлаа. Цэцийн гишүүн Ж.Амарсанаа Та асуулт асуух эрхгүй хэмээн Л.Пүрэвдорж гишүүнийг зэмлэв. Татварын хуулиудын нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахалж байсан Л.Пүрэвдорж гишүүн техникийн алдаанаас болж хуулиас гурван зүйл алга болсныг Их суудлын хуралдаан болохын урд өдөр л мэдсэн аж. Хуулийн төсөлд байсан мөнгөн тэмдэгт үйлдвэрлэвэл гэдэг үгийг хассанаа Ц.Нямдорж дарга Манай улс мөнгөн тэмдэгт үйлдвэрлэдэггүйгээс гэж тайлбарлалаа. Үүнийг нь иргэн Б.Лхагважав эх орноо чамласан явдал гэж дүгнэв. Монгол үргэлж иймээрээ байхгүй гэсэн түүний бухимдалд УИХ-ын дарга Мөнгөн тэмдэгт үйлдвэрлэдэг болох үед хуульд нэмчихэж болно гэж хариу барилаа. Үүний дараа Цэцийн орлогч дарга Н.Жанцан Ц.Нямдорж дарга засвар хийх эрхийг УИХ олгосон учир хариуцлагыг УИХ-тай ярь гэлээ. Үнэхээр тийм биш үү гэж өргөдөл гаргагч талуудаас асуув. Үүнд нь иргэн Д.Ламжав УИХ-ын даргын алх тогшиж зөвшөөрөл авах, олонхиороо баталсан дэг хоёрын ялгаа нь маш их гэсэн товчхон хариу өгөв. Хувийн хэргээс харахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга таван удаа зассан аж. Н.Жанцан гишүүн яагаад ингэж олон удаа зассаныг УИХ-ын даргаас лавлав.
Ц.Нямдорж
– Нэг үг буруу байх вий гэсэндээ би оруулж ирсэн хуулийн төсөл болгоныг ингэж нягталж үздэг. Дарга гэдэг нэр зүүгээд оруулж ирсэн зүйл дээр нь гарын үсэг зураад сууж байх шиг амар зүйл байхгүй. Гэхдээ би тэгж чадахгүй юм билээ. Монголын төрийг ганц ч гэсэн сайн хуультай болгох юмсан гэсэн сонирхол л надад бий.
Н.Жанцан
– УИХ-ын хуралдааны дэг тогтоол биш хууль байх ёстой юм биш үү.
Ц.Нямдорж
– Ийм асуудал Цэц дээр ирсэн юм билээ. Төрийн байгуулалтын байнгын хорооноос тайлбар өгөх байх. Би хувьдаа хууль байх ёстой гэж үздэг хүн. Дэгийн тогтоолыг батлах гэж байхад би хуулийн хэлбэрт оруулаад ажлын хэсэгт өгч байсан. Тэд тогтоолоор явах нь зүйтэй гээд л түүгээр нь баталсан.
Түүний хариултыг Н.Жанцан гишүүн дэмжлээ. Үндсэн хуулийн дагуу УИХ-ын дэг хууль байх ёстой гэж тэрээр үздэг ажээ.
Ж.Бямбадорж
– УИХ-ын дарга засвар хийлгүйгээр, Тамгын газрын буруугаас алга болсон чигээр нь ёсчилсон байсан бол та нар Үндсэн хуулийн Цэцэд хандах уу?
Р.Бурмаа
– Баталсан хууль мөн үү гэдгийг ёслохоосоо өмнө УИХ-ын дарга хянах үүрэгтэй.
Энэ хариулт Ц.Нямдорж даргыг тодруулахад хүргэлээ. Би нэг л хүн шүү дээ гэсээр УИХ-ын дарга тайлбар хийв. Хэдхэн хоногийн хугацаанд арван хууль дээр ажиллах ёстой болсон. Тав дээр нь л ажиллаж амжсан. Миний оронд өөрсдийгөө тавиад ийм хугацаанд хуулиудад засвар хийнэ гээд бод доо гэж учирлав.
