Жанцаннорвын аялгууг сонсоход

Монголын их хээр талд илд бамбай харшиж
Морьтон баатрууд уухай түрлэг өргөх шиг ээ
Тэргэл сарны туяа тооноор будран бууж
Тэнгэрийн заадлыг цуулан сүүлт од харваж
Тэмээн жин шиг үүлс бурантагаа чирэн нүүж
Тэрхийн гол цөнгөө хага түрэн нүргэх шиг ээ
Жанцанноровын аялгууг мэдрэн чагнахад
Нил ягаан өнгөөр дорнын тэнгэр хаяарч
Нисэн буух бялзуухай хайрын шүлгээр жиргэж
Нотны таван чавхдас байж ядан чивчирч
Ногоон дара эхийн нүдэнд эрдэнийн нулимс тунарах шиг ээ
Алсын хөх уулс зэрэглээнд сэмрэн үзэгдэж
Амирлангуй цагаан салхинд манханы элс нурж
Аргамжаатай морьд энгэрийн цасанд торгоны хээ тавьж
Аранжин улаан ботго эхээ дуудан буйлах шиг ээ
Жанцанноровын аялгууг догдлон анирдахад
Балжингарамын дэлбээнд шүүдэр эрхлэн бөнжийж
Баранзад хөх огторгуйд халзан бүргэд хальж
Буман цагаан зээр газар хөдлөх шиг хуйларч
Буурал халиун буга будан сарнитал урамдах шиг ээ
Хурын дараах чийг сэтгэл ариусган анхилж
Хурмастын өвчүүг дамнан давхар солонго татаж
Хултай айраг бидэртүүлэн хөөмийн эгшиг хадаж
Хүүхэд насаа гээсэн хэн гуайн охин эхэр татан уйлах шиг ээ
Жанцанноровын аялгууг бишрэн сонордоход
Гал үдийн наранд сайрын хайрга улайдаж
Гадаах аргалын оройд гүрвэл давчдан аахилж
Умрын тэнгэрийг улалзтал долоон өвгөн тамхилж
Уулсын оройг дамжин сар исгэрч хонох шиг ээ
Цэнхэр цэнхэр хөг айзамд хоолой зангирч
Цээжний онгод сэдрэн шүлгийн мөр ургана
Орчлонд дахиж төрөхгүй суут хүмүүний бүтээлд
Омог бардам тэргүүнээ доош гудайн мөргөмү
Эрдэнэсүмбэр 2007
Яруу найрагч Дорж-Юндэнгийн Болдхуяг