Хөвсгөлд өвөлжсөн онгоцноос болж засгийн газар шүүхэд дуудагдлаа

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд Хөвсгөл аймгийн Ханх сумын усан зогсоол дээр аргамжаатай байсан ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын байгаль ашиглалтын хүрээлэнгийн Дыбовский хөлөг онгоц живсэн билээ. Ёроол нь цоорч сүүл хэсэг нь усан дор орсон уг онгоцноос 600 литр дизель түлш далайд асгарсан гэж анх мэдээлж байсан. Гэтэл байдлыг газар дээр нь очиж үзсэн зарим мэргэжилтэн далайд 140 литр түлш асгарсан. Үлдсэн 360 литр нь шатахууны савандаа байгаа хэмээн мэдэгдсэн нь бодит байдалтай нийцэхгүй байгаа гэнэ. Онгоц живсэнээс хойш зургаан сар гаруйн хугацаа өнгөрсөн ч Монгол Улсын Засгийн газар дорвитой арга хэмжээ аваагүй учир Захиргааны хэргийн шүүхэд Засгийн газрыг хариуцагчаар татах болсноо Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөнийхөн дуулгалаа.
Хавар болж нуурын ус захаасаа гэссэн учраас онгоц улам доош живж шатахууны саванд үлдсэн түлш дахин далайд асгарах эрсдэлтэй болсон учир тэд асуудлыг ингэж хурцаар тавихаас өөр аргагүй болсон гэнэ. Живсэн Дыбовский хөлөг онгоцны дэргэдээс нэг метрийн зайд, онгоцноос зүүн өмнөд чиглэлд 50, 100 метрийн зай дахь уснаас дээж авч Байгаль орчны хэмжил зүйн төв лабораторид шинжилж үзэхэд нуурын усан дахь нефть, нефть бүтээгдэхүүний агууламж тавдугаар зэрэг буюу их бохирдолтой хэмжээнд байгаа гэнэ. Харин нефть асгарсан газрын эргэн тойронд 500 метр газарт плёнк үүссэн байгаа ажээ.
Мөн Ханх суманд амьдарч буй 1300 гаруй иргэний эрүүл мэндэд ч ноцтой хор хохирол учраад буй аж. Нууранд дизель түлш асгарснаас болж Ханх сумынхны ундны ус бохирдсоноос (нутгийн иргэд ундны усаа нуураас авдаг) тэндхийн оршин суугчдын хүүхдүүдийн биеэр харшил, тууралт гарах болсон талаар Ханх сумын эмч нар нотолж байгаа ажээ. Бас тэр хавийн малын нүд муудаж нүд нь улайх шинж тэмдэг ч илэрсэн гэнэ. Тиймээс Дыбовский хөлөг онгоцыг нуурын уснаас аль болох хурдан гаргаж далайн усыг бүрэн гэсэж амжаагүй байгаа дээр нь бохирдсон хэегийн мөсийг нь хуулах, нефть тунарсан хэсгийг нь шатаах зэргээр нуурын усыг нэн яаралтай цэвэрлэхийг Засгийн газарт анхааруулж байгаа аж.
Мөн Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөнийхөн ОХУ-аас актлагдсан хөлөг онгоцуудыг олноор нь оруулж ирж жуулчны зориулаптаар ашиглаж байгааг таслан зогсоож, нуурын эргийг тойроод хотын гэр хороолол шиг замбараагүй буусан жуулчны баазуудыг цэгцлэх талаар ч цаашид дорвитой арга хэмжээ авахаа мэдэгдсэн.