Ц.Сарантуяа
– УИХ-аас томилогдон ирсэн төлөөлөгчид Цэц Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлыг л ярих ёстой гэдэг. Нэг жишээ татъя. Төрийн өндөр албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хууль зөрчинө. Мөн Үндсэн хуулийг зөрчөөгүй гэх үндэслэл байхгүй. Албан тушаалтан салбар хуулийг зөрчилгүйгээр шууд Үндсэн хууль зөрчих жишээг хэлж өгнө үү.
Ц.Нямдорж
– Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх маргааныг Цэц шийдвэрлэхгүй гэсэн хуулийн заалт бий шүү.
Албан тушаалтны гарыг чөдөрлөдөг хууль гэдэг утгаараа Үндсэн хууль бусад хуультай давхар үйлчилдэг гэсэн Ц.Сарантуяа гишүүний тайлбарт Ц.Нямдорж дарга Таны онолоор гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтан Цэцээр ч, Эрүүгийн хэргийн шүүхээр ч орох нь ээ гэсэн хариу өглөө.
Цэцийн гишүүн Д.Наранчимэг
– УИХ-ын гишүүдийн олонхи чуулганы хуралдааны тэмдэглэл албан ёсны нотлох баримт биш гэж хэлж байсан. Хуралдаан дээр хэлж ярьсан нь албан ёсны нотолгоо болж чадах уу?
Ц.Нямдорж
– Би үүнээс өөр эх сурвалж байхгүй гэж боддог шүү. Дээд шүүх тайлбар гаргахдаа гишүүд ямар байр сууриар асуудалд хандаж байсныг иш үндэс болгодог гэж ойлгодог.
Үүгээр асуулт хариултыг дуусгаж мэтгэлцээний шатад шилжлээ.
Б.Лхагважав
– Сүүлд засвар хийхээр зөвшөөрөл авахдаа эрх зүйн ямар актыг үндэслэв?
Ц.Нямдорж
– УИХ-ын даргын үүрэгт баталж буй хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлнэ гэж заасан байдаг. Үүнийг би үүргээ гэж боддог.
Б.Лхагважав
– УИХ-ын дарга ч, иргэн ч хуулийн өмнө тэгш эрхтэй. Аж ахуй эрхэлж байгаа хүмүүс хоёрдугаар сарын 10-нд тайлангаа гаргаж өгдөг. Үүнээс хоцорвол 0,5 хувийн алданга тооцдог юм. Ямар ч шүүх дээр очоод би ажилтай байсан учир тайлангаа гаргаж амжсангүй гэж хэлээд ч алданга тооцдог. Гэтэл УИХ-ын дарга Олон хуульд редакц хийгээд амжсангүй гээд хуульд заасан хугацааг хойшлуулж болдог юм уу.
Түүний энэ асуултыг Ж.Бямбадорж дарга Шударга ёс алдагдсан гэдэг чинь энэ шүү дээ гэж дэмжив.
Б.Лхагважавын өмгөелөгч Б.Баярсайхан
– Баталсан хууль болгоны ард таны гарын үсэг байдаг. Гарын үсэг зурахаасаа өмнө баталсан хууль мөн үү, юу нэмэгдэж, юу хасагдсан байна гэдгийг нягталдаггүй юм уу, гарын үсэг зурах хариуцлагыг та юу гэж ойлгодог вэ.
Ц.Нямдорж
– Гарын үсэг зурах хариуцлагыг би дэндүү сайн ухаардаг учраас л хуулийн төслийг дөрвөөс таван удаа уншдаг юм шүү дээ. Энэ маань заримдаа өөртөө илүү хариуцлагыг татаад байх шиг байна. Заримдаа шууд гарын үсэг зурчихдаг байж гэж бодогдоод байгаа юм. Харин баталсан хуулийг ёсчлох хуультай нийлээд байх нь миний ажил биш, хийдэг тусдаа хүмүүс бий. Цэцэрхэх, хичээл заах, ажил хийх гурав ондоо гэдгийг бас хэлчихье.
Д.Ламжав
– Таныг яг ямар засвар хийхийг чинь гишүүд мэдэж байсан уу?
Ц.Нямдорж
– Засах зүйл байгаа гэдгийг мэдэж байсан. Би ч тэгж зөвшөөрөл авсан.
