Ж.Нарантуяа Цэцийн шийдвэр бол УИХ-аас гарах шийдвэрийн үндэслэл биш

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанд УИХ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяатай үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гээд эцсийн шийдвэрээ гаргачихлаа. Цэцийн шийдвэрийн талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа шийдвэрээ. гаргачихсан. Үүнд ямар нэгэн дүгнэлт өгөх эрх надад байхгүй. Хуульч хүний хувьд бол бодож буй зүйл бий. Цаашид анхаарах асуудал ч байна.
-Үндсэн хуулийн Цэц УИХ-д дүгнэлтээ албан ёсоор ирүүлсэн үү?
-Ирүүлээгүй л байна, Цэцийн дүгнэлт ирснээс хойш долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ. Харин нэгдсэн хуралдаанаар төдийд хэлэлцэнэ гэсэн заалт УИХ-ын дэгийн тухай хуульд байдаггүй юм.
-Үндсэн хуулийн Цэцийн орлогч дарга Н.Жанцан УИХ-ыг хариуцагчаар татах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. УИХ-ын гишүүд Ц.Нямдорж даргад хуульд засвар хийх зөвшөөрөл өгөөгүй юм билээ гэж байсан. Энэ үнэн үү?
-УИХ-аас баталсан хууль, шийдвэрийн талаар гарсан маргааныг Цэц шийдвэрлэдэг. Гэхдээ өмнө нь ийм маргаан үүсч байсан тохиолдол байдаггүй юм. Өнгөрсөн оны долдугаар сарын 20-нд гишүүдтэйгээ ярьж тохирсныг Ц.Нямдорж дарга Гишүүд зөвшөөрсөн гэж хэлсэн. Энэ бол үйлдэл. Үндсэн хуулийн Цэц шударга ёс, төрийн үйл ажиллагаа хуульд нийцсэн байх ёстой гэсэн ерөнхий зарчмыг баримталдаг. Үүнийг үндэслэж дүгнэлт гаргадаг учраас УИХ-ын үйл ажиллагаа төрийн үйл ажиллагаанд нийцсэнгүй гэдэг үндэслэлээр хэн нэгэн иргэн Цэцэд гомдол гаргахыг үгүйсгэхгүй.
-МАХН УИХ-ын даргыг яг ямар үндэслэлээр огцруулах гээд байгаатай нь танилцана гэсэн сурагтай. Цэц нэгэнт дүгнэлтээ гаргачихсан байхад ийм зүйл байж болох уу?
-УИХ-ын даргыг УИХ-ын гишүүний хувьд, мөн дарга гэдгээр нь томилох, огцруулах эсэхийг УИХ-ын тухай хуулиар зохицуулсан байдаг. Цэцээс гаргасан дүгнэлт нь хэдий эцсийн шийдвэр боловч УИХ-аас гарах шиидвэрийн үндэслэл биш. Төрийн байгуулалтын байнгын хороо л түүнийг огцруулах уу, үгүй юү гэдэг дүгнэлтээ гаргана. УИХ-д суудалтай нам, эвслүүд хувь хувийн байр сууриа илэрхийлж дүгнэлт гаргаж болдог. Тэгээд ч сонин хэвлэлээр байр сууриа илэрхийлэх нь хуулиар шийдвэрлэхээс тэс өөр зүйл.
-УИХ-ын дарга Ц.Нямдорж их суудлын хуралдааны үеэр ч, өмнө нь ч Тамгын газрынхнаа буруутгаж, ширүүн үг хэлж байсан. Тэд сайн ажилласан бол гээд халаглаад байх шиг байсан?
