Төрийн тусгай хамгаалалтын хоёр хурандааг халжээ
Энэ долоо хоногт л гэхэд өдөр дараалан хоёр хурандааг ажлаас нь халжээ. Тэд бол Их тэнгэр цогцолборын дарга, хурандаа Сумъяа, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга хурандаа Уламбадрах нар юм.
АН-ынхан Их тэнгэрт хуралдсан өнгөрсөн даваа гаригийн орой ТЕГ-ын дарга асан Т.Билэгт нэлээд халамцжээ. Намын нөхөд нь чанараа таниулж, тасарсан журмын нөхрөө хаяж явснаас Их тэнгэрт, Ерөнхийлөгчийн өргөөний өмнө багахан шоу болжээ. Т.Билэгт тэр оройдоо Ерөнхийлөгчийн өргөөний цонхны дор төрийн тэргүүн, тэргүүн хатагтай хоёрт эсэргүүцлээ илэрхийлсэн иргэний сүрт жагсаал хийжээ.
Үүний хариуцлагыг цогцолборын дарга Сумъяа үүрч ажлаасаа халагдсан байна.
Төрийн ордны хамгаалалтын албаны дарга Уламбадрахын хувьд шалтгаан нь мөн л иймэрхүү. Ерөнхийлөгчийг нэгэн өглөө ажилдаа ирэхийн өмнө өрөөнийх нь үүдэнд нэгэн иргэн хүлээж суужээ. Н.Энхбаяр ахтай уулзах гэж байгаа юм хэмээсэн түүнд Төрийн ордонд нэвтрэх ямар нэгэн албан бичиг, зөвшөөрөл байгаагүй байна.
Төрийн тусгай хамгаалалтын алба бол ТЕГ-ын шууд удирдлагад байдаг. Иймд дээрх хоёр үйлдэл ТЕГ-ын даргын чихийг нэлээд халууцуулсан байна.