Р.Бурмаа
– Хуулийн хувийн хэрэгтэй танилцахад эх хувь нь байхгүй ноорог байсан. Та эх хувийг миний өв хөрөнгө гээд сэтгүүлчдэд дэлгэж үзүүлж байсан. Ямар хуулийн заалтаар хувийн өмч болгосон юм бэ?
Ц.Нямдорж
– Би өөрийн ажиллаж байсан бүх хуулийн хувийн хэргийг өөртөө авдаг. Эх хувиа Тамгын газарт өгнө гэсэн заалт байхгүй. Би гишүүнийхээ хувьд өөрийн ажиллаж байсан хуулийн хувийн хэргийг өөртөө хадгалах эрхтэй. Гишүүдийн эрхэд халдах эрхгүй хүмүүс хэт халдаад байна.
УИХ-ын даргын хариултад Ж.Нарантуяа дарга нэмэлт тайлбар өгөв. Хувийн хэрэгтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт байдаггүй гэж тэрээр хэллээ. Ж.Бямбадорж дарга гар нооргийг Тамгын газарт хадгалуулах албагүй гэдгийг бас тодотголоо. Үүгээр асуулт асуух эрх УИХ-ын талд шилжив.
Л.Пүрэвдорж
– Ямар ч нөхцөлд хэрэг хийсэн сэдэл нь чухал байдаг. Монголын төрийг сайн хуультай болгох гэсэн Ц.Нямдорж даргын санаа нь өөрт нь ачаалал боллоо. Сэдлийг юу гэж ойлгодог вэ?
Д.Ламжав
– Гишүүдийн хууль батлах эрхийг хэрэгжүүлэхэд нь УИХ-ын дарга туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Үүнийг зөрчсөн нь их ноцтой үйлдэл.
Б.Лхагважав
– Сайхан санаагаар үйлдсэн хэрэг нь гай тарьсан түүх Монголд олон бий. УИХ-ын дарга энэ үйлдлээрээ миний эрхэд халдсан. Миний сонгосон гишүүний хууль батлах онцгой эрхийг Ц.Нямдорж дарга булаасан.
Ц.Нямдорж
– УИХ-ын Тамгын газарт хүсэлт тавиад хэн ч хуулийн хувийн хэрэгтэй танилцах боломжтой байдаг. Та бүхэн Тамгын газарт хүсэлт тавиагүй юм билээ. Хувийн хэрэгтэй яаж танилцсан бэ.
Р.Бурмаа, Б.Лхагважав нар УИХ-ын гишүүнээр дамжуулан хувийн хэрэгтэй танилцсанаа хэлсэн нь УИХ-ын даргыг нэлээд бухимдуулав. Бүх зүйл нээлттэй байхад улстөржсөн зарим иргэн нэг их эвгүй, муухай аргаар нууцаар хувийн хэрэгтэй танилцаад үүнийгээ нийгэмд буруугаар цацаж байна гэж эгдүүцэв. Тэрээр өөрийгөө хоосон, баримтгүй үг газарт хаядаггүй гэж тодорхойлоод үүнийгээ өөрийн хүмүүжил, мэргэжлийн онцлог гэлээ. Бас хуулийн бус хүмүүстэй маргах хэцүү юм гэж учирлалаа.
Төгсгөлийн үг хэлэх хэсэгт өргөдөл гаргагч талууд УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр Ц.Нямдорж даргын хэлсэн видео бичлэгийг үзүүлэв. Чуулганы нээлт дээр Ц.Нямдорж дарга Цэцийг буруутгасан үгийг хэлж байсныг Цэцийн гишүүдэд шийдвэр гаргахын өмнө танилцуулах нь тэдний тактик бололтой. Харин Ц.Нямдорж дарга Би ганцаараа хууль батлаагүй, хүчирхийллийн арга хэрэглэлгүй. УИХ-аас баталсан хууль, засвар хийсэн нь буруу бол дан ганц минийх биш, УИХ-ын буруу, зөв бол мөн л УИХ-ынх гэж хэллээ. Бас өнгөрсөн долдугаар сарын 20-нд эцсийн найруулга сонсгосон хуулиуд улс төрийн том шийдэлүүд байсныг онцлов.
С.Тамир