-УИХ-ын Тамгын газар бол УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг ажлын алба юм. Бидэнд хуулийн төслийг хэлэлцэх, боловсруулах үед ажлаа жигдрүүлэх, хууль боловсруулах тал дээр дутагдал бий. Үнэхээр цаг хугацаанд нь хуульд хийх засвараа хийсэн бол өнөөдөр ийм юм болоо ч уу, үгүй ч үү. Ц.Нямдорж дарга хашир туршлагатай хуульчийн хувьд хууль боловсруулах ажилд биечлэн оролцдог. Хуулийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу тэр хүн бидний хийсэн редакцийг нягталж, нухдаг байсан. Бидэнд ажилдаа хайнга хандсан, мэдлэг чадвар дутсан тал ч бий. Гэхдээ цаг хугацааны нөлөөлөл их байна аа. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн хугацаа хоорондоо их ойрхон зайтзй. Даваа гаригт ажлын хэсэг хуралддаг бол мягмар гаригт байнгын хороогоор хэлэлцүүлнэ. Пүрэв гаригт чуулган гээд… Энэ хугацаанд бид чинь бичиг цаас олшруулах, бичих, томъёоллыг боловсруулах гэх мэтчилэн маш олон ажлыг зэрэг амжуулах болдог. Мод, төмрөөр бүтчихээгүй, хүн л юм болохоор ядарна, эцэж цуцна. Ганц үг засахад л УИХ-ын гишүүний хэлсэн саналын утга алдчих гээд байдаг зовлонтой. Бид хуулийн эцсийн найруулгыг хэлэлцүүлгийн дараа хийдэг. Энэ үед бага ч болов цаг бидэнд гардаг даа, Сая дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулган эхэлсэн. Ганцхан Эд хөрөнгө шилжүүлэх тухай хуулийн төслийг л эцэслэн хэлэлцээ биз дээ. Цаана нь маш олон хууль төрөх гээд дуншиж байгаа. Эдгээр хуулийн төслийг эцэслэн батлахгүй бөөгнөрсөөр байтал чуулган завсарлах болчихдог. Угаасаа дамжлагаар хийдэг ажил биш учраас яах ч аргагүй. Өнгөрсөн оны хаврын чуулганы үед ч бас ийм л юм болсон шүү дээ.
-Дараагийн спикерийг ямар шалгуураар сонгох бол?
-УИХ-д хамгийн олон суудалтай нам нэр дэвшүүлнэ. Бусад намын хувьд олонхитойгоо зөвшилцөх учиртай.
-УИХ нууц санал хураалт явуулж байж Ц.Нямдорж даргыг суудалд нь үлдээх үү, үгүй юү гэдгийг шийднэ гэсэн байх аа?
-Тэгнэ. Үндсэн хуулийн Цэц 2007 оны гуравдугаар сарын 2-нд 03 тоот дүгнэлт гаргасан. Үүний нэгдүгээрт хэсэгт УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчиж, хууль тогтоох эрх мэдлийгдангаарэдэлж, засвар хийлээ гэсэн байдаг. Сая энэ шийдвэрээ давтлаа л даа. Тэгээд Ц.Нямдорж дарга нэгэнт Үндсэн хууль зөрчсөн юм чинь энэ үйлдэл нь огцруулах үндэслэл мөн гэсэн. Тодорхой албан тушаалтантай холбоотой учраас УИХ уг асуудлыг хэлэлцээгүй. Харин Цэцийн шийдвэрийг үндэслэж л огцруулах уу, үгүй юү гэдгийг санал хураалтаар шийднэ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор эхэлж хэлэлцчихээд дүгнэлт гаргах ёстой. Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, нууц санал хураалт явуулна.
-Нууц санал хураалтыг ямар хэлбэрээр явуулах вэ?
-Нууц санал хураалтыг хоёр янзаар явуулж болдог. Нэг нь цаасаар, нөгөө нь электрон хэлбэрээр. Чуулганы танхимын самбарыг хаалттай горимд нь шилжүүлээд гишүүдээс саналыг нь авна. Ингэхэд тухайн гишүүний нэр самбар дээр гарахгүй, зөвхөн тэдэн хувь нь зөвшөөрч, тэдэн хувь нь татгалзлаа гэсэн тоо л гардаг. Тэр самбарыг ингэж ашиглаж байсан удаагүй. Анх удаа л хәалтын горимд шилжүүлэх болж байна даа.
(Ардын эрх 104/636)
С.Баттулга